ХЭН, ЮУ ХЭЛЭВ: Урологийн дурангийн дөрвөн мэс заслыг ГАДААД, ДОТООДЫН эмч нар хатран амжилттай хийлээ
УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа зохион байгуулж буй “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлын эхний өдөр бөөрний дөрвөн төрлийн дурангийн мэс засал амжилттай хийгдлээ.
Урологийн эмчилгээнд нэвтэрч буй орчин үеийн БАГА ХҮРЦЭТ хэвлийн дурангийн мэс заслыг УНТЭ-ийн хурлын заал руу мэс заслын өрөөнөөс дуу дүрсний өндөр нягтралтайгаар шууд дамжуулсан хүргэсэн нь энэ хурлын нэгэн онцлог үйл явдал байлаа. Мэс заслыг УНТЭ-ийн залуу эмч нарыг эх орондоо сургасан БНСУ, БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд болон манай улсын эмч нар хамтран хийсэн юм. Тодруулбал, хэвлийн дурангаар бөөрийг бүхэлд нь авах, хэвлийн дурангаар бөөрийг нөхөн сэргээх, хэвлийн арын зайгаар дурангаар бөөрийг нөхөн сэргээх, бөөрний чулууг хатгалт-дурангийн мэс заслууд хийгдсэн.
Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хуралд урилгаар БНСУ, БНХАУ, АНУ улсын эмч, эрдэмтэн судлаачид, манай улсын 21 аймгийн бүх бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүн оролцож байна.
Өнөөдрийн олон улсын хурлаар ХЭН, ЮУ хэлэв?
УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж: Эрдэм шинжилгээний хурал, эмнэлзүйн сургалт хоёрыг хослуулан зохион байгуулж байгаа нь ОЛОН УЛСЫН ХУРАЛ онцлог
Монгол улсад Урологийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Олон улсын хурал нь эрдэм шинжилгээний хурал, эмнэлзүйн сургалт хоёр хамтдаа зохион байгуулагдаж байгаагаараа нэлээд онцлогтой болж байна. УНТЭ-ийн хувьд Монгол улсын нийт хүн амд бөөрний мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, эмч мэргэжилтнүүдээ сургах, зөвлөгөө өгөх, сургалт аргазүйгээр хангаж цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлж байна. Өнөөдрийн Олон улсын хуралд БНСУ, АНУ, БНХАУ зэрэг олон улсын эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж зөвлөгөө өгч, туршлага солилцож, хамтран ажиллаж байгаад нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Цаашид эмнэлгийн захиргааны зүгээс бөөрний мэс заслын албыг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн монгол улсын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг илүү өндөрт хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээлээ.
Вонганы их сургуулийн профессор Lee Young Seo: Монголын улсын эмч нар дурангийн хагалгааг маш сайн хийж байна
Монголын улсын эмч нар дурангийн хагалгааг маш сайн хийж байгаа. Харин хүүхдийн дурангийн хагалгаа болон нөхөн сэргээх дурангийн хагалгаа нь Монголд хийгдээгүй байгаа. Үүнийг хийхийн тулд цаашид боловсон хүчин, тоног төхөөрөмж тал дээр анхаарах шаардлагатай байна.
Өнөөдрийн мэс заслын хувьд би багаараа 10 настай жоохон охинд мэс засал хийсэн. Мэс заслын үеэр эмч, сувилагч нар хангалттай сайн байсан. Дутагдалтай байсан зүйл нь багаж хэрэгсэл л байна. Бид үүнийг урьдчилан тооцоолж багаж хэрэгслээ авчирсан. Бас Монголын талаас багаж гаргасан. Өнөөдрийн бид хэвлийн дурангаар бөөрийг нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийлээ. Надтай цуг мэс засалд орсон эмч нар маань бүгдээрээ Солонгосын их сургуульд суралцаж байсан муундаг залуучууд байгаа. Тиймээс энэ удаагийн мэс засал үр дүнтэй явагдсан гэж бодож байна. Үүнийг цаашдаа улам илүү сайжруулахыг хүсэж байна.
