О.СЭРГЭЛЭН: Өнөөгийн анагаах ухааны хөгжлийн оргил нь ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс засал

2017 оны 7 сарын 08

Маргааш “Эрхтэн шилжүүлэн суулгах” Олон улсын хоёрдугаар хурал эхлэнэ. Тус хуралд Дэлхийн болоод Япон, Солонгос, Азийн эрхтэн шижлүүлэн суулгах нийгэмлэгийн удирдлагууд, эрдэмтэн профессорууд хүрэлцэн ирж туршлагаасаа хуваалцах юм.

 

Манай улсын хувьд бөөр, элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслаараа дэлхийд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөөд буй. Тус хурлын талаар Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэнтэй ярилцсанаа хүргэж байна.

Маргааш эхлэх Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурлыг манай оронд зохион байгуулж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

Эрхтэн шилжүүлэн суулгалтын анхдугаар хурал 2015 онд УНТЭ-ийн 90 жилийн ойгоор элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах чиглэлээр зохион байгуулагдаж, 18 орны зочид төлөөлөгчид оролцож байсан. Түүнээс хойш эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг хоёр жил тутамд зохион байгуулж байхаар болсон. Монгол улс газарзүйн байрлалын хувьд Ази, Европыг холбосон байдгаараа ихээхэн онцлогтой. Ер нь Европын орнуудын хувьд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ илүү хөгжсөн байдаг бол Азийн орнуудад амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ түлхүү хөгжсөн байдаг. Тэгэхээр энэ хоёр талыг нэгтгэн, туршлага солилцох хамгийн боломжтой газарзүйн байрлал бол Монгол улс гэж үзэн, хоёр жил тутамд тогтмол манай улсад зохион байгуулахаар болсон. Энэ жилийн хурлыг “Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо” зохион байгуулж байна.

Элэг шилжүүлэн суулгах тал дээр ямар шинэлэг илтгэлүүд тавигдахаар байгаа вэ?

БНСУ-ын эрдэмтэд “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний үндсэн зарчим”, “Элэг шилжүүлэн суулгах урлаг”, Энэтхэгийн эрдэмтдийн хувьд “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараа гардаг хүндрэлүүдийн талаар”, Монгол талаасаа “Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой халдварын хүндрэл”, “Элэг шилжүүлэн суулгах өвчтөнүүдийг хэрхэн бэлтгэх”, “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараа хэрхэн хянах” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ. Мөн “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараа авагдсан элэгний эмгэг, анатоми, дүрс оношлогоо” гэх мэтчилэн  элэг шилжүүлэн суулгахад оролцдог бүх салбарын илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хангагдсан байгаа.

Манай улсад Элэг шилжүүлэн суулгах мэс засал хэдэн оноос хийгдэж эхэлсэн бэ?

2007 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ярихад ойлгодог хүн огт байгаагүй. Харин АШУҮИС-ийн захирал, академич н.Лхагвасүрэн маш эерэгээр хүлээн авч, ойлгож, мэс заслын лабораторийг байгуулж өгсөн. Тэгээд Шинжлэх ухаан технологийн санд “Элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс засал” гэсэн төсөл бичиж, дөрвөн сая төгрөгийн санхүүжилт авсан.  Тэр үеэс л энэ төрлийн мэс заслын суурь тавигдаж, 2009 онд 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийсэн. 

Ер нь Монгол улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн бодол байсан. Учир нь элэг муутай, элэгний хатууралтай, элэгний хавдартай хүмүүсийг эмчлэх ямарч боломж нөхцөл нь бүрдээгүй байсан. Нэг ёсондоо аварч чаддаггүй байсан. Энэ үед эмч хүний хувьд сэтгэл өвдөж, эмчилгээний аргыг судалж, нэвтрүүлэхийг маш их хүсдэг байсан. 2004 онд Швейцарийн баг Монголд ирж профессор Жиле-д энэ талаар ярихад “Эхлээд бөөр шилжүүлэн суулгадаг болох хэрэгтэй, үүний дараа элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаар яриарай” гэсэн зөвлөгөө өгч байсан.

