Эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаж байна
Яг одоо Ялалтын талбайд эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж жагсаж байна. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн билээ. Тодруулбал, эмч нарын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд эрүүл мэндийн салбарын 20 мянга гаруй ажилтны гарын үсгийн хамт хүргүүлж байгаагаа тухайн үед мэдэгдсэн юм.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан уг жагсаал Сүхбаатарын талбай хүрэх юм байна. Эмч нарын гаргасан шаардлагын дагуу Сүрьеэгийн эмч нарын үндсэн цалинг 30 хувиар нэмсэн билээ.Гэвч Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн эмч, эмнэлгийн ажилтны цалинг 2019 он хүртэл нэмэх боломжгүй гэсэн тул 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмүүлэхээр тэмцлийн дараагийн хэлбэрт ийн оржээ.
Дашрамд дурдахад, Монгол улсын 3 сая хүнд 11357 сувилагч, 9563 эмч үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтны дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд их эмч 558000-634000, сувилагч 405000-471000 төгрөгийн цалин авдаг аж.