Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулалт хийхийг уриалав

2017 оны 7 сарын 31

Жил бүрийн наймдугаар сарын 01-07-нд дэлхийн 170 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” эхэллээ. 


Эл өдрийг энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болж хүүхдийн дундах өвчлөл ихэсчээ. Энэ нь олон шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байна.

Энэ долоо хоногийн аяны хүрээнд эхийн сүүгээр хооллолтод эмч, эмнэлгийн ажилчдын өгөх зөвлөгөө, дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, бүх аймаг дүүргийн жирэмсний хяналтын эмч, эх баригч, нярайн эмч, сувилагчдыг хамруулсан зайн болон танхимын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриаллаа.

Тиймээс эхийн сүүгээр хооллолтын үр өгөөжийг зөвхөн хүүхэд төдийгүй улс орнууд хүртэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, бусад түнш байгууллагууд бүгд нэгдэн хамтдаа ажиллах шаардлагатай. Ингэхдээ эхийн сүүгээр хооллолтыг дэмжих улс төр, санхүү, хууль эрх зүй, олон нийтийн нөөц бололцоог зэрэг дайчилж чадвал, ээжүүд, хүүхдүүд, цаашлаад нийгэм тэр чигтээ үр өгөөжийг нь хүртэх болно.Улмаар хүүхдийг эхийн сүүгээр хооллолт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45493
0 эможи
keyboard_arrow_up