2007 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ярихад ойлгодог хүн огт байгаагүй. Харин АШУҮИС-ийн захирал, академич н.Лхагвасүрэн маш эерэгээр хүлээн авч, ойлгож, мэс заслын лабораторийг байгуулж өгсөн. Тэгээд Шинжлэх ухаан технологийн санд “Элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс засал” гэсэн төсөл бичиж, дөрвөн сая төгрөгийн санхүүжилт авсан.  Тэр үеэс л энэ төрлийн мэс заслын суурь тавигдаж, 2009 онд 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийсэн. Үүнийг зөвхөн эмч нар маань дадлагажих зорилгоор хийж байсан учраас гахайг амьдруулаагүй ч багийн сургалтанд маш их түлхэц болсон гэж боддог. Дараа  нь 2009 онд БНХАУ-д мэс заслын олон улсын хурал болж, тэр хурлын үеэр БНСУ-ын “АСАН” анагаах ухааны эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Сан Гү Ли гэдэг профессортой уулзаж, өөрсдийн тухай ярьж, туслахыг гуйсан.  Ли профессор бидний саналыг “АСАН” төвд уламжилж, 2010 оноос одоог хүртэл манай улсын багийн бүх зардлыг төлж, жил бүр Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгах тус төвд эмч нарыг дадлагажуулдаг. Тус төвөөс 2011 онд өөрсдийн багаж, тоног төхөөрөмжтэй ирж анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.

Одоогийн байдлаар нийт хэдэн хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн бэ?

Бид баг бүрэлдэхүүнээрээ  36 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Эхний жилүүдэд БНСУ-ын багтай хамтран мэс заслыг хийдэг байсан бол 2016 оноос өөрсдөө дангаараа хийж эхэлснээс хойш 9 хүнд хийгээд байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын олдоц хэр байдаг вэ?

Донорын хувьд тархины үхэлтэй донор, амьд донор гэж хоёр янз бий. Манай улсын хувьд Азийн орнуудын адил нас барсан хүний цогцосыг гэмтээхгүй гэдэг утгаараа амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа харьцангуй сүүлд хөгжсөн байдаг. Мөн Азийн орнуудын нэг сайхан чанар бол ам бүлсэг байдаг учраас Азийн орнуудад амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал илүү хөгжсөн байдаг. Нийт 36 мэс засал хийсний нэг л тохиолдолд цогцосны донороос эрхтэн шилжүүлэн суулгасан байдаг. Элэгний донороос 2/3-ийг  нь авч, донортоо 1/3 –ийг нь үлдээдэг.

Донор болсон хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө байдаг уу?

Донор болж байгаа хүн маань залуу бас эрүүл байх хэрэгтэй байдаг. Тиймээс мэс засал хийлгэснээс гурван сарын дараа гэхэд элэгний 80 хувь нь төлжиж, нэг жилийн дотор элэг бүрэн төлждөг.

Донор болж байгаа хүн маань залуу бас эрүүл байх хэрэгтэй байдаг. Тиймээс мэс засал хийлгэснээс гурван сарын дараа гэхэд элэгний 80 хувь нь төлжиж, нэг жилийн дотор элэг бүрэн төлждөг.

Мэс заслын дараах эмчилгээнд хэр хугацаанд хамрагдах ёстой вэ?

Насан туршдаа л хяналтанд байх хэрэгтэй. Эхний нэг жилийн хугацаанд байнгын хяналтанд байна. Харин нэг жилээс хойш гурван сар тутамд, таван жилээс хойш зургаан сар тутамд, 10 жилээс хойш жилд нэг удаа үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй болдог.

 

Элэг шилжүүлэн суулгах баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

Элэг шилжүүлэн суулгах баг маань 40 гаруй хүнтэй. Багт мэс засалч, мэдээгүйжүүлэгч, нойрсуулагч, эрчимт эмчилгээнийхэн, элэгний эмч нар, лабораторийн эмч нар, хагалгааны болон эрчимт эмчилгээний сувилагч нар, дүрс оношилгооныхон, эрдэм шинжилгээний баг гээд маш олон хэсгүүдтэй. Тиймээс нэг мэс засал хийхэд 40 гаруй хүн 20 гаруй цаг ажилладаг. Мөн элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед УНТЭ-ийн эмийн сан, инженер техникийн алба гээд бүгд нэгдэн ажилладаг.

Энэ олон хүнтэй багийг яаж санхүүжүүлж авч явдаг вэ?

Тиймээс 2011 онд Монголд анх элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр төлөвлөж байхад УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж байгаагүй бол одоо энэ түвшинд хүрэхгүй байх байсан. Тухайн үед Эрүүл мэндийн сайд С.Ламбаа УНТЭ-д зөвшөөрөл өгч гарын үсгээ зурж, эмнэлэгийн удирдлага өөрийн биеэр БНСУ-ын АСАН төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан түүхтэй. Засгийн газар, эмнэлгийн захиргаа ийнхүү дэмжиж байсан учраас БНСУ-ын захиргаа итгэлтэйгээр дэмжин ажилласан. Тиймээс өнөөгийн түвшинд хүрсэн гэдгийг зориуд дурдахыг хүсч байна.

Өнөөдрийг хүртэл бид 36 хагалгаа хийхдээ ямар нэг шан харамж урамшуулал, цалин хангамж нэхээгүй. Ерөөсөө л энэ мэс заслыг Монголд нутагшуулна гэдэг сэтгэлээр анхнаасаа баг болж ажилласан.Санхүүжилтын хувьд асуудал нэлээдгүй. Анх элэг шилжүүлэн суулгах хагалгаа 60 сая төгрөгийн үнээр хийж байсан. Харин 2014 оноос долларын ханш хэт их өссөнтэй холбоотойгоор ЭМЯ-аас баталсаны дагуу 85 сая төгрөгөөр хийж байна. Мэс заслын зардлыг Сангийн яамны Эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн тусгай дансад байршуулж, эмийн компаниуд болон бусад компаниуд руу шилждэг. УНТЭ-т бол хамаардаггүй, мэс заслын бусад зардлыг эмнэлгийн хувийн зардлаар хийдэг. Энэ дашрамд хэлэхэд, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийнэ гэдэг бол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан ажилбар байдаг. Тиймээс 2011 онд Монголд анх элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр төлөвлөж байхад УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж байгаагүй бол одоо энэ түвшинд хүрэхгүй байх байсан. Тухайн үед Эрүүл мэндийн сайд С.Ламбаа УНТЭ-д зөвшөөрөл өгч гарын үсгээ зурж, эмнэлэгийн удирдлага өөрийн биеэр БНСУ-ын АСАН төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан түүхтэй. Засгийн газар, эмнэлгийн захиргаа ийнхүү дэмжиж байсан учраас БНСУ-ын захиргаа итгэлтэйгээр дэмжин ажилласан. Тиймээс өнөөгийн түвшинд хүрсэн гэдгийг зориуд дурдахыг хүсч байна.

Элэг гэлтгүй эрхтэн шилжүүлэн суулгахад тулгарч буй асуудал юу байна вэ?

