Т.Мөнхсайхан: Гэмтлийн эмнэлгийг дэлхийн жишигт хүргэнэ
Улсын чанартай томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоол хүрэлцдэггүй, орц гарц нарийнаас шалтгаалж түгжрэл ихээр үүсдэг.
Үүнээс үүдэн эмнэлгийн шуурхай үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс амь нас эрүүл мэндээрээ хохирох нь бий. Минут секундээр хэмжигддэг хүний амийг аврахын тулд түргэн тусламжийн чанар, хүртээмжээ дээшлүүлж , гаднах тохижилт үйлчилгээгээ сайжруулах чиглэлд олон төрлийн ажил, шинэчлэл, өөрчлөлт хийж буй ГССҮТ-ийг зорилоо. Тус эмнэлэг онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол байгуулж, мөн 10.865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1.667 м2 явган зам, 3.876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. ГССҮТ-д хөдөө орон нутгийн иргэд онлайнаар номер авч үйлчлүүлдэг болно Биднийг тус эмнэлгийн үүдээр ороход цэвэр тохилог амбульторийн тасаг угтлаа. Энэ тасагт өмнө нь өдөрт 30-40 хүн үйлчлүүлдэг байсан бол үзлэгийн эмч нарыг үзлэгийн тогтсон цагтай болгож, мөн үйлчлүүлэгчдээ цахимаар бүртгэж үзлэгт хамруулдаг болсноор өдөрт 300-400 хүн амбульториор эмчлүүлэх болжээ. Түүнчлэн цаашдаа хөдөө орон нутгийн иргэд онлайнаар цахим захиалга өгч үзлэгийн цаг авах боломжийг бүрдүүлэх ажээ. Учир нь тус эмнэлгийн үзлэг, эмчилгээний захиалга өгдөг цахим сайт энэ сарын 15 гэхэд ашиглалтад орох юм байна. Тус сайтад эмч нарын тухай бүхий л мэдээлэл багтсан байх бөгөөд иргэд эмчлүүлэхийг хүссэн эмчийнхээ цагийн хуваарийг харж, үзлэгийн цагаа сонгох боломжтой болох аж. Энэ үйлчилгээ нь хөдөө орон нутгийн иргэдийн цагийг хөнгөвчилж, олон сараар оочер дараалал үүсгэдэг байдлыг арилгах ажээ. Эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй эмчлүүлж болно Харин тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт ирж буй үйлчлүүлэгчдийг насны хязгаараар буюу хүүхэд, өндөр настан гэх зэргээр ангилан хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг болжээ. Ингэснээр яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чанар, хүртээмж илүү сайжирсныг тус тасгаар үйлчлүүлж буй иргэд онцолж байсан юм. Түүнчлэн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүст чирэгдэл учруулдаг нэг зүйл эрүүл мэндийн даатгалын дэвтрийн асуудал байдаг тул үүнийг шийдэх зорилгоор тус эмнэлэг өвчтөндөө регистрийн дугаараар нь үйлчилдэг болжээ. Нэг үгээр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ гээгдүүлсэн, мартсан иргэд регистрийн дугаараараа түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болжээ. Түүнчлэн 15 жил ашиглаагүй эргэлтийн хаалгаа ашиглалтад оруулж 200 автомашины зогсоол байгуулсан , хагалгаанд орж буй өвчтний биеийн байдал болон хагалгааны явцыг ар гэрийнхэн нь хянах дэлгэцтэй болсон, сахиурууд байрлах гурван өрөө шинээр ажиллуулж эхэлсэн гээд эмнэлгийнхээ 70 орчим хувьд засвар үйлчилгээ, өөрчлөлт, шинэчлэлт хийсэн байна. Энэ сардаа багтаад нисдэг тэргээ буулгана Ингээд ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхантай ярилцлаа. Тэрээр ажлаа аваад 10 сар болж байгаа ч улсдаа ганцхан байдаг Гэмтлийн эмнэлэгт маш олон ажил хийжээ.
