Д.Сарангэрэл: Ядуу эмэгтэйчүүд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна
НҮБ-ын Хүн амын сангаас өнөөдөр “Дэлхийн хүн амын байдал 2017” тайланг танилцууллаа. Тус тайланд хамгийн ядуу эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш бус байдлыг шийдвэрлэж, тэдний эрхийг хамгаалахгүй бол дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй байж болзошгүйг анхааруулсан байна.
“Тэгш бус байдлын эрин үе дэх нөхөн үржихүйн эрүүл мэнд ба түүнийг эдлэх эрх” сэдэвтэй уг тайлангийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөгжиж буй ихэнх оронд хамгийн ядуу эмэгтэйчүүд хэзээ, хэдэн удаа жирэмслэхээ шийдэх эрх хомс байдгаас гадна жирэмсэн, амаржих үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртэж чаддаггүй. Энэ тэгш бус байдал нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ажил, амьдрал, орлого олох боломжийг устгаж, улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр оруулахад нь саад тотгор учруулдаг юм.
Монголд бараг гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Бидний тооцоогоор Монголд нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй, огт төлөвлөөгүй жирэмслэлт. Энэхүү тоон мэдээллээс үзвэл эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, холбогдох мэдээллийг авч чадахгүй, улмаар ядуурлын эргүүлгээс гарч чадахгүй улам ядуурч байна.
Эмэгтэйчүүд нөхөн үржихгүйгээ хянах боломжтой болсон тохиолдолд тэд сурч боловсорч, цалинтай ажил хийж, эдийн засгийн илүү их эрх мэдэлтэй болдог.
Чинээлэг Монголчууд жирэмсний үеийн чанартай хяналт, эмчилгээ хүртэж, ядуучууд нь чадахгүй байна. Эмэгтэйчүүдийг үр хүүхэд төрүүлснийхээ төлөө гэсгээл хүртдэг байдлаас хамгаалах нь чухал” гэв.
Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид энэ асуудлыг хүлээн авч тодорхой бодлого төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал ядууралтай холбоотой. Хэдийгээр эхийн эндэгдэл өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан ч энэ оны эхний 8 сарын байдлаар 14 эх эндчихээд байна. Нялхсын эндэгдэл эхний найман сарын байдлаар 825 болжээ. Үр хөндөлтийн хувьд энэ тоо 18 мянгад хүрсэн.
Тиймээс дэлхийн хүн амын тайланд дүгнэлт хийж, онцгой анхаарах ёстой гэж дүгнэж байна. Ядуурал, эмэгтэйчүүдийн хүнд нөхцөл байдал ажилгүйдэлтэй холбоотой. Залуу, хөдөлмөрийн насны ээжүүд гэртээ хүүхдээ хараад байж байна. Шинэ Засгийн газрын хамгийн түрүүнд баримталж буй чиглэл бол бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох.
Мөн Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн боловсролыг цоо шинэ түвшинд гаргах зорилт тавьж ажиллаж байна. Өнөөдөр ядуу эмэгтэйчүүд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс бид үйл ажиллагааны төлөвлөгөөгөө энэ чиглэл рүү хандуулж байгаа” гэв.