Эрчүүд төмөрт идүүлж, зэвэрч байна
Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболдтой ярилцлаа.
-Танай тасагт нэг сонирхолтой судалгаа хийсэн гэж сонслоо. Төмрийн дутагдал гэж сонсч байснаас хүнд төмөр илүүддэг гэж сонсоогүй юм байна?
-Би саяхан нэг судалгаа хийлгэлээ. УКТЭ-ийн зүрх судасны мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэгсдийг үзүүлсэн чинь ферритин /ferritin/-ий хэмжээ маш өндөр гарч байна. Энэ уураг ихэснэ гэдэг нь бүх эд эрхтнийг гэмтээдэг. Төмөр илүүдлийн өвчин гэсэн үг. Энэ асуудал эрчүүдэд илүү хамаатай. Төмөр бол бодисын солилцооны маш чухал үүрэгтэй. Ялангуяа цусны улаан эс, цусны гем гэдэгт оролцдог. Төмөр багадаад ирвэл цус багаддаг. Төмөр ихдээд ирвэл бас аюултай. Цус өтгөрөөд, эд эрхтнүүдэд төмөр суугаад ирдэг. Ингээд ирэхээр энгийн хэллэгээр ярьвал эд эрхтнийг зэврүүлж эхэлдэг. Төмөр өөрөө маш исэлдэмтгий бодис гэдгийг бүгд мэднэ. Төмөр бол ямар ч нөхцөлд байсан аливаа исэлдэлтэд орж, амархан зэвэрдэг. Тэрэнтэй адилхан организм, эд эсэд суугаад ирвэл эрхтнээ гэмтээгээд сүйтгээд эхэлдэг.
-Ферритин гэж чухам юу юм бэ. Бодис уу, элемент үү. Энэ талаар тодорхой тайлбарлаад өгөөч?
-Ферритин гэж цусан дахь төмөр агуулдаг уураг л даа. Төмөр бол цусанд тодорхой концентрацитай байж байдаг. Харин илүүдвэл ферритин хэмээх агуулах руугаа чихээд байдаг. Өөрөөр хэлбэл, ферритин илүүдэл төмрийг өөртөө шингээгээд агуулаад байж байдаг. Тиймээс ферритинийг төмрийн агуулах гэж ч ярьдаг. Ферритин төмөр ихсэлтийг илэрхийлдэг. Энгийн аргаар цусан дахь төмрийг үзэхээр төмөр гайгүй юм шиг харагдаад байдаг. Гэтэл цаана нь ферритин буюу төмөр агуулдаг бодис нь маш өндөр болсон байдгийг тэр бүр мэддэггүй.
Өмнө нь онолын хувьд энэ уургийн талаар мэддэг байснаас өдөр тутмын шаардлага, хэрэгцээ гэж үздэггүй байв. Ер нь бол төмөр ихдэлтийг өмнө нь манайх ярьдаггүй, оношилдоггүй байсан. Тэгээд саяхнаас боломж гараад, сүүлийн хоёр жилд манай лабораторид үзээд эхэлсэн чинь монгол эрчүүдэд ферритин маш өндөр гарч байна. Уг нь хэвийн үед 50-200 ng/ml байх ёстой. Тэгтэл манайханд хамаагүй өндөр, хоёр, гурав дахин их байгаад байна. Ферритиний асуудал Монголд судлагдаагүй, их бичигдээгүй. Ер нь бол бусад оронд төмөр илүүдэл, ферритиний асуудлыг одоо маш их бичдэг болсон.
-Тэгээд үүний үр дагавар нь чухам яг юу юм бэ?
-Төмрийн илүүдэл хамгийн түрүүнд элэг, зүрх, уушгинд нөлөөлдөг. Улмаар бүх эрхтэнд төмөр суугаад, эд эсийг гэмтээн, энгийнээр хэлэхэд, зэврүүлээд эхэлж байгаа юм. Элэгний тухайд бол элэгний хавдруудыг үүсгэдэг. Зүрхэнд бол зүрхний кардиопати буюу зүрхний булчингийн сулрал, хатуурал, ажиллагаагүй байдлыг үүсгэдэг. Мөн сахарын өвчин үүсгэж болно.
-Шинж тэмдэг нь чухам яаж илрэх вэ?
-Арьс хар хүрэн болж харлаж ирдэг. Энгийн клиникийн ажиглалтаар түнтгэр хүрэн бор, хар, улаан хүмүүс байдаг шүү дээ, тэдэнд ферритин гарцаа байхгүй өндөр, бүр дөрөв дахин өндөр байна. Нэг үгээр тэд төмөртөө зэвэрч байна. Ер нь төмөр ихдээд ирэхээр ердийн зовиурууд, тухайлбал үений өвдөлтүүд, бие сулрах, ядрах, сульдах, юм хиймээргүй санагдах, хэвлийгээр өвдөх, бэлгийн сонирхолгүй болох, зүрхний эмгэг илэрнэ.
Судалгааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
-Судалгаанд оролцогч нийт эрчүүдийн 70 гаруй хувьд, энэ дотроо 40-60 насныханд ферритин илүүтэй өндөр гарч байна. Яг ид хөдөлмөрийн насны эрчүүд байгаа биз. Энэ үед эр хүний идэж уух нь бүгд өндөр хэмжээнд байдаг юм байна. Ерөөс монголчуудын улаан мах иддэг, мөн дээрээс нь архи их хэрэглэдэгтэй холбоотойгоор төмөр ихдэлт, илүүдэл үүсдэг юм байна. Энэ нь манай үндэстний хооллолтын онцлогтой холбоотой байх. Ингээд ирэхээр манай түнтгэр улаан нөхөд цусандаа чихэлдсэн маягтай байдаг нь шинжлэх ухааны хэллэгээр бол ферритин хэт илүүдэлтэй яваад байна гэсэн үг. Бид энэ болгоныг тэр бүр анзаарч мэддэггүй, оношилдоггүй байж. Их сайндаа, цус чинь ямар их өтгөн байх юм гэж хэлдэг. Гэхдээ цус өтгөрөлтийн ерөнхий шинжүүд, шинжилгээн дээрээс гемоглобин, эритроцитийн хэмжээ ихсэх зэргийг бол хүмүүс мэддэг. Гэтэл үүний цаана үндсэн суурь дотор ферритиний илүүдэл явагдаад байгааг мэдэхгүй байна.
-Тэгэхээр төмөр ихдэхээр ямар эмчилгээ хийнэ гэсэн үг вэ?
-Эмнэлгийн хэллэгээр ярьвал судаснаас цусыг авч асгах эмчилгээ хийдэг. Манай клиникийн практикт 400-600, бүр шаардлагатай бол 800 мл хүртэл цус авч байна. Энэ тал дээр их сурцтай байгаа. Судалгаа хийхдээ би өөр дээрээ туршсан. Миний ферритиний хэмжээ жишээ нь 1000 байсан. Жилийн дотор би дөрвөн литр цус хануулж байна. Тэгж байж минийх хэвийн болсон. Ер нь бол төмөр хэт ихдэлттэй, 1000 гараад байгаа хүмүүст цусыг нь их хэмжээгээр, сар, хоёр сарын хугацаатайгаар хануулахад цус, уургийн дутагдалд орно гэж байхгүй. Ингэсний дараа харин ч царай зүс нь шингэрээд, даралт нь багасаад, эрүүл царайтай болж ирдэг. Тиймээс ферритинээ ер нь үзүүлж, шалгуулах ёстой юм байна гэдгийг л дахин дахин хэлье.
Дээр үед манай хөгшчүүл хавар, намартаа хануур самнуур, цус хануулах эмчилгээ их хийлгэж байсан. Энэ олон зуун жилийн түүхтэй тэр эмчилгээ маш хэрэгтэй байж. Хануулсны дараа хүмүүс бие сайхан хөнгөрчихлөө, аятайхан болчихлоо гэдэг байсан нь цаанаа далд учиртай байсан байгаа биз. Үүнийг бид сүүлийн жилүүдэд мэдэж эхэлж байна.
-Тэгвэл эмэгтэйчүүдэд төмөр дутагдах нь гайгүй гэсэн үг үү?
-Эмэгтэйчүүдэд харьцангуй гайгүй байдаг. Энэ нь байгалийн физиологийн хуулийн дагуу тэд сарын тэмдгээрээ цусаа багасгаад байдагтай холбоотой. Харин 50-иас дээш насанд, цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд мөн төмөр ихдэлт илэрдэг. Гэхдээ эрэгтэйчүүдийг бодоход харьцангуй гайгүй.
-Тэгэхээр энэ бүхэн ердөө хооллолттой холбоотой юу?
-Хоол, тэжээлтэй маш их холбоотой. Монголчууд бид махаа иддэг л гээд байдаг. Гэтэл улаан мах бол төмрийн асар их нөөц, эх үүсвэр болдог. Дээрээс нь бидний идэж ууж байгаа энергилэг бүтээгдэхүүнүүд ерөөсөө л төмрийн илүүдэлд хүргэдэг. Ядаж улаан дарс их ууж байна. Ялангуяа эмэгтэйчүүд. Улаан дарсанд төмрийн агууламж маш их байдаг. Цус багадсан, төмрийн дутагдалтай, цус алдсан хүмүүст бид улаан дарс багаар өгөхийг зөвлөдөг л дөө. Энэ нь цус төлжилт, төмрийн бууралтыг ихэсгэх гэж байгаа юм. Гэтэл хэвийн байгаа хүмүүс улаан дарс уугаад байхаар төмрийг нь улам л ихэсгээд байна гэсэн үг. Тэгэхээр дарс сайн гээд уух гэж байгаа л бол цагаан дарс нь илүү сайн байх шүү. Иймэрхүү юмыг манайхан мэдвэл их сайн байна. Ердөө л төмөр орсон мах, архи зэрэг бүтээгдэхүүнийг багасгах л хэрэгтэй.
