В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд 230 мянга гаруй хүн хамрагдаад байна
Жил бүрийн долоодугаар сарын 28-нд “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг. Манай улс долоо дахь жилдээ тэмдэглэж буй бөгөөд энэ жил “Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэх гэж байна.
Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021”-ийн хепатитийн вирусн халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах юм.
Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусийн халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусийн шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын халдвараас сэргийлэх, өөрсдийнхөө эрсдэлт зан үйлийг өөрчлөх талаар иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэх, түүнчлэн уг вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, вируст хепатитийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй 40-65 насны иргэдийн илрүүлэг шинжилгээнд зорилтот насны нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувь буюу 230 гаруй мянган хүнийг хамруулаад байна.
Элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх, вирус тоолох шинжилгээ хийх, элэгний вирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.
Иргэд ялангуяа залуучууд хепатитийн вирусийн халдвараас сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болно хэмээн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.