Arslan.mn

Иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдснөөр эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй.

Өөрөөр хэлбэл даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500-65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

Гэвч энэ мэдээлэл иргэдэд дутмаг байдгаас зохих хөнгөлөлтөө эдэлж чаддаггүй байна. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон тэдгээрийг хэрхэн худалдан авах тухай, үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээ зэргийг багтаасан мэдээллийн самбарыг эмийн сангууд хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.

Мөн Эрүүл мэндийн сайд хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.