ТОЙМ: Эмч нарын ЦАЛИН НЭМЭХ асуудлын ЭРГЭН ТОЙРОНД
2017.09.15 ЦАЛИН НЭМҮҮЛЭХ ШААРДЛАГА БА ЦАГААН НӨМРӨГТНҮҮДИЙН ТЭСРЭЛТ
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн ерөнхий боловсролын сургуулийн багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавин жагсаал, цуглаан зохион байгуулж, улмаар ажил хаялт зарлана гэж мэдэгдэж байв. Тэгвэл өнгөрсөн сарын 15-нд эмч нар энэ тэмцэлд нэгдлээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг ирэх онд 50 хүртэл хувиар нэмж, үүнд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг шаардаж хэвлэлийн бага хурал хийв. Тэд энэ шаардлагынхаа хариуг эрх баригчдаас таван хоногийн дотор багтаан авна гэж мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан 20 мянган хүн гарын үсэг зурсан албан шаардлагыг УИХ, Засгийн газар, ХНХЯ, Сангийн яам, ЭМЯ-нд хүргүүлжээ. Хэрвээ энэхүү шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд орон даяар хөдөлгөөн өрнүүлж, ажил хаялт зарлахаа мэдэгдэв.
Энэ бол эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд үнэхээр тэвчээр алдарч, цаашид дуугүй хүлцэнгүй суух аргагүй болсны илрэл гэж олон нийт харж байна. Тиймээс Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэвлэлийн бага хурлын үеэр “Цаашид бүсээ чангалж, тэвчиж чадахгүй” гэж хэлсэн болов уу.
2017.09.16 Б.МЯГМАР: ЦААШИД БҮСЭЭ ЧАНГАЛЖ, ТЭВЧИЖ ЧАДАХГҮЙ
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин 2014 оноос хойш огт нэмэгдээгүй. Гурван талт хэлэлцээрт заасны дагуу МҮЭХ-ноос нэмэлт хэлэлцээр хийх санал гаргасан ч өнөө хүртэл эрх баригчид цааргалсаар байна. Тэд 2018 онд цалин нэмж чадахгүй 2019 онд нэмж болох юм гэдгээ санаа зовж түгшихгүй хэлсэн. Эмч эмнэлгийн ажилтнууд 2019 он хүртэл бүсээ чангалж тэсч чадахгүй ээ.
Саяхан хийсэн “Сэтгэл зүй, ажлын ачаалал дарамт”-ын талаарх хийсэн судалгаагаар эрүүл мэндийн салбарынхан удирдах ажилтны болон шат шатны шалгадаг байгууллага, үйлчлүүлэгч, иргэд, байгууллагын уирдлагын дарамтад стандарт бус нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг тогтоосон.
Энэ бол салбарын ажилтнууд хүнд нөхцөлд үнэлэмжгүй, дарамтад ажилладаг гэдгийг нотолсон судалгаа. Тиймээс бид эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх мөнгийг 2018 оны төсөвт тусгахыг шаардаж байна”. хэмээв.
2017.09.20 СҮРЬЕЭГИЙН ТАСГИЙН АЖИЛТНУУДАД 30 ХУВИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОНО
-Засгийн газрын ес дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэр
Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болжээ.
Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа.
Улсын хэмжээнд 105 их эмч сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа нь байвал зохих орон тооноос 61-ээр дутуу гэсэн үг юм. Сүрьеэгийн салбарт ажиллагсад халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байдаг бөгөөд өвчлөх, нас барах тохиолдол бусад мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй харьцуулахад их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
2017.09.22 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ САНАЛЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН 3 ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРГҮҮЛЛЭЭ
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах талаар Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, эрүүл мэндийн салбарын 2017-2018 хамт(тариф)-ын хэлэлцээрт туссаны дагуу ажиллагсдын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт тусгуулахаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 1а/3442 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүллээ.
2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сүрьеэгийн эмч, мэргэжилтэн ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор боллоо.
3. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолоор өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Харин үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлж байгаа бөгөөд иргэний төлсөн төлбөр нь тухайн эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болдог. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаар хамтарсан тушаалын 2.7-д заасны дагуу энэхүү орлогыг үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болсон. Иймээс өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнууд үр дүнгийн урамшуулал авах бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага өөрөө шийдэн олгох эрх зүйн орчин нь дээр дурьдсан хамтарсан тушаалаар нээгдсэн болно гэж хариуг хүргүүлсэн байна.
2017.06.26 БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН ЭМЧ НАРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна.
Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарласантай зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ажилчид мөн ийм хөдөлгөөн өрнүүлэх болсноо энэ үеэр дуулгалаа. Эмч, эмнэлэгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг юм байна. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нарын төлөөлөл хүслээ.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Цалингаа 50 хүртэлх хувь нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний асуудал хөндөгдөж байна. Ажлын орчин, ачаалал, хөдөлмөрийн цаг, иргэдийн бухимдлын бай, цалин хөлсний бодит үнэлэмж зэрэг олон асуудлын нийлбэр юм...
...Хуучин, шинэ ерөнхий сайдыг голдоо суулгаад гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх, улсын төсөвт тусгах тооцоо мэдээллийг ил тод байлгах. Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг банкуудад байршуулахдаа хүүгийн зөрүү гаргах, зээлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудын авсан зээлийг ажилласан жил, ажлын нөхцлөөс шалтгаалан шат дараатай хөнгөлөх гээд ямар боломж гаргалгаа байна бүгдийг ашиглах ёстой” гээд эдийн засгийн эрх чөлөө бол сайн нь үлдэж муу нь хаалгаа барих зарчмаар улсын эмнэлгээ хувийн эмнэлэгтэй шударга өрсөлдүүлэх нь олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн онцолсноор уулзалт өндөрлөв.
2017.09.26 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ШААРДСАН ТҮР ХОРОО БАЙГУУЛАГДЛАА
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус IX хурал цаг үеийн асуудлаар өнгөрсөн сарын 26-нд хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргажээ.
Тус холбооноос эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг УИХ, Засгийн газар, холбогдох яамдуудаас шаардсан боловч өнөөдрийг хүртэл Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээр эхлээгүйн зэрэгцээ, улсын төсөв хэлэлцэх хугацаа ойртож байгаатай холбогдуулан дараагийн шатны тэмцлийн арга хэмжээ авахаар шийдвэрлэж, "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардсан ТҮР ХОРОО"-г Улаанбаатар хот болон аймгийн ҮЭ-ийн холбоодын төлөөллийг оролцуулан 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, улс орон даяар жагсаал цуглаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.