“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулна
Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд дүүргийн хэмжээнд 1-р шатны шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан байгууллага, өрх, иргэдийн ирүүлсэн үндсэн материалд 2-р шатны үнэлгээ хийж, өрх, иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцах, тэдэнтэй ярилцлага хийх, мэдлэг сорих шалгалт авах замаар сонгон шалгаруулдаг уламжлалтай.
Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг 4 бүлэг, Эрүүл мэндийг дээдлэгч өрхийг 2 бүлэг 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бол, Эрүүл мэндийг дээдлэгч иргэнийг шалгаруулах болзол журамд заасны дагуу Эрүүл мэндийн 1-2 бүлэгт хамрагдсан, гэр бүл төлөвлөлт, эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, эрүүл мэндийн чиглэлээр нийгэм хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, эрүүл хооллолт идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчилэн 15 шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.
Шалгарсан байгууллага, өрх, иргэнд шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш буюу 2017 оны 10-р сарын 19-ний өдөр 10.00–13.00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын үзвэрийн танхимд болно.