Д.НЯМСҮРЭН: Урологи-Андрологийн төвийн мэс заслын 70 гаруй хувь нь дурангаар хийгддэг
Манай улсад ганц байдаг Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд бөөрний мэс заслын ололт, амжилт, өнөөдрийн чиг хандлагын талаар салбартаа их мастер гэгдэх Төрийн шагналт, Хүний гавьяат их эмч Д.Нямсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
“Д.Нямсүрэн эмч нь ЭМЯ-ны Урологи-Андрологийн мэргэжлийн зөвлөлийн дарга, УНТЭ-ийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүнээр тус тус ажиллаж байна. Монгол улсад Бөөрний мэс засал болон Эрхтэн шилжүүлэн суулгалтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын анагаах ухааны их мастеруудын нэг юм.”
Юуны өмнө танд болон танай хамт олонд Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол улсад Урологи-Андрологийн төв байгуулагдаад нэг Жараны үзэж байна. Та бол салбарынхаа түүхийг бичилцэж буй гавьяатай эрхмүүдийн нэг. Бидэнтэй нэг Жараны өмнөх түүхээс хуваалцахгүй юу?
Урологи-Андрологийн төв буюу Урологийн тасаг нь 1957 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдаж байсан түүхтэй. Энгийнээр хэлбэл бөөр, давсаг болон түүнийг дагалдсан шээсний замын эрхтэнүүд нь Урологийн тусламж үйлчилгээнд орж, түрүү булчирхайн мэс засал, үрийн цэврүүний мэс засал, төмсөг, шодойны мэс заслууд болон үүнтэй хавсарсан эмчилгээнүүд нь Андрологийн тусламж үйлчилгээнд ордог. Мөн бэлгийн сулрал, эрэгтэйчүүдийн үргүйдэл зэрэг Андрологийн тусламж үйлчилгээг Урологийн тасаг эмчилдэг.
Түүхийг сөхвөл Монголын эрдэмтэд 1930 оноос өмнө мааранба эмнэлгийн олон өвчтөнг эдгэрүүлж байсан гэдэг. Мөн 1930-аад онд ОХУ, манай улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран гэмтсэн бөөр, төмсөгөнд мэс засал хийж, урологийн яаралтай тусламж үзүүлж байсан юм билээ. Ер нь 1957 онд Урологийн тусгай салбар нэгж байгуулагдаж МУ-ын хүний гавьяат эмч, Урологийн загалмайлсан эцэг Н.Лувсанбалдан гуай өөрийнхөө багийн хамтаар гэмтсэн бөөр, төмсөг болон шээсний сүвний мэс засал зэргийг хийснээр урологийн анхны үе шат, суурь тавигдсан байдаг.
Манай улсад одоо Урологи-Андрологийн ямар ямар мэс заслууд хийгдэж байна вэ?
Манай улсад жилдээ 1500 гаруй мэс засал хийгдэж байна. Ингээд бодохоор их том тоо гарна.
Манай улсад жилдээ 1500 гаруй мэс засал хийгдэж байна. Ингээд бодохоор их том тоо гарна. Манай эмч нар дурангийн мэс засал, давсагны хорт хавдар болон нарийн, бүдүүн гэдсээр давсагийг орлуулах эмчилгээ, эцсийн шатандаа орсон бөөрний хавдрыг авах зэрэг хүнд мэс заслуудыг хийж байна. Мөн дурангаар шээлгүүр, бөөр, давсагны бүх чулуунуудыг эмчилж байна.
Ер нь Урологийн салбар сүүлийн 20 жилийн хугацаанд маш эрчимтэй хөгжсөн гэж хэлж болно. Сүүлийн 10 жилийн хугацаанд дурангийн мэс засал тэр дундаа бөөр, шээлгүүр, давсагны дуран хурдацтай нэвтэрсэн бөгөөд нийт хийгдэж байгаа мэс заслын 70-80 хувь нь дурангаар хийгдэж байна.
Дурангийн мэс засал хөгжихийн хэрээр тулгамдаж буй ямар асуудлууд байдаг вэ?
