Академич П.Нямдаваагийн нэрэмжит ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ хурал боллоо
Вирүс судлалын тулгамдсан асуудлаар 2 жил тутамд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж эхэлснээс хойш 16 дахь удаагийн хурал 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр Кемпинский зочид буудалд боллоо. Вирүс судлалын тулгамдсан асуудлын чиглэлээр манай улсад болон дэлхий дахинд тулгамдаж байгаа асуудлаар эрдэмтэн, судлаачид дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, мэдлэг туршлагаа хуваалцдаг уламжлалтай.
ЭМЯ, Монголын Анагаах Ухааны Академи, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон мэргэжлийн бусад холбоодуудтай хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн "Вирүс судлалын тулгамдсан асуудлууд" эрдэм шинжилгээний Үндэсний бага хурлыг Монгол Улсын хүний гавьяат эмч, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, Анагаах Ухааны доктор, профессор П.Нямдаваагийн 70 насны ойд зориулж байгаагаар онцлог юм.
Академич П.Нямдаваа бол Монгол Улсад вирүс судлалын албын үндсийг тавьж, сургалтын тогтолцоог бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Түүний нөр их хөдөлмөрийн үр дүнд мэргэжлийн олон судлаачтай, эрдэмтэдтэй болж, вирүсийн шинэ шинэ халдварт өвчнийг Монгол Улсад гарах, тархахаас амжилттай сэргийлж чадах туршлагатай болоод байна.
Академич П.Нямдаваа бол зөвхөн эрдэмтэн, багш төдийгүй Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар хэд хэдэн сонгогдож, томилогдон ажиллаж байхдаа эрүүл мэндийн салбарын бодлого чиглэлийг тодорхойх эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан юм.