ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД

2017 оны 7 сарын 29

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нь 2017 оны 5 дугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар Ассемблейн үеэр ОХУ-ын Эрүүл мэндийн сайд хатагтай Вероника Скворцоватай уулзаж, 2 улсын Засгийн газар хооронд анагаах ухаан, эрүүлийг хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэхэд уг хүсэлтийг хатагтай В.Скворцова халуун дотноор хүлээн авч, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг үе шаттай авч хэрэгжүүлэхээр болсон байна. Элчин сайд И.К.Азизов нь Оросын холбооны улсын Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ оны 11 дүгээр сард болох ОХУ-ын Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулагдах сүрьеэ өвчний талаар тулгамдаж буй асуудлыг зөвлөлдөх Эрүүл мэндийн сайд нарын анхдугаар Олон Улсын бага хуралд оролцох урилгыг дамжуулж, ОХУ-д албан ёсны айлчлал хийхийг урьлаа.

Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр

Жил бүрийн 7-р сарын 28-ны өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол улс 7 дахь удаагаа энэ өдрийг “Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэх гэж байна. Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021”-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах юм. Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Ёс зүй, хариуцлагыг хэвшүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байдаг

Эмнэлгийн мэргэжилтэн, эмч нарт  ёс зүй, ёс зүйн хэм хэмжээг баримтлах, ёс зүйн горимыг сахин мөрдөх, харилцаа хандлагыг төлөвшүүлэх, авлига ашиг сонирхлоос сэргийлэх ажлыг тасралтгүй, чанартай зохион байгуулах шаардлагатай байдаг. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн оны сүүлчээр ЭМЯ, АТГ-тай хамтран эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөл болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрыг оролцуулсан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны сургалтыг зохион байгуулсан.  Гэвч байгууллагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ил тод, хариуцлагатай байдалд удирдлагаас гадна эрх бүхий албан тушаалтан болон ёс зүйн салбар хорооны хамтын ажиллагаа, оролцоо чухал юм.

Төр болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд батламж гардуулав

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Магадлан итгэмжлэл олгох тухай” А/232 тушаалын дагуу магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан төр болон хувийн хэвшлийн 26 эрүүл мэндийн байгууллагуудад батламжийг гардууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэхдээ хүний нөөцийн хангалт, мэргэшсэн байдал, Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартын хэрэгжилт, өвчтөний аюулгүй байдал, техник, технологийн шинэчлэл, байгууллагын гадаад, дотоод орчны тохижилтын хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа зэрэг шалгуур үзүүлэлтээр сонгожээ. 

Эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн хүрээнд Төв, Говь-Алтай аймагт мобайл тоног төхөөрөмж гардуулж өглөө 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл 2 дахь жилдээ Монгол улсын сонгосон 8 аймаг /Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс Хөвсгөл/, 2 дүүргийн /Сүхбаатар, Чингэлтэй/ сонгогдсон сум, хорооны өрх, сумын эрүүл мэндийн төвд хэрэгжиж буй. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэмэлт санхүүжилтээр Төв аймгийн Баянчандмань сум болон Говь-Алтай аймгийн Алтай суманд төслийг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр ашиглагдах мобайл тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45468
0 эможи
keyboard_arrow_up