Гурван дүүргийн хүүхдийн эмнэлэг өвлийн бэлтгэлээ базаажээ
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажил, дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн бэлтгэл ажил хангагджээ.
Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд өчигдөр Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж, нөхцөл байдлын талаарх мэдээллийг авчээ.
Сонгинохайрхан дүүргийн хувьд хүүхдийн 3 тасаг, 165 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Томуу, томуу төст өвчний үед нэмэлт ор тавьж нийтдээ 258 ортойгоор тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Өнөөдрийн байдлаар орны ачаалал хэвийн. Зайлшгүй шаардлагатай эмийн нөөц 100 хувь бүрдсэн, нөөц тасардаггүй гэжээ.
Харин Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь 140 орны хүчин чадалтай ба томуу, томуу төст өвчний улиралчлалын ачааллын үед нэмэлт 120 орыг дэлгэн ажиллахаар бэлтгэн хангагдсан байна. Дүүргийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хянах камержуулалттай.
Сүүлийн долоо хоногийн байдлаар ханиад, хатгаа хүндэрсэн өвчтнүүд зонхилж байгаа, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг НЭМГ-т хүргүүлж, боловсон хүчний хувьд сувилагч дутагдалтай байгаа аж. Одоогийн байдлаар 15 эвхдэг ор, өрөөнүүдэд нийт 46 орыг нэмэлтээр байрлуулсан. Цаашид эмнэлгийнхээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хүүхдийн сэргээн засах төв”-ийг эмч нарын өрөөний зориулалтаар ашиглан, одоо ашиглаж байгаа эмч нарын өрөөнд ор дэлгэх мөн Ахмадын эмнэлэгт 60 ортой тасаг нээхээр төлөвлөжээ.
Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 135 ортой үйл ажиллагаа явуулдаг ба томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан нэмэлтээр эхний 20 орыг дэлгэн нийт 155 орны хүчин чадалтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Зайлшгүй шаардлагатай эмийн нөөц 90-95, вирусын гаралтай өвчний үед хэрэглэх эмийн нөөц 80-85 хувьтай тус тус байна. Томуу, томуу төст өвчний үед болон өвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан “Витаминжуулалтын аян”-г эхлүүлсэн, үйлчлүүлэгчдийн хоолны цэсийг баяжуулан өгч байгааг танилцууллаа.
Сүүлийн 7 хоногт амьсгалын тогтолцооны өвчин голлож байгаа ба эмч, ажилчдын тоог нэмэгдүүлэн мөн рентген оношийг амралтын өдрүүдэд ажиллуулж байна. Рентген оношийн төлбөр 10.000 төгрөг байдаг ба яаралтай тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд энэ төлбөр хамаардаггүй гэсэн байна.