Эрүүл мэндийн ахуйн урьдчилсан хяналт хийх МЭДЛЭГ ЭЗЭМШИНЭ
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчидад эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийх, мэдлэг чадвар олгох сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан “Эрүүл ахуйн тухай” хуулийг бид хамтран боловсруулж, Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн улс даяар даган мөрдөж эхлээд байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна. Иймээс уг хуулийг дагаж гарах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг миний бие ахалж ирсэн бөгөөд Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох 18 заалтыг үндэслэн 20 бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж, биелэлт 60 хувьтай байна. Тухайлбал,
- Засгийн газрын тогтоол 1
- Эрүүл мэндийн сайдын болон хамтарсан тушаал 4
- МХЕГ-ын тушаал 2 тус тус батлагдсан.
Бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсэгт 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд дийлэнх хувийг МХЕГ болон НМХГ-ын эрүүл ахуй, тархвар судлалын хяналтын улсын ахлах байцаагчид болон ахмад настнуудын төлөөлөл оролцож байсныг хэлэхэд таатай байна.
Бодлогын баримт бичгийг боловсруулаад батлуудаад орхих биш хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, сурталчлах, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэх, хамтран ажиллах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад түлхүү анхаарч ирсний нэг илрэл нь буюу бодит ажлын үр дүнд өнөөдөр бид Та бүхнийг урьж ирүүлээд байна. Эрүүл ахуйн тухай хуулийн 5.3 дах хэсэгт “Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргах гаргуулна” гэж заасныг үндэслэн эрүүл ахуйн дүгнэлт гаргах журмыг МХЕГ-ын даргын тушаалаар баталсантай холбогдуулан эрүүл ахуйн урьдчилсан хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэн ялангуяа улсын байцаагчдад мэдлэг олгох, дадлага олгох чиглэлээр онол, дадлага хослуулсан хэлбэрээр 5 өдрийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг ч энэхүү байранд хийж байгаа юм аа.
Энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа ДЭМБ, Монголын архитектуруудын эвлэл, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Барилгын хөгжлийн төвийн хамт олонд баярлалаа. Бид одоо Эрүүл ахуйн тухай хуулиа иргэдэд төдийгүй бүх бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад сурталчилж, хуулийн хэрэгжилтийг бүх түвшиндээ хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах томоохон хариуцлагатай ажил хүлээж байгаа гэдгийг мэргэжил нэгт нөхөд өө хандаж хэлмээр байна. Иймд эрхэм эрүүл ахуйч, тархвар судлаачид Та бүхнийг Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад гол манлайлагч, хөдөлгөгч хүчин нь болж Монгол улсын хүн амын эрүүл мэндийн дэмжих, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний гол чиглэлийг тодорхойлох “Алтан гадас нь “ болж явна гэдэгт итгэж байна гэлээ.