П.Батчулуун: Элэгний амьд донор 4-8 хүнд амьдрал бэлэглэх боломжтой

2017 оны 7 сарын 01

Энэ удаагийн дугаарын зочноор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулууныг урилаа.

Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн анхны гишүүн юм. Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхийн тулд уг багийн гишүүд Финлянд, Герман, АНУ, БНСУ-ын элэг шилжүүлэн суулгах төвүүдэд эмч, сувилагч, инженер зэрэг 30 гаруй хүнийг 5-6 жил дадлагажилт хийлгэжээ.

Энэ хугацаанд туршилтын мэс засал болон бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

2011 онд БНСУ-ын “Асан” төвийн профессор Сун Гуй Лий ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, Монголд анх амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хийжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Өнөөдрийн байдлаар хэдэн хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байна вэ?

-Анх 2007 онд хоёр гишүүнтэйгээр эрхтэн шилжүүлэх баг бий болж байсан бол одоо 30 гаруй гишүүнтэй болжээ. Манай эмч сувилагч нар Солонгосын “Асан” төвд 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж уг төвд элэг шилжүүлэн суулгах мэс засал хэрхэн хийж буйг ажиглан хамтран хагалгаанд оролцож байна.

Мөн хагалгааны өмнөх болон хагалгааны эмчилгээ оношлогоо, хяналтыг хийх, удирдлагын менежмент зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг судалж, суралцаж туршлага хуримтлуулсан. “Асан” төв нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг хийдэг дэлхийн хамгийн том төв юм.

Сүүлийн үед кадавр донор буюу тархи нь үхсэн донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нэмэгдэх хандлагатай байгаа.

Тэнд жилд 380-410 элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Одоогийн байдлаар бид Монголдоо 13 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна.

-Саяхан анх удаа дөрвөн настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жил анх удаа дөрвөн нас дөрвөн сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсын элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, “Асан” төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хамтарч хийсэн. Энэ хүүхэд нь төрөлхийн цөсний замын гажиг, битүүрэлтэй байсан. Энгийнээр бол элэгнээс ялгарч байгаа цөс нь гэдэс рүүгээ орж чадахгүй байсан гэсэн үг.

Үүнээс болж бие нь шарлах, элэгний дутагдалд орох аюулд хүрч болзошгүй байсан. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар энэ хүүхдийг бага байхад нь цөсний замыг нь чөлөөлж, гэдэстэй нь залгах мэс заслыг хийсэн.

Гэхдээ энэ нь тухайн үедээ хүнд байдлаас амь насыг аварсан эмчилгээ байсан. Харин төгс эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал юм. Элэг шилжүүлэн суулгах мэс засал элэгний эмгэгийн төгсгөлийн үе шатанд орсон хүмүүсийн хамгийн сүүлийн эмчилгээ байдаг. Харин энэ эмчилгээг бид хүүхдэд амжилттай хийлээ.

П.Батчулуун

-Цаашид манайд эрхтэн шилжүүлэх хагалгааг бие даан хийх эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж ямар төвшинд байна вэ?

-Монголд эмчлэгдэхгүй байгаа эмгэгүүдийг эх орондоо эмчилдэг болох, ард иргэдээ гадагшаа явж эмчлүүлдэг зардал, чирэгдэлийг багасгахын төлөө эмч бид чадах чинээгээрээ ажиллаж байна.

Манай эмч мэргэжилтнүүдийн хувьд онолын хувьд сайн бэлтгэгдсэн туршлагатай. Тоног төхөөрөмжийн хувьд Засгийн газрын санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Гэхдээ энэ салбар өөрөө байнга хөгжиж байдаг. Тиймээс бид эмч, мэргэжилтнүүдээ тасралтгүй сургалтад хамруулдаг, тоног төхөөрөмжөө шинэчилдэг байх хэрэгтэй.

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд донор чухал байдаг. Манайд донорын олдоц хэр байдаг бол?

-Манай улс цөөхөн хүн амтай ч өвчилж байгаа хүмүүс нь маш их байдаг. Гэтэл дэлхий дээр өвчлөл, донорын олдоцыг нь судалж үзээд 5.5 -6 сая хүн амд нэг эрхтэн шилжүүлэх төв байх ёстой гэж тооцоолсон байгаа юм. Гэтэл манайх гурван сая хүн амтай. Дээрээс нь донорын олдоц асуудалтай байдаг.

Эрүүл гэж бодож явсан хүмүүс хүртэл эмгэгтэй, архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, элэг нь өөхөжсөн эсвэл ямар нэг вирустэй байдаг. Мөн янз бүрийн суурь өвчтэй байдаг. Ингээд донорын шалгуурт таарах хүн тэр бүр олддоггүй. Нөгөө талаас тархины үхэлтэй буюу кадавр донорын олдоцыг нэмэгдүүлэх талаар нэлээд ажил хийх шаардлагатай. Үүнтэй холбоотой манай эмнэлэгт тархины үхэл тодорхойлох баг байгуулсан. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын II, III эмнэлэгт байгуулж байгаа.

-Тархины үхлийг тодорхойлох баг гэхээр уншигчдад сонин байх. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Энэ баг манай эрхтэн шилжүүлэн суулгах багаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг бие даасан баг байх юм. Тэд зөвхөн тухайн хүн тархинд нь цус харваснаас, гэмтэл бэртлээс болж тархи нь үхэжсэн үү, үгүй юү гэдгийг тодорхойлдог. Өвчтөний тархи үхэжсэн эсэхийг тодорхойлсны дараа манай төвд мэдэгдэх ёстой.

Манайд зохицуулагч ажилтнууд байдаг. Тэд тухайн өвчтөнийг эмчилж байгаа эмчтэй уулзаж нөхцөл байдлыг тодорхойлно.

Мөн тархи нь үхэжсэн өвчтөний ар гэрийнхэнтэй уулзаж “Танай хүн эмчилгээ авах илаарших найдваргүй болсон байна. Хэрэв та энэ хүний амьдралыг үргэлжлүүлэхийг хүсвэл элэг, бөөр зэрэг эрүүл эрхтэнг нь хэрэгтэй хүнд нь өгч буян болооч” гэдэг талаас нь тайлбарладаг. Хэрэв ар гэрийнхэн нь зөвшөөрвөл нэмэлт шинжилгээнүүдийг хийж донорт тохирох эсэхийг тодорхойлдог.

Ийм донороос өвчнийхөө төгсгөлийн үе шатанд байгаа 4-8 хүнд шинэ амьдрал бэлэглэх боломжтой байдаг. Хэн нэгэнд амьдрал бэлэглэх нь буянтай сайхан үйл хэрэг бөгөөд өгөөмөр сайхан сэтгэлийн өглөг байх ёстой.

-Манайд кадавр буюу тархи нь үхэжсэн донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байсан уу? 

-Ийм төрлийн мэс заслыг гурван удаа хийж байсан. Тухайн үед элэг шилжүүлэн суулгах боломж байгаагүй. Учир нь элэг нь вирустэй эсвэл өөхөжсөн байсан. Тиймээс бид зургаан хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байсан.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн хүмүүсийн статистик тоо байдаг уу?

-Манай эрдэмтэдийн хийсэн судалгаанаас харахад нийт хүн амын дунд элэгний В,С вирусийн халдвар 7.5-10 хувь байна гэсэн байдаг. Эдгээр хүмүүс нь тодорхой хугацааны дараа элэгний хатууралтай болох эмчилгээ хийгдээгүй удсан тохиолдолд элэгний хавдар үүсэх талтай.

Мөн 1960, 1970-аад оны үед нэг удаагийн тариур байгаагүй. Тиймээс манайд элэгний вирустэй хүн олон байгаагийн гол шалтгаан нь энэ. Үүний улмаас элэгний хатуурал, гепатит, хавдар их үүсч байгаа юм. Ийм тохиолдолд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх шаардлагатай.

Гэхдээ яг элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тодорхой нарийн шалгуураар тодорхойлно. Өөрөөр хэлвэл, ийм эмгэгтэй хүн болгон элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохгүй гэсэн үг.

-Манайхан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг гадаад руу явж хийлгэдэг. Энэ талаар мэргэжлийн эмчийн зүгээс юу хэлэх вэ?

