ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа
ХӨСҮТ “Сүрьеэгийн тулгамдсан асуудал, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалтыг өнөөдөр сургалтын танхимд зохион байгууллаа.
Өнөөдрийн сургалтыг ОХУ-ын клиник лабораторийн оношлогооны тэнхимийн профессор, анагаах ухааны доктор Гизингэр Оксана Анатольевна, Новонордиск компанийн эмч төлөөлөгч, анагаах ухааны магистр Д.Ангар нар оролцож, “Сүрьеэ өвчний үеийн дархлаа дэмжих эмчилгээний орчин үеийн чиг хандлага”, “Чихрийн шижин өвчний орчин үеийн эмчилгээ, ялгаа”-ны талаар сонирхолтой лекц уншлаа.
Энэхүү сургалтыг нээж ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг хэлсэн үгэндээ “Өнөөдрийн сургалтанд маань хүрэлцэн ирж, лекц уншиж байгаа Санкт Петербург хотын эрдэмтэн , эмч мэргэжилтнүүдэд баярласанаа илэрхийлье. Энэхүү сургалт маань сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдэд маш үнэтэй лекц болно гэж бодож байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе.” хэмээлээ.
Тус сургалтанд ХӨСҮТ болон дүүргүүдийн сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 60 гаруй эмч нар оролцлоо.