Манай улс бусад улс оронтой харьцуулахад элэгний хавдрын өвчлөлөөр нэгт, ходоодны хавдрын өвчлөлөөр хоёрт ордог байна
Монголын Гастроэнтерологийн эмч нарын нийгэмлэгээс санаачилсан “Хоол боловсруулах эрхтэн судлалын долоо хоног” хурал өнөөдөр эхэллээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн хурлаар Монгол улсын хүн амын дунд хепатит В,С вирусын халдварын тархалт, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн тухай, элэгний С,В вирусын эсрэг эмчилгээний талаар, дэлхий дахинд элэгний хорт хавдраар өвчлөх тохиолдол ихсэж байгаа, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гадаад, дотоодын эрдэмтэд илтгэл тавилаа. Энэ удаагийн хуралд Япон, ОХУ, Тайван, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэд оролцсон юм.
Манай улсын хүн амын 2013 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаанд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин 2-рт оржээ.Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох өвчлөлөөр улаан хоолой, ходоод дээд гэдэсний эмгэг тэргүүлж, нас баралтаар элэгний эмгэг орсон байна.