-Эмнэлгийнхээ 70 орчим хувьд засвар, шинэчлэлт хийжээ. Мөн түргэн тусламжийн чанар, хүртээмжээ сайржруулах зорилгоор онцгой байдлын үед ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулсан. Туршилтын буулт өнгөрсөн сард хийгдэх байсан ч хойшлогдсон. Ямар шалтгаанаар хойшлогдов. Нисдэг тэрэг хэзээнээс буух вэ. Мөн цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд, өөрчлөлт шинэчлэлтийнхээ талаар ярихгүй юу? -Өнгөрсөн наймдугаар сард нисдэг тэрэгний туршилтын буулт хийх байсан ч гэрэлтүүлгийн талбай байхгүй улмаас түр хойшлогдсон. Нислэгийн буулт оройны 20.00 цагт байсан тул шөнийн буултны гэрэлтүүлэг хамгийн чухал үүрэгтэй байдаг. Одоогоор бид нисдэг тэрэг буух талбайн гэрэлтүүлгээ хийж байна. Энэ сардаа багтаад нисдэг тэрэгний туршилтын буултаа хийхээр төлөвлөж байна. Талбайд гэрэлтүүлэг хийснээр ГССҮТ дээр 24 цагийн турш нисдэг тэрэг буух боломжтой болох юм. Бид нисдэг тэрэг буух үеэр Онцгой байдал болон дүүргийн Цагдаагийн газартай хамтран ажиллана. Мөн манай эмнэлэг дээр нисдэг тэрэг буудаг болж байгаагаас гадна эмнэлгийн орц гарцыг хоёр болгон өөрчилж Дилав хутагт Жамсранжавын гудамж руу нээж өгсөн. Автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг байсан. Цаашдаа 10.865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1.667 м2 явган зам, 3.876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эмнэлгийн дотоод тохижилт, засвар үйлчилгээг энэ жилдээ багтаад бүрэн дуусгана. Одоогоор 70 орчим хувьтай явж байна. -Эмнэлгийн хувьд засвар тохижилтоос гадна хамгийн чухал зүйл бол эмчилгээ, оношилгооны чанар хүртээмж. Энэ чиглэлд ямар ажлууд хийж байна? -Эмнэлэгт засвар тохижилт хийж, орчныг цэвэр цэмцгэр болгосноор үйлчлүүлэгч, өвчтнүүдийн сэтгэл зүйд асар нөлөөтэй байдаг. Гэхдээ тохижилт, үйлчилгээ чухал хэсэг боловч түүнээс илүү чухал нь эмчилгээ, оношилгооны чанар, хүртээмжийн асуудал. Тиймд энэ тал дээр 5 жилийн стратеги боловсруулаад ажиллаж байна. Эмчилгээ, оношилгоо, тохижилт үйлчилгээгээрээ дэлхийн стандартад нийцсэн эмнэлэг болгох зорилготой ажиллаж байна. Нэг ч болтугай монгол амийг аврах нь манай эмнэлгийн эцсийн зорилго. Тиймд монгол хүний эрүүл мэндэд өндөр хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна. Эмчилгээний чанараа сайжруулснаар гарч буй ахиц дэвшлүүд олон бий. Үүний нэг нь Түлэхийн төв дээрх нас баралтыг 60 орчим хувь бууруулаад байна. Түлэгдэлтэд хүүхүүд их өртдөг, нэн ялангуяа зуны саруудад хичээл сургууль амарсантай холбогдуулан түлэгдээд ирж буй хүүхдүүдийн тоо эрс нэмэгддэг. 2016 онд зуны саруудад түлэгдэлтийн нас баралтын хэд хэдэн тохиолдол байсан бол энэ зун нэг ч хүүхэд түлэнхийгээр нас бараагүй. Энэ бол маш том үр дүн. Цаашдаа энэ чигээрээ ажиллах юм бол түлэнхийн нас баралтыг 80 хувь бууруулах боломжтой гэж харж байна. -Түлэнхийн нас баралтыг 60 орчим хувь бууруулсан гэж байна. Ямар арга хэмжээ авч, юун дээр анхаарч ажилласан бэ? -Боловсон хүчин, тоног төхөөрөмж, эрүүл ахуйн орчин гээд бүхий л талын арга хэмжээ авч ажиллаж байна. Түлэнхийн тасгийн хүүхдийн тасагт нарийн мэргэжлийн эмч авсан. Мөн Түлэнхийн тасгийн эмч нарыг Эх нялхасын төв дээр сургалтад хамруулж байна. Мөн үүнээс гадна эмчилгээний тактик арга барилаа өөрчилж, донорын арьс нөхөх мэс заслыг шинээр нэвтрүүлсэн . Түүнчлэн Түлэнхийн төвийн сэхээний тасгийг стандартын дагуу засаж завсарлаж,дотоод