УНТЭ-ийн хамт олон ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭМЧИЙН НЭГ О.Сэргэлэнг “Хүндэт дэвтэр“-т алдаршууллаа
УНТЭ-ийн хамт олон О.Сэргэлэн эмчид Дэлхийн шилдэг таван мэс засалч эмчийн нэгээр шалгарсанд баяр хүргэж хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа. Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж "Бидний дундаас дэлхийн хэмжээний шилдэг эмч гарсанд их баяртай байна. Энэ бол бид бүхний, манай баг хамт олны хичээл зүтгэл хамтын ажиллагааны үр дүнгийн нэг илрэл юм. О.Сэргэлэн эмчдээ баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээ эмчилгээ судалгааны ажилд нь амжилт хүсээд УНТЭ-ийн “Хүндэт дэвтэр”-т алдаршуулж үлдээхээр боллоо" хэмээсэн юм.
Энэ үеэр Дэлхийн шилдэг таван эмчийн нэг Монгол улсын хүний гавъяат эмч О.Сэргэлэн эмч "Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлсэн гэхэд танхим дүүрэн хүн бүгд алга нижигнүүлэн талархан хүлээн авсан. Сайн баг, удирдлага, хамт олон, багш шавь нарын минь гавьяа гэж бодож зогслоо. Энэ бол зөвхөн миний шагнал биш та бүхний минь ч гэсэн шагнал юм шүү хамт олондоо баярлалаа." хэмээлээ.
Монгол улсын ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ,
АШУ-НЫ ДОКТОР, ПРОФЕССОР ОРГОЙН СЭРГЭЛЭН
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор Оргойн Сэргэлэн 1982 онд АУДэС-ийг төгссөн. 1997 онд Анагаах ухааны доктор, 2002 онд АШУ-ны доктор, 2004 онд АШУ-ны профессор цол хамгаалсан. 2007 онд ОХУ-ын ШУА-ийн Сибир Алс Дорнодын төвийн “Хүндэт профессор”, 2016 онд “American College of Surgeons” байгууллагын “Хүндэт гишүүн”, 2017 онд “American College of Surgeon” байгууллагын дэлхийн “Шилдэг мэс засалч эрдэмтэн”-ээр шалгарсан.
2002 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, 2004 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, 2005 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2006 онд “Алтан гадас” одон, 2015 онд Монгол Улсын “Хүний гавъяат эмч” цолоор шагнагдсан.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн нь ОХУ, БНСУ, Щвейцар, АНУ, Герман улсад ерөнхий болон элэг шилжүүлэн суулгах мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн.
2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг ШУТС-ийн санхүүжилтээр эхлүүлж 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгах багийг анхлан зохион байгyулж, үндэсний багийн ахлагчаар ажиллаж байна.
О.Сэргэлэн нь 2009 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамжийг боловсруулж 2010 онд ЭМЯ-аар батлуулсан. 2011 онд Монголд анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үндэсний багийн хамт БНСУ-ын “АСАН” анагаах ухааны төвийн эмч нартай хамтран гүйцэтгэсэн. 2015 онд 6 орны 18 төлөөлөгч оролцсон Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын анхдугаар хурлыг зохион байгуулж даргалан явуулсан.
Монгол Улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдэж 2017 оныг хүртэл нийт 36 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд үүнээс 2014 онд анх удаа хоёр хүүхдэд, 2015 онд нэг хүнд цогцосны дондороос элэг шилжүүлэн суулгасан.
ЭМЯ-ны Мэс заслын болон Эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Элэг шилжүүлэн суулгах багийн үндэсний ахлагч, Монгол Улсын Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхэд өөрийн авъяас билэг, сэтгэл зүрх, мэдлэг оюун, ур чадвар бүхнээ зориулан үнэтэй гавьяа байгуулж ажиллаж буй өндөр амжилт, зүтгэлийг үнэлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүндэт дэвтэр”-т №21-т бичиж, гэрчилгээ олгов.