“Эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд ЧИХРИЙН ШИЖИН есдүгээр байрт байна“
Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрийг "Эмэгтэйчүүд ба чихрийн шижин" уриан дор тэмдэглэх гэж байна. Энэ өдрийн хүрээнд Монголын диабетологич эмч нарын холбоо, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын профессорын баг хамтран олон нийтийн оролцоог дэмжсэн, бүх нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг хоёр долоо хоногийн туршид зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын Диабетийн төвийн ерөнхийлөгч АШУҮИС-ийн ШУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг "Арваннэгдүгээр сарын 14 бол чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг инсулиныг анх нээсэн Канадын, Нобелийн шагналт эрдэмтэн Фредерик Бантингийн төрсөн өдөр юм. Тиймээс энэ өдөр Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэх өнгөрүүлэх болсон юм.
1991 оноос эхлэн Чихрийн шижингийн олон улсын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-тай хамтран жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн.
2007 оноос Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг НҮБ-ын ивээл дор тэмдэглэх болсон.160 оронд 1 тэрбум гаруй хүнийг хамарч зохион байгуулагддаг чихрийн шижингийн дэлхийн том арга хэмжээ юм.
2003 оноос Монгол Улсад Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүр тэмдэглэж байна.
Энэ жилийн Чихрийн шижингийн өдрийн уриа "Эмэгтэйчүүд ба чихрийн шижин". Бидний хүүхдийн ирээдүйн эрүүл мэнд эмэгтэйчүүдээс онцгой хамааралтай тийм учраас энэ жил эмэгтэйчүүдийг онцгой анхаарч байгаа юм.
Эмэгтэйчүүд ялангуяа ээжүүд хүүхдийн эрүүл мэнд ба хооллолт, боловсролд илүү анхаардгийг судалгаа харуулдаг. Өнөөдөр дэлхий даяар 199 сая эмэгтэй чихрийн шижинтэй байна. Энэ тоо 2040 онд 313 саяд хүрнэ. Эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд чихрийн шижин есдүгээр байрт байна.
Жилд 2.1 сая эмэгтэй чихрийн шижингийн улмаас нас барж байна. 7 төрөлт тутмын нэг нь жирэмсний чихрийн шижинд өртөж байна" гэв.
"СУДАЛГААГААР МОНГОЛ УЛСАД 100 ХҮН ТУТМЫН 5-6 НЬ ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ"
АШУҮИС-ийн багш доктор, профессор Х.Алтайсайхан
"Чихрийн шижингийн тархалт дэлхий нийтэд ихсэж байгаатай адил Монгол Улсад ч мөн Чихрийн шижингийн тархалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа.
Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсын хүн амын дунд чихрийн шижингийн тархалт 6.5 хувьтай байна. Мөн чихрийн шижингээр өвдөж магадгүй хүмүүс 9.5 хувьтай байдаг.
Үүнээс үзвэл 100 хүн тутмын 5-6 чихрийн шижинтэй, 100 хүн тутмын 10 нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай хүмүүс байгаа юм. Бидний бүртгэлд одоогийн байдлаар 30,000 орчим хүн чихрийн шижингийн хяналтад байдаг.
Энэ жил Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан бид 2 долоо хоногийн туршид үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна" гэлээ.
"ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР - 2017" ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
ӨДРҮҮД |
Арга хэмжээнүүд |
Оролцогсод |
Зохион байгуулагчид |
1 |
2017.11.08 (Лхагва гариг) |
ЧШ-тэй хүмүүст тулгамдаж буй асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг |
ДЭМБ, Монголын Диабетологич эмч нарын холбоо, АШУҮИС- ийн ДШСПБ, Дотоод шүүрэл, нүд, бөөр, зүрх судасны эмч нар, ЧШ-тэй хүмүүсийн төлөөлөл |
МДЭНХ |
2 |
2017.11.14 (Мягмар гариг) |
Шийдвэр гаргагчдын уулзалт |
ЭМЯ, НДЕГ, ДЭМБ, Монголын Диабетологич эмч нарын холбоо, АШУҮИС- ийн ДШСПБ, Дотоод шүүрлийн эмч нар, ЧШ-тэй хүмүүсийн төлөөлөл |
МДЭНХ |
3 |
2017.11.14 (Мягмар гариг) |
Эмэгтэйчүүд ба Чихрийн шижин сэдэвт өдөрлөг, сургалт, сурталчилгаа |
Харьяа аймаг, хот, дүүргийн эмэгтэйчүүд |
Дотоод шүүрлийн эмч нар |
4 |
2017.11.06-аас 2017.11.17 өдрүүдэд |
• Хүн амын дунд чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэх |
Монголын диабетологич эмч нарын холбоо, АШУҮИС-ийн ДШ судлалын тэнхим, ДШ судлаач оюутны клуб, УНТЭ, УХТЭ, ШУГТЭ-ийн ДШ-ийн тасаг, Аймаг ба Нийслэлийн дүүргүүдийн ДШ-ийн эмч, ЧШ-тэй хүмүүс, Жирэмсэн эмэгтэйчүүд, Чихрийн шижингүй эрсдэл шалгуулах хүмүүс |
МДЭНХ, Эрүүл мэндийн бүх байгууллагууд, Дотоод шүүрлийн эмч нар |