B, C вирусын илрүүлэг шинжилгээнд 71 100 иргэн хамрагдаад байна
Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 40-65 насны 71 100 иргэн хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаад байна.
Хепатитийн В, С вирус нь элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог байна. Уг илрүүлэг шинжилгээг өгөх хүсэлтэй 40-65 насныхан харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Хэрэв хепатитийн С вирусийн халдвартай гарсан бол вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.