Жирэмсэн үедээ томуугийн вакцин хийлгэвэл хүүхэд нь 6 сар хүртлээ халдвараас хамгаалагдана
Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцинд хамрагдсанаар ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа зургаан сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг гэдгийг ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа хэллээ.
Зургаа хүртэлх сартай нярай хүүхдүүд бусад насныхантай харьцуулахад томуугийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй байдаг аж. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн байх хугацаандаа томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй аж.
Улирлын томуугийн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрдэлийг бууруулдаг байна. Вакциныг жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй.
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ХИЙХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ҮЕ
Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 3-5 хувь нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдож байгаа нь өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлт байна. Одоогийн байдлаар томуугийн вирүс хүн амын дунд эргэлтэд ороогүй. Харин томуу төст өвчнийг үүсгэгч иж томуу, риновирүс, бокавирүс эргэлтэд байна гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Зургаа хүртэлх сартай хүүхдийг хэрхэн томуугаас сэргийлэх хийгээд вакцины үр дүнгийн талаар ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа “Жилийн турш томууг ямар вирүс үүсгэж байгааг тандан судалдаг. Гурван төрлийн томуугийн вирүс жилийн жилд сөөлжлөн тохиолддог. Томуугийн вирүс 12-оос 3 сар хүртэл зонхилон амьсгалын замын өвчлөлийг үүсгэдэг. Тиймээс бид судалгаан дээр үндэслээд энэ жил дэгдэх магадлалтай үүсгэгчийн эсрэг вакциныг захидаг.
Ирж буй вакцин нь хүн амд бүрэн үйлчилнэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөгөөр авсан энэ жилийн вакцин манайд зонхилон тохиолдож буй үүсгэгчтэй дүйж байна. Өөрөөр хэлбэл ирж буй вакцин нь хүн амд бүрэн үйлчилнэ, хамгаалах дархлаа үүсэх боломжтойг бидний судалгаа нотолж байна. Вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дотор вирүсээс хамгаалах дархлаа тогтдог. Тэгэхээр одоо хийхэд маш тохиромжтой үе. Бүтэн жилийн турш дархлаа тогтоно.
Томуугийн вакциныг зургаан сараас доош хүүхдэд хийдэггүй. Тиймээс жирэмсэн эмэгтэйг дархлаажуулвал эхээс урагт дархлаа дамждаг. Тиймээс дэлхий нийтээр жирэмсэн эмэгтэйг дархлаажуулбал хүүхдийг зургаан сар хүртэл нь хамгаалах боломжтой юм байна гэж байгаа юм” гэлээ.
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН БАГШ НАРЫГ ТОМУУГИЙН ВАКЦИНД ХАМРУУЛНА
Энэ сарын 13-нд эхний ээлжийн 50 мянган хүн тун вакциныг АНУ-ын Протейн сайнс корпорациас хүлээн авсан бөгөөд аймаг орон нутгуудад түгээж эхэлжээ. Эхний ээлжийн вакциныг зорилтот бүлэг буюу
- Архаг хуучтай хүмүүс
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Ахмад настнууд
- Эмч эмнэлгийн ажилчид
- Хүчний байгууллагууд
- Цэцэрлэг, сургуулийн багш нарт хийх бөгөөд эдгээр хүмүүсийг вакцинжуулах ажлыг дүүргийн эрүүл мэндийн төвүүд зохион байгуулна.
Харин энэ сарын 23-нд ирэх 45 мянган хүн тун вакцины тодорхой хувийг нийслэлийн агаарын бохирдол ихтэй, хүүхдийн тоо ихтэй цэцэрлэгийн багачуудыг томуугийн вакцинд хамруулахад зориулна. Харин үлдсэн хувийг сайн дурын дархлаажуулалт хэлбэрээр ашиглана гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.
Вакцины үнийн хувьд өнгөрсөн жилээс өсөхгүй байх боломжтой ч тэрбээр онцолсон. Өнгөрсөн жил ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт уг вакциныг зургаан сараас дээш бүх насныханд 15 мянган төгрөгөөр хийж байсан юм.
Ангилал | Хаана | Хэзээ |
Зорилтот бүлгийн хүмүүс /Жирэмсэн, ахмад настнууд, архаг хуучтай хүмүүс г.м/ | Дүүргийн эрүүл мэндийн төвүүд зохион байгуулна | Түгээгдэж байна |
Сонгогдсон цэцэрлэгүүд | Дүүргийн эрүүл мэндийн төвүүд зохион байгуулна | 10.23-наас хойш |
Үлдсэн иргэд буюу хувиараа хамрагдах хүмүүс | ХӨСҮТ | 10.23-наас хойш |