-Ферритинийг аль ч лабораторид тодорхойлох уу?
-Ферритинийг лабораторийн шинжилгээгээр тодорхойлдог. Одоохондоо манай эмнэлгийн лаборатори, Сонгдо хоёрт тодорхойлж байгаа. Монгол эрчүүд, тэр тусмаа 40-50 насны эрчүүд зайлшгүй үзүүлэх ёстой. Ингэснээр элэгний үрэвсэл, зүрхний булчингийн сулрал, уушигны өвчин, амьсгалын дутагдалд хүргэдэг эмгэгүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.
Та ихэвчлэн төмөр ихдэлтийн талаар сая ярилаа л даа. Гэтэл эмэгтэйчүүдэд цус багадалт их байдаг гэдэг. Ялангуяа жирэмсэн эхчүүдэд цус багадалттай, төмрийн бэлдмэл уу гэж зөвлөдөг?
-Цэвэршилт болоогүй эмэгтэйчүүдэд физиологийн цус алдалт буюу асгалт байгаад байдаг учир төмрийн илүүдэл харьцангуй гайгүй байна гэж түрүүнд хэллээ. Бүр төмөр дутагдал ч тохиолдож болох юм. Гэхдээ Монголд тийм айхтар төмөр дутагдлын хурц эмгэгтэй эмэгтэй маш цөөхөн байдаг. Ходоод нь шархалчихсан, ходоодны шүүс ялгаралт нь багассан, ходоодны хатангиршилтай тохиолдолд хоёрдогчоор төмөр авдаг механизмууд нь алдагдаж, дээрээс нь сарын тэмдгийн үед цусаа алдахаар төмөр багадалтын эмгэг үүсдэг. Фолийн хүчил алдагдаад ирвэл мөн л төмөр шингээлт байхгүй болчихдог. Мөн нарийн бүдүүн гэдсээ тайруулсан хүн бол төмөр дутагдана.
Учир нь нарийн гэдэсний төгсгөлд төмөр шимэгддэг. Их хэмжээний цус алдсаны дараа цусыг төлжүүлэх нэг үндсэн материал нь төмөр байдаг учраас төмрийн дутагдал нэг хэсэгтээ байдаг. Гэхдээ энэ бүгд тодорхой тооны, цөөн хүнд тохиолддог өвөрмөц хэлбэрүүд. Тэгэхээр төмөр дутагдах дээрх бодит шалтгаануудаас бусад хэвийн хооллолттой монголчуудад төмөр дутагдал гэж ерөөсөө байхгүй.
Хүмүүсийн олонх цусан дахь төмөр багасдаг гэсэн ойлголттой байдаг, төмрийн бэлдмэл, төмөртэй витамин ууна гэдэг. Үнэхээр цус багадалттай байгаа бол эмчилгээ, арга хэмжээ авах ёстой. Гэтэл төмөр ихэдвэл бүр илүү аюултай гэдгийг мэддэггүйгээс эрүүл мэндээрээ хохирч байна. Эцсийн эцэст төмрийн хордлого бидэнд маш их байна.
-Төмөртэй витамин гэж их рекламддаг. Эм, нэмэлт бүтээгдэхүүнийг сүлжээгээр, сайн сурталчилж ухуулж чадсан нь хүмүүст уулгаж байна шүү дээ. Тэгэхээр төмрийн бэлдмэлийг зүгээр нэг сурталчилгаагаар авч болохгүй биз дээ?
-Төмөртэй витамин гэх зэрэг янз янзын юм ярьдаг болсон байна. Бидэнд мэдэгдэхгүй, өвчин хэлбэрээр тодорч ирэхгүй байгаа төмөр илүүдэл буюу гемиседироз монголчуудад байгаад байна. Бидний элэг, зүрх, уушиг муудаад байгаагийн бас нэг шалтгааныг төмөр ихдэлттэй холбон тайлбарлаж байна. Тэгэхээр мөнгөө тийм илүү юманд үрэх хэрэггүй.
-Цонхийсон царайтай, гар хөл нь дандаа хүйтэн явдаг хүмүүсийг цус багадалттай, төмрийн бэлдмэл уу гэж зөвлөдөг. Энэ зөв үү?
