ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
Сэтгүүлчид өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах эрхтэй болов
ЭМЯ-наас сэтгүүлчдийн дунд зарласан “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт уралдаан 8 дугаар сарын 4-ий өдөр шилдгүүдээ тодрууллаа.
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдааныг зохион байгуулсан юм.
Нийтлэл болон нэвтрүүлгийн төрлөөр эхний гурван байрт шалгарсан сэтгүүлчдийг өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах эрхийн бичгээр шагнасан бол тусгай байр эзэлсэн долоон оролцогчийг дурсамж, мөнгөн шагналаар шагнаэ урамшуулсан юм.
Нэвтрүүлгийн төрөлд нэгдүгээр байрт сэтгүүлч Б.Мөнх-эрдэнэ, Стар телевиз “Амьдралын тасалбар” сурвалжлага, хоёрдугаар байрт сэтгүүлч Ө.Отгонбаатар, ТВ-5 телевиз “Амжилтын төлөө” ярилцлагын нэвтрүүлэг, гуравдугаар байрт А.Сарантуяа, МҮОНР “Харвалтыг эмчилж болно” радио нэвтрүүлэг, Нийтлэлийн төрөлд нэгдүгээр байрт Г.Отгонжаргал, Үндэсний шуудан сонин “Зүрхний эх баригч”, хоёдугаар байрт Б.Гэрэл, Medee.mn сайт “Монгол эмч нар гавлын ясыг нээхгүйгээр судсан дотроос хагалгаа хэрхэн хийдэг вэ", гуравдугаар байрт Э.Адъяасүрэн Хэвлэлийн төлөөлөгчдийн холбоо “Үүдэнд гээгдсэн бухимдал” нийтлэлээр тус тус шалгарлаа.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 8 дугаар сарын 3-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др.Сергей Диордицаг хүлээн авч уузлаа. Уулзалтын эхэнд Сайд хэлэхдээ юуны өмнө Др.Сергей Диордица танд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ирсэнд баяр хүргээд, цаашид олон ажлууд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
ДЭМБ Монгол Улсын Засгийн газартай маш ойр, дэмжиж хамтран ажилладагт талархалтай байдаг. Таны томилогдон ирж буй цаг үед Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын Хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийн баримт бичиг (2017-2021)-ийг байгуулах, 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтран боловсруулах, Бүсийн захирал Др.Шин Ян-сугийн Монгол Улсад ирэх сард хийх айлчлалын бэлтгэлийг хангах, цаашилбал Бүсийн 68 дугаар чуулгандаа бэлтгэх чухал ажлууд хийгдэж байна. Эдгээр ажлуудад ач холбогдол өгч, биднийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн уулзалтад яамны газар, хэлтсийн дарга нар оролцож шинээр томилогдон ирсэн төлөөлөгчидтэй танилцан цаашидын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ТНБД Д.Очирбат “Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явц болон төслийн гүйцэтгэгч багийнхантай уулзлаа
“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт – Импорт банкны ерөнхий менежер Сунг Чэ Үг-ийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын ажлын явц болон одоо хийгдэж буй ажлуудын талаар төслийн барилгын ажлын гүйцэтгэгч “Боми Инженеринг энд Констракшн” ХХК-ийн захирал Юү Ду Хёнь танилцуулсан бол Экспорт – Импорт банкны ерөнхий менежер Сунг Чэ Үг нар Монгол Солонгос 2 улсын Эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт сургалт зохион байгууллаа
НҮБ-ын Хүүхдийн Сан, “Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбоо” –ны санаачлагаар 1992 оноос эхлэн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” мэдээлэл сурталчилгааны Дэлхийн долоо хоногийг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.
Энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор эхийн сүүгээр хооллолтын дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгох, бэхжүүлэх зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна.
НЭМҮТ-ийн баг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ажиллаж байна
Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үндэсний хэмжээнд ажиллаж буй нийгмийн эрүүл мэргэжилтнүүдийг чадавхижуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шинэ мэдээллээр хангах, улс орны хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 21 аймагт ажиллах зорилт тавьсан.
Энэ хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн Булган, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллаж, мэргэжилтнүүдэд сургалт амжилттай зохион байгуулаад ирсэн.
Харин энэ удаад Монголын баруун бүс болох тодруулбал Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудаар амжилттай зохион байгуулж байна. Сургалтыг НЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэ, Орчын эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал нар зохион байгуулж байна.
Төвийн эмч, мэргэжилтнүүд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн Цусны салбар төвд ажиллав
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд ЦССҮТ-ийн Технологийн тасгийн эрхлэгч Н.Халиун, Мэдээллийн технологи, инженер техникийн тасгийн эрхлэгч Ч.Далайцэрэн нарын эмч, мэргэжилтнүүд 2017 оны 7 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллалаа.
Тэд тус аймгуудын Цусны салбар төвийн зохион байгуулалттай танилцаж, үйл ажиллагаанд шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөөг газар дээр нь өглөө.
Мөн төслийн хүрээнд ханган нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн ашиглалт, тохиргоо, арчилгааны талаар ажлын зааварчилгаа өгч, цахим бүртгэлийн программыг үндсэн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэн, жигдрүүлж, ажлын байрны холбогдох сургалтыг зохион байгуулав.