“Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрхийг ажлын байранд хамгаалахад ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН оролцоо чухал”
Монголд Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос олон ажлуудыг зохион байгуулан хийж байгаагийн нэг нь Монголын ажилтан албан хаагчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран
“БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг өнөөдөр “Альфа” зочид буудалд зохион байгуулж байна.
Хурлын нээлтэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат, Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага /PSI/-ын Токио дахь төвийн захирал Хиро Аобэ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэлсэн үгэндээ “Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын гол ач холбогдол бол Үйлдвэрчний эвлэлийн байгууллага зөвхөн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаад зогсохгүй нотолгоо, судалгаанд суурилсан асуудлыг хөндөж шийдвэрлэхийг зорьж байна. Төрийн үйлчилгээний олон улсын байгууллага (PSI)-ын зүгээс 2017 онд “Бүх нийтийн эрүүл мэнд” компанит ажил зарласантай холбогдуулан иргэн болгонд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс төрийн бодлогод чиглэл болон оролцох, эрүүл мэндийн салбарт орох санхүүжилтыг нэмэгдүүлэх цаашлаад эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг зорьж өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хурлаас гарсан санал зөвлөмжийг Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд уламжилна.” хэмээлээ.
Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, эрүүл мэндийн болон төрийн албаны бусад гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн төлөөлөл нийт 80 орчим хүн оролцож байна.
Хурлаар “Бүх нийтийн эрүүл мэнд ба орчин үеийн хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудлууд”, “Төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого /2017-2026/, “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд явуулж буй үйл ажиллагаа”, “Орон нутаг дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тулгамдаж буй асуудал”, “Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрхийг ажлын байранд хамгаалахад ҮЭ-ийн оролцоо” зэрэг нийт 20 гаруй сэдвээр хэлэлцүүлэг хийж, харилцан туршлага солилцсон үр дүнтэй хурал боллоо.