Вакцин, биобэлдмэлийн төлөвлөлт, зохицуулалтын хороо хуралдлаа
Дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Вакцин биобэлдмэлийн төлөвлөлт, зохицуулалтын хорооны ээлжит хурал өнөөдөр хуралдлаа.
Хурлаар товлолын болон тархвар судлал, сайн дурын дархлаажуулалтад шаардагдах вакцин, биобэлдмэл, зүү тариур, аюулгүй хайрцаг болон хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн 2018 онд шаардагдах хэрэгцээний төслийг хэлэлцэв. Мөн дархлаажуулалтын төсвийн 2017 оны эхний хагас жилийн гүйцэтгэлтэй танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Энэ үеэр Дэд сайд бөгөөд хурлын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ Монгол улсын Засгийн газар нь товлолын болон бусад дархлаажуулалтад шаардлагатай бүх вакцин, биобэлдмэл, зүү тариур бусад дагалдах хэрэгслийн бүрэн хариуцдаг нь сайн боловч санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллах нь чухал. Мөн дархлаажуулалтын хөтөлбөр болон санхүүгийн тогтвортой байдлын олон улсын үнэлгээний дүн гарсныг онцлоод, улс орны эдийн засгийн байдал, болон бусад бодлогуудтай уялдуулан, дархлаажуулалтад шаардлагатай төсвийг оновчтой төлөвлөж, зарцуулалтад нь хяналт тавьж, улмаар төсвийг аажим нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэхэд санаачилгатай ажиллах талаар холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө.