Цусны Донорын Дэлхийн Өдөр - 2017
Жил бүрийн 6 дугаар сарын 14. Энэ бол эгэл жирийн өдөр биш. Яагаад гэвэл дэлхий нийтээр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудад талархал илэрхийлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Цусны Донорын Дэлхийн Өдөр (ЦДДӨ) учраас тэр. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнцөг булан бүрт аж төрөн суугаа хүмүүнлэгийн үйлстнүүддээ талархал илэрхийлдэг онцгой өдөр юм. Тийм ч учраас “Ач санах, ариун сэтгэлтнүүдийг алдаршуулах өдөр” гэж үздэг.
2017 онд ЦДДӨ-ийг дэлхий дахинд гамшиг ослын бэлэн байдлыг хангах, ялангуяа онцгой байдал үүссэн үед цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд төр засгийн анхаарлыг хандуулж байна. Иймд ЦССҮТ-өөс ЭМЯ, МУЗН, ОБЕГ-тай хамтран энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Монгол Улсад анх удаа гамшгийн үеийн цусны нөөц төвийг бий болгож, бэлэн байдлыг ханган ажиллажээ.
Дээрх өдрийн хүрээнд 2017 онд 35 түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн 52 донор шинээр "Хүндэт донор"-ын эгнээнд нэгдсэнийг зарлаж, талархал дэвшүүлсэн нь ачтан доноруудаа алдаршуулах, урамшуулах ажлын хамгийн бахархалтай хэсэг байлаа.
2017 ОНЫ ХАМГИЙН ЗАЛУУ "ХҮНДЭТ ДОНОР"
Энэ жил хамгийн залуу Хүндэт донороор 21 настай Баасанхүүгийн Бямбажав тодорлоо.
ЦДДӨ-ӨӨР МОНГОЛ УЛСАД АНХ УДАА "200+ ТОП ДОНОР" ТОДОРЛОО.
Монгол Улсад анх удаа 200-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Доржийн Бум-Эрдэнэ гэх эгэл жирийн залууг анхны " 200+ Топ донор"-оор өргөмжилж, түүхэн амжилтын эзнээр алдаршууллаа.
ЦССҮТ болон МУЗН жил бүр нийслэл, дүүргийн хэмжээнд ажлын үр дүн, үзүүлэлтээр нь донор элсүүлэгчдийн ажлыг дүгнэдэг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүргийн Улаан загалмай хороо тэргүүн байр эзлэн шагналаа гардан авлаа.
МУБИС-ийн Багшийн сургуулийн хамт олон 2016 онд цусны донорын өдөрлөгийг сургууль дээрээ нийт 4 удаа зохион байгуулж 360 оюутан, багш, ажилтанууд цусаа өгөн 1080 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн билээ.
326-Р АНГИЙН ХАМТ ОЛОН "ЦУСНЫ ДОНОР ХАМТ ОЛОН"-ООР ӨРГӨМЖЛӨГДӨВ.
Тус ангийн бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн албан хаагчид энэхүү хүмүүнлэгийн үйлсэд нийт 3 удаа оролцон 320 гаруй хүн цусаа өгөн 960 хүнд амьдрал бэлэглэв
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР "ЦУСНЫ ДОНОР ХАМТ ОЛОН" БОЛЛОО
2015, 2016 оны 8-р сард "Халуун цуст-Цагдаа" аяныг зохион байгуулан бүх алба хэлтсийнхээ ажилтан, албан хаагчдыг хамруулан байнгын донорын эгнээг өргөжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.