УНТЭ-ийн эмч, ажилчид тайван жагсаалд оролцлоо
Өнгөрсөн долоо хоногт Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх хүсэлт гаргаж тайван жагсаал зохион байгууллаа. Тус жагсаалын үеэр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Мягмар: “Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч 434-660 мянган төгрөгийн цалин авч байгаа.
Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт цалинг нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гараагүй байна. Энэ оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Улсын гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээрээр цалинг нэмэх асуудлыг тусгахаар болсон билээ. Гэвч Засгийн газрын зүгээс энэхүү нэмэлт хэлэлцээрийг зөрчин 2018 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барихдаа цалин, тэтгэврийг нэмэх талаар нэг ч үг өгүүлбэр оруулаагүй байна.
Бидний шаардлагын хариуг энэ сарын 11-ны дотор Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг хүсэж байна. Хариу ирэхгүй бол эрхийнхээ дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт зарлаж хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн байна.
Дээрх арга хэмжээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн үйлдвэрчний Эвлэл нэгдэж эмнэлгийн ажилчдаа зохион байгуулан тайван жагсаалд идэвхтэй оролцлоо.