ЭМЯ-ны Урологи-Андрологийн мэргэжлийн зөвлөлийн дарга, УНТЭ-ийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн: Урологи-Андрологийн чиглэлээр жилд 2000-3000 хүн эмчлүүлж, үүнээс 78 хувь нь мэс засал хийлгэж байна
Манай улсад өнөөдрийн байдлаар Урологи-Андорлогийн чиглэлээр Эх нялхасын төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг зэрэг 7-8 эмнэлэг үйл ажиллагаа явуулж энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төв зэрэг байгууллагууд Урологи-Андрологийн салбарыг бодлогоор дэмжиж, улсын хэмжээний эмнэлэг болон хөдөө орон нутгийг Урологи-Андрологийн эмчээр хангах шаардлагатай байна. Урологи-Андрологийн тусламж жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд жилдээ 2000-3000 хүн эмчлүүлж, үүнээс 1600-1700 хүн буюу нийт эмчлүүлэгчдийн 78 хувь нь мэс засал хийлгэж байна. Мөн амбулаториор 22000-23000 хүн үзлэг хийлгэж тэдгээрийн 500 гаруй нь жижиг мэс засал хийлгэж байна.
Дашрамд дурдахад, манай салбарт хүний нөөцийн асуудал маш чухал байна. Өнөөдрийн байдлаар Урологи-Андрологийн эмч нар өглөөний 8 цагаас оройны 23 цаг хүртэл ажиллаж байна. Тиймээс энэ салбарын эмч, мэргжилтнүүдийн хувьд хөдөлмөр хамгааллын дэглэм, нооромтой алдагдсан гэсэн үг. Хэт их ачаалалтай илүү цагаар ажилласнаас болоод ямар нэгэн алдаа гаргах эрсдэлтэй.
УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АУ-ныдоктор Д.Баян-Өндөр: Өнөөдрийн хурлаар олон улсад суралцсан манай эмч нар болон тэдний багш нар хамтран мэс засал хийж байна
Сүүлийн 10 жилийн хугацаанд бөөрний мэс заслууд илүү хөгжиж, боловсронгуй болсоор байна. Төр засгийн зүгээс анхаарал хандуулж, хэвлийн хүрцээр хийх мэс заслын багаж, тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Нөгөө талаас гадаад харилцаа сайжран АНУ-аас жилд 3 удаа эмч нарын баг хүрэлцэн ирж, сургалт аргазүйн зөвлөгөө өгч байна. Мөн манай эмч мэргэжилтнүүдийн 70 орчим хувь нь БНСУ-д суралцаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн БНХАУ-ын Бээжин хотод сургалтанд хамрагдсан. Одоо хоёр дахь ээлжийн сургалт эхэлнэ.
Өнөөдрийн хурлаар олон улсад суралцсан манай эмч нар болон тэдний багш нар хамтран мэс засал хийж байна. Өөрсдийнхөө шавь нартай бөөрний хавдар болон хэвлийн дурангаар бөөрийг бүхэлд нь авах, хэвлийн дурангаар бөөрийг нөхөн сэргээх, хэвлийн арын зайгаар дурангаар бөөрийг нөхөн сэргээх, дурангийн мэс засал хийж байгаа нь онол, практикийн хувьд чухал ач холбогдолтой.
Маргаашийн хурлын онцлог нь бөөрний дурангийн болон, дурангийн мэс засал, бөөрний шээсний замын хавдрууд, бөөрний чулууны эмчилгээний асуудлаар гадны төлөөлөгчид өөрсдийн мастер лекцүүдээ танилцуулж, үдээс хойших хуралдаанд манай улсын Урологи-Андрологийн эмч нар өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээ танилцуулна. Урологийн салбарын эмч мэргэжилтнүүд маань олон улсад мөрдөгдөж байгаа удирдамж, стандартууд болоод техник тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг нэгдсэн нэг мэдээлэлтэй болж тэднээс хүссэн асуултаа асууж, үнэлэлт дүгнэлт хийж байгаа нь хурлын бас нэгэн зорилго өнөөдөр энэхүү биелж байна.