-Энэ нь маш олон шалтгаантай. Мэдрэлийн өвчнүүдийн үед, зах хязгаарын мэдрэлийн судсууд агшаад, төв мэдрэлийн системийн зохицуулга алдагдсан, манайхны хэлдгээр, ядаргаа гэсэн хэлбэрийн үед ийм шинж, гар хөл нь хүйтэн байх, ядрах зэрэг шинж илэрдэг. Бидний мэргэжлийн хэллэгээр зах хязгаарын судасны нарийсал буюу Рейно синдром гэж ярьдаг. Үнэхээр цагаан цайвар цонхийсон байх нь бас уураг дутагдалтай холбоотой байдаг. Элэг муу байвал, уургийн нийлэгжүүлэлт багасаад ирвэл, уураг нь төмрөө зөөж явдаг болохоор цаана нь төмөр байлаа ч зөөгч нь байхгүй бол мөн төмрийн дутагдалд ордог.
-Цус багадалттай хүмүүсийг улаан дарс уу, улаан лооль ид гэдэг. Гэтэл та улаан дарсыг хамаагүй ууж болохгүй гэлээ?
-Бүх хүнсний бүтээгдэхүүнд элементүүд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Ялангуяа улаан өнгийн хүнсний тэжээлийн бодисуудад төмрийн агууламж их байдаг юм байна. Ер нь бол хамаагүй ууж идээд байж болохгүй. Манайханд нэг буруу ойлголт яваад байна. Ердийн юм идэж ууж байгаа хүмүүст төмөр, кальци дутагдах ёсгүй. Кальцийг сайн сурталчилсных нь дагуу хэн дуртай нь хэрэглэж болохгүй. Судас, нуруу, ясны шохойжилт гээд буруу эмчилгээний сурталчилгаа яваад байгаа юм. Остеопороз гэдэг бол нас дагаад гарч ирдэг, цаанаа атомын нарийн урвал шиг нарийн үр дүнд үүсч байгаа ясны сийрэгжилт шүү дээ. Энэ бол байгалийн, физиологийн, биохимийн маш нарийн процессууд. Өдөрт нэг аяга сүү уухад хангалттай кальци авдаг. Наранд биеийн ил хэсгийг 15-хан минут үзүүлэхэд Д витаминаа хангалттай авчихна. Энэ хоёрыг дагасан байхад сийрэгжилт энэ тэр ярихгүй байж болно. Тэгтэл үүнийг уухгүй бол та хэцүүднэ гээд л толгойг нь эргүүлэх юм.
Би хүмүүст хэрэгтэй гэсэн үүднээс өөртөө тохиолдсон нэг жишээ хэлье л дээ. Нэг эмийн компанийнхан кальцийн хэмжээг үздэг денситометр гэх багажаар манай эмч нарыг бүгдийг үзсэн. Гэтэл ганцхан хүнээс бусдад бүгдэд нь ясны сийрэгжилт байна гэж гарсан. Надад ч ясны сийрэгжилттэй байна гэж хэлсэн. Тэгтэл би түүнээс хоёр сарын дараа тохойгоо гэмтээгээд гарынхаа ясны зургийг авахууллаа л даа. Манай гэмтлийн эмч тэр зургийг үзээд, танд ямар ч ясны сийрэгжилт байхгүй, бололцоотой бол хадчихаж болох юм байна, таны яс 50 настай хүнийх гэхэд үнэхээр сайхан байна гэж байгаа юм. Тэгэхээр бодит байдал, денситометрийн заалт хоёр хоорондоо ийм зөрүүтэй байна. Би бол эмч хүн учраас надад кальци дутагдах ёсгүй, остеопороз харин тодорхой хэмжээгээр байж л байгаа гэж бодож байгаа юм. Тэгэхээр худалдааны сурталчилгаанд маш болгоомжтой хандахгүй бол болохгүй.
Энгийн ухаанаар бод доо. Манай ард түмэн, танай аав ээж, хөгшчүүл өмнө нь нэмэгдэлгүйгээр, кальцийн бэлдмэлгүйгээр зүгээр л амьдраад байсан. Одоо харин ч монголчуудын дундаж наслалт сайжирсан, 67 хүрчихсэн. Уг нь 58, 59 байсан, социализмын үед 63 байлаа. Тэгэхээр манай үндэстэн бол генийн хувьд, хоол хүнсний хувьд ерөнхийдөө эрүүл. Үүнийхээ хүчинд наслалт уртсаад байгаа. Харин бизнесийн буруу эмийн сурталчилгаа өвчнийг, өвдөлтийг ихэсгэх гээд байна. Тиймээс ганцхан зөвлөгөө өгье. Өөрөөрөө битгий тогло. Мөнгө чинь ихдээд байвал өөр юм авч тогло.