ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ батлагдснаар ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУЛГАЛТЫН ямар боломжууд гарах вэ?

2017 оны 7 сарын 05

 

Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас  баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа учраас Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан байна.

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 136 иргэнд бөөр (120 иргэнд амьд донороос, 16 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 28 иргэнд элэг (27 иргэнд амьд донороос, 1 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), 2 иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна.

"Эрхтэн шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээний нийт зардалд ойролцоогоор 16-85 сая төгрөг шаардагдаж байна"

Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний зардалд 50.000-110.000 ам доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт асар их эд материал, санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирч их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна.

Дэлхий дээр дунджаар нийт хосын 12 хувь нь үргүйдэлтэй байдаг. Үргүйдлийн тархалт жил ирэх тусам ихсэж байгаа, ялангуяа хөгжиж байгаа орнуудад осол, гэмтэл, бэлгийн замаар дамжих халдварын шалтгаант үргүйдэл давамгайлах хандлага ажиглагдаж байна. Төмсөг, өндгөвчний төрөлхийн болон олдмол дутмагшил, удамшлын зарим хам шинж, төрөлхийн гаж хөгжил, хавдрын эмчилгээ зэргийн үед үйлчлүүлэгчийг үргүйдлийн эмчилгээнд хамруулахад зөвхөн донор бэлгийн эс хэрэглэх шаардлагатай байгаа юм.

Эмэгтэйчүүдийн мэс заслын улмаас умай тайруулсан, авахуулсан, умайн төрөлхийн гаж хөгжилтэй эмэгтэйчүүд зөвхөн тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болох боломжтой байдаг байна

Донорын тухай хуулиар гамшиг, онцгой байдлын үеийн цусны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийн орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалт тусгагдаагүй байна.

Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах,  хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.

Эрхтэн  шилжүүлэн суулгалтыг зохицуулах нэгж/албаны чиг үүргийг Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн чиг үүрэгт нэмж хэрэгжүүлэх бөгөөд энэ талаар улсын төсвөөс ямар нэгэн нэмэлт санхүүжилт шаардахгүй болно.

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар дараах ач холбогдолтой болно:

  1. Донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэнэ.
  2. Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан амьдрал бэлэглэж, тэдгээрийн амьдралын чанар нь эрс сайжирч эрүүл хүнтэй адил ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ.
  3. Донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх, харгалзан дэмжигчээс нь тус тус авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
  4. Өөрийн оронд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулна.
  5.  Донорын эс, эд, эрхтэн бүртгэх, хуваарилах, мэдээллийн нэгдсэн сан үүсэх, шударга хуваарилах боломж бүрдэнэ.
  6. Үүдэл эсийн үндэсний банк байгуулагдсанаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж 1, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин,  удамшлын  болон бодисын солилцооны эмгэг  зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болно.

Хуулийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44744
0 эможи
keyboard_arrow_up