халдвараа багасгасан байх жишээтэй. Нуруу нугас, цээж хэвлийн дурангийн мэс заслыг Монголд хийж эхэлнэ -Донорын арьс нөхөх мэс заслыг шинээр нэвтрүүлсэн гэж байна. Цаашдаа шинээр нэвтрүүлэх мэс засал, эмчилгээ оношилгоо бий юу? -Миний хувьд үений дурангийн мэс заслыг анх ГССҮТ-д нэвтрүүлж, энэ төрлийн мэс заслыг 1000 орчим хүнд хийсэн. Манай эмнэлэг цаашдаа нуруу, нугасны, цээжний дурангийн мэс заслыг хийхээр боловсон хүчнээ бэлдэж байна. Энэ төрлийн мэс заслыг Монголд "Гранд мед" эмнэлэг дээр ганцхан хийж байгаа. Гадаадад эмчлэгддэг, өртөг өндөртэй энэ мэс заслыг улсын эмнэлэгтээ хийчих юм бол 80 хувийг иргэд эрүүл мэндийн даатгалаасаа төлөх боломжтой болно. -Нийгмийн эрүүл мэндэд тулгамдаж буй хамгийн чухал асуудал юу байна вэ. Энэ тал дээр иргэд, эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн анхаарч ажиллах вэ гэдэг дээр өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу? -Нийгмийн эрүүл мэндэд тулгамдаж буй хамгийн уршигтай зүйл бол архидалт байна. Үүнээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй тохиолдол олноор гарч байна. Сар бүрийн 1-ний өдрийг архигүй өдөр болгосон. Гэтэл энэ өдөр ГССҮТ-ийн ачаалал 30-40 хувь буурдаг. Ер нь цаашдаа долоо хоног бүрийн нэг дэх өдөрийг архигүй өдөр болговол ямар вэ гэсэн санаачлагыг хувьдаа гаргаад байгаа юм. Нөгөө нэг асуудал нь түлэгдэлт байна. Түлэгдэлт бол эцэг эхийн хэнэггүй байдлаас үүсч байна. Тэр тусмаа халуун тогоонд түлэгдсэн тохиолдол маш их гарах болсон. 2017 оныг ЭМЯ-наас Нийгмийн эрүүл мэндийн жил болгосон. Нийгмийн эрүүл мэндийн албыг байгуулан ажиллаж байна. Миний хувьд хоёр жилийн өмнө Монголын түлэнхийн сан байгуулсан. Тэр сангийн үйл ажиллагааны хүрээнд халуун тогооны суурь хийж, Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны өрхүүдэд 300 ширхэгийг тараагаад байна. Миний хувьд өөрт ногдсон ажлаа хоёргүй сэтгэлээр хийх нь улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр -Удирдлагын ажлаа аваад олон чиглэлд ажиллан өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа юм байна. Залуу хүний хувьд ажлаа ямар арга барилаар хийдэг вэ. Ажилчдаа хэрхэн удирддаг вэ? -Бүх зүйл дээр шударга тэгш байх зарчмыг баримталдаг. Иймээс өөрөө шударга, тэгш байх хэрэгтэй. Миний хувьд бусдаар хийлгэх гэж байгаа бол өөрөө эхээд хий гэсэн зарчмыг баримтлан ажилладаг. Өөрөө хийж байж бусдад шаардлага тавина шүү дээ. Шаардлага тавьж, ажил даалгасан бол заавал түүнийхээ биелэлтэд нь анхаарал тавьж, хардаг. Үүрэг даалгавар өгсөн бол биелэлтийг нь заавал шалгадаг. -Таны mentor хэн бэ? -Манай байгууллага ерөнхийдөө хоёр чиглэлд зөвлөхтэй ажилладаг. Нэгдүгээрт ажилчдын харилцаа, хандлага хүний нөөц ямар байх вэ гэдэг дээр зөвлөхтэй хамтран ажиллаж байна. Энэ чиглэлийн зөвлөх маань надад болон манай байгууллагын ажилчдад зориулан сургалт, семинар зохион байгуулдаг. Нөгөө нэг зүйл нь байгууллагын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй тал дээр зөвлөхтэй ажиллаж байна. -Та орчин үеийн залуусыг ямар байгаасай гэж хардаг вэ. Тэдэнд хандаж юу хэлэх вэ? -Үнэхээр бүх хүчээ дайчлаад зүтгэсэн бол бүтэхгүй боломжгүй зүйл байдаггүй гэж боддог. Миний хувьд ямар ч байр суурин дээр байсан байгаа бүх хүчээ дайчлаад ажиллаж, хөдөлмөрлөхийг хичээдэг. Энэ нь эх орондоо оруулж буй миний магадгүй монгол залуус бүрийн хувь нэмэр болов уу гэж хардаг. |