Шээлгүүрийн ихэнх мэс засал, давсагны хавдарын эхний шат, давсагны чулууг бүгдийг нь дурангаар хийж байна. Харин бөөрний чулуу, усжилтыг мэс заслаар эмчилж байна. Тиймээс дурангаар хийдэг эмчилгээ үйлчилгээг илүү боловсронгуй болгоход энэ 9 дүгээр сарын 8-нд зохион байгуулагдах практик үйл ажиллагаа, 9-нд болох Эрдэм шинжилгээний бага хурал нь чухал үүрэг, ач холбогдолтой юм.
Тоног төхөөрөмжийн хувьд өнөөдрийн байдлаар манай улсад лазерийн, бөөрний уян дуран зэрэг шинэ технологийн дурангууд зайлшгүй хэрэгтэй байна. Ингэснээр өвчтөн, эмч, мэргэжилтний хувьд нэгэн дэвшил болох юм. Бидний хувьд төсөв мөнгө муутай учраас өндөр шийдэл бүхий тоног төхөөрөмж авах боломж бага. Харин манай эмч мэргэжилтнүүдийн хувьд бол шаардлагатай мэс заслуудыг хийх бүрэн чадвартай гэдгийг онцолмоор байна. Урологи-Андрологийн төв шинэ зохион байгуулалтанд ороод эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй болгохын тулд 21 аймгийг энэ чиглэлийн эмчээр хангах, сургалт семинар зохион байгуулах, Улаанбаатар хот дахь томоохон эмнэлгүүдийг Урологи-Андрологийн эмчтэй, кабинеттай болгох зэрэг ажлуудыг хийх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн төв бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэснээр эмч нарын чадвар сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ эзэндээ ойртож, өвчний хүндрэл багасах юм.
Улсдаа ганц гэгдэх Урологи-Андрологийн төв ачаалал өндөртэй гэдэг. Эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ хэр байдаг вэ?
Өнөөдрийн байдлаар Урологийн тасагт 10-аадхан эмч өглөө 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллаж байна. Тэгэхээр орон тооны асуудал дээр холбогдох албаны хүмүүс анхаарал хандуулах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр эмч мэргэжилтнүүд цаг наргүй, илүү цагаар ажиллаж, хөдөлмөр хамгаалалын хуулийг дагаж мөрдөх боломжгүй учраас ямар нэгэн алдаа гаргалаа гэхэд эмнэлэгийн байгууллага бус тухайн эмч хариуцлага хүлээдэг. Тиймээс хүний нөөцийн болон нийгмийн асуудлыг шийдэх нь нэн чухал байна. Эцэст нь эмч, түүний ар гэр, үр хүүхэд нь хохироод үлдэх ёсгүй шүү дээ.
Андрологиор манай эмч нараас гадна хувийн эмнэлэгүүдийн 10 орчим л эмч нар ажиллаж байна. Тиймээс Урологи-Андрологийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгцээ шаардлага байна. ЭМЯ-ны бодлогод Урологи-Андрологийн чиглэлийн мэргэжлийн кодууд багтсан учраас арга хэмжээ авна гэж найдаж байна.
Урологийн чиглэлийн өвчлөл аль насныханд илүү тохиолдож байна вэ?
Урологийн эмч нар эрхтэн хамгаалах мэс заслыг нээлттэй болон дурангийн мэс заслаар эмчилж тодорхой амжилтанд хүрч байна.
Иргэдийн дунд бөөр чулуужих, бөөрний архаг үрэвслийн цочмог хүндрэл, идээт үрэвсэл, бөөр, давсагны хавдар, түрүү булчирхайн хоргүй томрол, жирэмслэлттэй холбоотой бөөр, шээсний замын хавдраар өвчлөх явдал их байна. Энэ нь ихэвчлэн 20-60 насныханд түлхүү тохиолдож байна. Урологийн эмч нар эрхтэн хамгаалах мэс заслыг нээлттэй болон дурангийн мэс заслаар эмчилж тодорхой амжилтанд хүрч байна.