Нэн тэргүүний асуудал бол санхүүжилт байна. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд эмч мэргэжилтнүүд байнгын суралцаж байх шардлагатай байдаг. Өнөөдрийг хүртэл БНСУ-ын “АСАН” төв 1,6 сая орчим долларыг Монгол улсад элэг шилжүүлэн суулгахад зарцуулсан байдаг. Цаашид ингэж сургалтанд хамруулна гэдэг асуудалтай. Тиймээс төрийн зүгээс энэ асуудлыг шийдэж, дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага байна. 2013 онд 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр одоогийн хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжөө авсан. Гэтэл өнөөдрийн байдлаар багажийн шинэчлэл хийгдээгүй, эхнээсээ муудсан байна. Тиймээс багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд тодорхой санхүүжилт шаардлагатай. Одоогийн засгийн газраас эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг үнэ төлбөргүй болголоо гэж зарласан байгаа ч хараахан санхүүжилт орж ирээгүй байна. Гэхдээ гурван хүний хагалгааг үнэ төлбөргүй хийсэн байгаа. Тиймээс энэ санхүүжилтыг яаралтай шийдэж өгөхгүй бол нэн даруй хагалгаанд орох шаардлагатай хүмүүс нэлээд байна. Бас нэгэн тулгамдаж буй асуудал бол Донорын тухай хууль юм. Донорын тухай хуулийг УИХ-д өргөн барисан байгаа. Үүнийг намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэж өгнө гэж найдаж байна.

Танайд мэс засалд орох шаардлагатай хэдэн хүн байгаа вэ?

Бүртгэлтэй 60 гаруй хүн хяналтанд байна. Яг хагалгаанд орохоор бэлтгэгдсэн 10 хүн байна.

Бид элэгээ хэрхэн хамгаалах вэ? Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Монголын хувьд элэгний эмгэгийн гол түлхүүр болох В, С вирус болон делта вирусын халдвар өндөр байна. Энэ төрлийн халдварыг хүн өөрөө бий болгож байна. Тухайлбал хөмсөг, уруул шивүүлэх, гоо сайхны мэс засал хийлгэх, шүдээ авахуулах зэргээс халдвар авах том эрсдэл үүсдэг. Нөгөө талдаа эмнэлгийн байгууллагууд ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайжруулах, хувь хүн  шаардлага хангасан хангаагүй архи хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах зэргээс элэгний эмгэг үүсэх гол шалтгаан болж байна.

Мөн хүүхдээ багаас нь эхлэн эрүүл ахуй, гар угаах зарчимд сургах, элэгний үрэвсэл үүссэний дараа байнгын эмчилгээ хяналтанд ороогүйн улмаас өвчлөлөө хүндрүүлдэг. Уг нь элэг эмчлэгддэг, нөхөн төлжилт маш сайн эрхтэн. Тиймээс эмчид хандаж эмчилгээгээ тогтмол хийлгэж, хяналтанд байж, архи болон шарсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, доргиохгүй байх хэрэгтэй.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг анагаах ухааны ноён оргил гэдэг. Энэ эмчилгээг нутагшуулсан нь манай улсын хувьд том хөгжил гэж бодож байна?

Тийм. Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлснээрээ анагаах ухааны хөгжлийг асар өндөр түвшинд хүргэсэн. Эрхтэн шилжүүлэн суулгадаг болсноор мэс засал нь сайжирахаас гадна дүрс оношлогоо, лаборатори болон эмч нарын мэдлэг чадвар зэрэг цогцоороо хөгжих боломжийг бүрдүүлсэн. Монгол улсын хувьд элэг, бөөр, ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгадаг болсон нь маш том амжилт юм. Энэ чухал ололт амжилтыг УНТЭ-ийн захиргаа болон эмч нар бор зүрхээрээ бий болгосон. Үүнийг цаашид төр засгаас дэмжиж илүү хөгжүүлэх л зайлшгүй шаардлагатай гэдгийг нэмж хэлмээр байна.

“О.Сэрэглэн эмч нь 35 жил улсад ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд элэг, ходоод, нойр булчирхай гэх мэт олон төрлийн эрхтэний мэс заслын эмчилгээг хийж байсан. 2007 онд элэг шилжүүлэн суулгах чиглэлээр Финлианд болон ХБНГУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн юм”

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44940
0 эможи
keyboard_arrow_up