НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар өнөөдөр нийслэл болон хувийн хэвшилд салбарын хэлэлцээр байгуулах талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа болон нийслэлийн харъяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Үйлдвэрчний эвлэлийн бусад салбарын байгууллагууд дундаас Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн байгууллага эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа төлөө хамгийн их тэмцдэг, санаа зовдог, эрх ашгийг хамгаалж, дуу хоолой болж, идэвхтэй ажилладаг байгууллага гэж бодож явдаг. Эмнэлгийн дарга байхдаа ч одоо ч хамтарч ажиллаж байгаа цаашдаа ч эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа эрх ашгийн төлөө хамтран ажиллах болно. Та бүхэнд ажлын амжилт хүсье" хэмээлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар хэлсэн үгэндээ "Үйлдвэрчний байгууллага дандаа засгийн газар, ажил олгогч нарыг шахаж шаардаж ажиллахаас гадна эрүүл мэндийн салбарын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалахаас гадна салбарын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажилласнаар ажил олгогчийг хамгаалах сайн талтай юм. Учир нь хамтын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой 2016 онд 6 байгууллагад маргаан гарснаас 4 нь нийслэлийн харъяа эмнэлэгт гарч ажилтны талд шийдвэрлэгдсэн байх жишээтэй. Тиймээс хамтран ажиллагааг шинэ шатанд гаргаснаар ажилтан болон ажил олгогч хоёул хамгаалагдах боломжтой юм. Түүнчлэн зөвхөн хамтын гэрээ, хэлэлцээрээс гадна нийслэлийн хэмжээнд хамтарсан сургалт, зөвлөгөөн зэрэг олон ажлуудыг гэрээнд тусгасан байгаа. Улс орон даяар сонгууль, баяр наадмын талаар ярьж байхад томоохон хамтын ажлын эхлэлийг тавьж байгаадах баяртай байна. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө нэг зорилгын төлөө зүтгэж байгаа хүн бүхэнд ажлын амжилт хүсье" хэмээв.
Тус хамтран ажиллах гэрээний хүрээнд
- Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны гурван талт хамт(тариф)-ын хэлэлцээр болон түүнтэй холбоотой тушаал шийдвэрийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөж ажиллах
- Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах, төрийн бодлогод нөлөөлөхөд дэмжлэг үзүүлж, хамтарсан олон талт ажил зохион байгуулах
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаад дотоодын сургалтанд хамруулах, харилцан туршлага солилцох асуудлыг хамтран зохион байгуулах,
- Эрүүл мэндийн салбарын хэмжээний хурал, зөвлөгөөн, чуулган, уулзалт, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулах
- Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй улсын зөвлөгөөн, уулзалт, сургалт семинар, өдөрлөг арга хэмжээнд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах
- Эмч, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах
- Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийг зохистой болгох чиглэлээр хамтран ажиллах
- Монгол улсын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах зэрэг асуудлуудыг тусгасан байна.