Манайхны дунд бөөрний чулуужилт их байна. Энэ нь хүний биед байгаа эрдэс бодис, химийн элементүүдийн цусанд байх ёстой хэвийн тоо хэмжээ их байх, бөөрний үрэвсэлт өвчин, бамбай булчирхай, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, элэгний өвчлөлийн улмаас ийм өөрчлөлт гарах нь их байна. Эдгээр элементүүд шээсээр дамжин гарахдаа бөөрөнд чулуу үүсгэдэг.
Хүний биеийн 75 хувь уснаас бүрддэг. Биед байх ёстой усны хэмжээ багасах нь чулуужилт үүсэх гол шалтгаан болно.
Мөн усны хэрэглээ нөлөөлнө. Хүний биеийн 75 хувь уснаас бүрддэг. Биед байх ёстой усны хэмжээ багасах нь чулуужилт үүсэх гол шалтгаан болно. Хөлс ихээр урсгадаг, халуун чийгтэй орчинд ажил хөдөлмөр эрхэлдэг болон удаан хугацаагаар ус хэрэглэхгүй байх, хэрэглэж байгаа усны чанар муу байх зэрэг нь бөөрний чулуу үүсэхэд голлон нөлөөлж байна. Тиймээс хүн бүр эрүүл мэнддээ байнгын анхаарал хандуулж, өдөрт 2 литр буюу түүнээс дээш цай шингэн уух хэрэгтэй.
Энэ удаагийн “Урологийн дурангийн мэс заслийн орчин үеийн чиг хандлага” олон улсын хурлын онцлог юу вэ?
60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулна
Энэ жил Урологи-андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Хурал маань хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдөр Урологийн эмчилгээнд нэвтэрч байгаа орчин үеийн дурангийн мэс заслыг гадны эмч нар хийж, Урологи-андрологийн бүх эмч нарт мэс заслын өрөөнөөс хурлын зааланд шууд дамжуулж сургалт явуулна. Хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 9-ий өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд БНСУ, БНХАУ, АНУ болон манай улсын эмч мэргэжилтнүүд өөрсдийнхөө сурсан мэдсэнээ эмч мэргэжилтэнүүдтэй солилцох, гадны эмч нараас шинэ технологийн талаар мэдээлэл авч, хийж буй эмчилгээндээ ашиглах, туршлага солилцох том боломж нээгдэж байна.
Энэ удаагийн Олон улсын хуралд хэдэн эмч мэргэжилтнүүд оролцох, зохион байгуулалтын талаас мэдээлэл өгөхгүй юу?
Манай улсаас 40 гаруй Урологи-Андрологийн эмч нар оролцоно. Мөн гадны 10 гаруй зочид төлөөлөгч, эрдэмтэд оролцохоос гадна тус хурлыг сонирхож буй дотоодын хувийн эмнэлэгийн эмч, сувилагч нар оролцох бүрэн боломжтой юм. Урьдчилсан байдлаар 100 гаруй мэргэжилтнүүд оролцоно гэж тооцоолсон. Мөн ойн арга хэмжээ учраас тусгай хөтөлбөрүүд болон баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Зохион байгуулалтын зүгээс хамгийн гол ач холбогдол өгч буй акц бол Гадны эмч, мэргэжилтнүүдийн мэс засал хийж буйг хуралд оролцогчдод шууд дамжуулан үзүүлэх юм. Ингэснээр практик туршлага солилцоход онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Энэ хурлын үеэр Урологи-Андрологийн төв нь 60 жилийн хөгжлийн түүхэнд хийж буй үйл ажиллагаа, оношлогоо, мэс заслын хэмжээгээрээ сургалт, судалгааны ажлаараа олон улсын түвшинд ихээхэн дөхөж очсон гэдгээ харуулах боломж олдож байна.
Ярилцлсанд баярлалаа. Удахгүй болох хуралд нь амжилт хүсье.
Баярлалаа. Энэ дашрамд Урологи-Андрологийн 60 жилийн ойг тохиолдуулан нийт эмч мэргэжилтнүүд болон орон нутгийн эмч нартаа ойн баярын мэндийг хүргэе. Санасан хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай. Эрүүл энхийг хүсье.