Амьсгалын замын өвчний үед илрэх цочмог үрэвсэл гэж юу вэ
Манай орны хувьд, бага насны хүүхдэд зонхилон тохиолдож буй халдварт өвчлөлүүдийн тоонд амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчин багтаж байна.
Тэгвэл амьсгалын замын өвчний үед илрэх цочмог үрэвсэл гэж юу болох талаар энэхүү мэдээллээс сонирхоорой.
Хүүхдэд зонхилон тохиолддог амьсгалын замын өвчнүүдэд:
Хамрын салстын цочмог үрэвсэл - ринит
Залгиурын үрэвсэл – фарингит
Төвөнхийн цочмог үрэвсэл – ларингит
Төвөнх мөгөөрсөн хоолойн цочмог бачууралт үрэвсэл – острый стенозируюший ларинготрахейт
Гуурсан хоолойн цочмог үрэвсэл - бронхит
Уушгины цочмог хатгаа – острая пневмония зэрэг өвчнүүд хамрагдана.
Хамрын салт бүрхэвчийн цочмог үрэвсэл нь вирус, нянгийн болон хавсармал үүсгэгчээр үүсгэгдэнэ.
Хамрын салстын цочмог үрэвсэл
Энэ өвчний үед хүүхдийн бие тавгүйрэх, найтаах, хамар битүүрэх, нялх хүүхдэд хөхөө хөхөхдөө саадтай болох, том хүүхдэд чих шуугих, үнэр амтыг муу мэдрэх, зарим үед хоолой бага зэрэг хатах шинжүүд илэрнэ.
Өвчний 1-3 дахь өдрөөс эхлэн хамраас усархаг шингэн гоожих, цаашид өтгөрөн, 3-5 дахь хоногоос нус ногоон идээрхэг болно. Энэ үеэс хамрын нүхний доод хэсэг, дээд уруул шингэн нусанд цочирсноос улайж пэмбийнэ.
Залгиурын үрэвсэл
Энэ өвчнөөр аль ч насны хүүхэд өвчилж болзошгүй. Ихэнхдээ бахлуурын булчирхайнуудыг хамарч, гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй хавсарч явагддаг.
Хүүхдийн хоолой сэрвэгнэж хөндүүрлэх, хатах, үргэлжүүлэн ханиалгах, бага зэрэг халуурах зэргээр өвчин цочмог эхэлнэ. Өвчний эхний өдрөөс хөөмий, хүүхэн хэл хавагнан хөөж улайх, залгиурын арын хана хавагнан бижирмэгүүдтэй болно. Өвчин дунджаар 10-14 хоног үргэлжилнэ.
Төвөнхийн цочмог үрэвсэл
0-2 хүртэлх насны хүүхдэд ихэвчлэн тохиолдоно. Вирусийн болон нянгийн гаралтай амьсгалын замын цочмог үрэвслийн дараа уг өвчин хоёрдогчоор үүснэ.
Өвчин эхлэх үест нус гоожих, хоолой сэрвэгнэх, хуурай хуцуулан ханиалгах, хоолой сөөж, халуурна. Мөн тунгалагийн булчирхайнууд томрох, амьсгал саадтай болох шинж илэрнэ. Өвчин хөнгөн бол 3-5 хоногийн дараа хүүхдийн биеийн байдал мэдэгдэхүйц сайжирна.
Харин харшилтай, биеийн дархлааны урвал суларсан, томуугийн үед төвөнх гэмтсэнээр цаашдаа төвөнх-мөгөөрсөн хоолойн цочмог бачууралт үрэвслээр хүндэрч, хүүхдийн амь насанд аюултай болно. Хүүхдэд хяхтнаа амьсгал сонсогдоно.
Гуурсан хоолойн цочмог үрэвсэл
Энэ өвчин нь хамар-залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолойн үрэвслээс доошлох замаар голчлон үүсдэг халдвар харшлын шалтгаант өвчин юм.
Гуурсан хоолойн цочмог үрэвслийн эмнэлзүйн үндсэн шинж нь ханиалга, гуурсны хэржигнүүр. Бага насны хүүхдэд хоолонд дургүйцэх, уцаартай болох, нус гоожих, бие сулрах, хөөмий улайх шинжүүд илэрнэ.
Уушгины цочмог хатгаа
Вирүс, нян, харшил төрүүлэгчид болон бусад шалтгаанаар уушгины эд үрэвсэж, агаарын сэлгэцэл хийх чадвар хязгаарлагдан, хүчилтөрөгч хомсдсоноос амьсгал, зүрх судас, цусны эргэлтийн дутагдалд хүргэдэг өвчин юм.