-Гадагшаа явж эмчлүүлж болно. Энэ бол тэр хүний эрх. Гэхдээ учир дутагдалтай зүйл их бий. Үнэндээ гадны орны эмч нар гадаадаас ирсэн хүмүүсийг мөнгө л гэж хардаг. Мэдээж тухайн хүнийг эмчилье гэсэн бодол байгаа. Тиймээс элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр гадны улсыг зорих гэж байгаа бол манай эрхтэн шилжүүлэх төвд ирж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь мэс заслын дараах эмчилгээнүүдийг цаг тухайд хийгээгүйгээс болж янз бүрийн хүндрэлүүд гардаг.

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр гадны улсыг зорих гэж байгаа бол манай эрхтэн шилжүүлэх төвд ирж зөвлөгөө авах хэрэгтэй.

 

 

 

Энэ эмчилгээний талаархи мэдээлэл, мэдлэг дутмаг байснаас болоод нэлээд хожимдож хүндэрсэн хойноо бидэнд ханддаг. Уг нь явахаасаа өмнө хангалттай сайн зөвлөгөө, мэдээлэл авбал олон зүйлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал, вирустэй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засалд орлоо гэхэд вирусыг эргээд сэргээхгүйн тулд сайн эмчилгээ хийх ёстой. Энэ асуудалд анхаараагүйгээс суулгасан элэг нь буцаад вирустэй болдог.

-Элэг шилжүүлэн суулгасны дараа удаан хугацааны эмчилгээг давхар хийдэг үү?

-Тийм ээ. Хүмүүст нэг буруу ойлгодог зүйл нь өвчтэй элгийг авч эрүүл элэг тавьсан бол болоо гэж боддог. Гэтэл үүний дараа хамгийн чухал үе эхэлдэг. Өөрт нь суулгасан хүний эрхтэнг өөрийн болгохын тулд уг эрхтний дархлааг дарангуйлах эмийг цагт нь тодорхой хэмжээтэй уух ёстой.

Вирус болон бусад халдвараас сэргийлэх эмчилгээ хийлгэх хэрэгтэй болно. Эдгээр эмийнхээ тунг таарч тохирч буйг тогтмол шинжилгээ өгч хянах шаардлагатай болдог. Хоол хүнснээс эхлээд тодорхой дэглэм баримтлана. Хамгийн хариуцлагатай байх үеэ манай эмчлүүлэгчид тоохгүй орхидог.

Ингээд эм, тариагаа цаг тухайд нь эмчийн зааврын дагуу хэрэглээгүйгээс болж хүндрэл гардаг. Үүнтэй холбоотой эдийн засаг санхүүгийн хүндрэл бас үүснэ. Учир нь мэс заслын дараах эмчилгээнд маш өндөр өртөгтэй эм, эмчилгээ хийх шаардлагатай болдог. Үүнийгээ хүртэл тооцоолох ёстой.

-Бөөр шилжүүлэн суулгах мэс засал 12 сая төгрөг байдаг. Үүний найм орчим саяыг төрөөс олгодог. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хувьд хөнгөлөлт бий юу?

-Энэ талаар манай баг тодорхой судалгаа хийсэн. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын донор болон реципиентийн хагалгааны өртөг нийлээд 75 сая төгрөг болсон. Энэ нь зөвхөн хагалгааны үед гарч байгаа зардал. Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг төрөөс хөнгөлөх тухай яригдаж байна. Өвчтөн шууд 75 сая төгрөг гаргана гэдэг хүндрэлтэй

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын донор болон реципиентийн хагалгааны өртөг нийлээд 75 сая төгрөг болсон.

 

 

 

 Тиймээс тодорхой хэмжээг нь даатгалын сан болон төрөөс даадаг байх хэрэгтэй. Үүний хажуугаар эмчлүүлж буй хүн өөрөө 30-40 хувийг нь гаргадаг байх нь зөв. Үнэгүй юм үнэгүй байдаг. Өөрөөр хэлбэл, өвчтөн үнэгүй эмчилгээ хийлгэвэл түүндээ хайхрамжгүй ханддаг. Харин мөнгө зарцуулна гэдэг өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай хандахад нөлөөлдөг юм.

-Элэг шилжүүлэн суулгасны дараа амьдрах хугацаа нь хэр удаан байдаг юм бол?

-Анх элэг шилжүүлэн суулгах мэс засал 1963 онд эхэлж байсан. Үүний дараа 1970-аад оны орчим дархлаа дарангуйлах эмийг нэвтрүүлсэн. Жил ирэх тусам хагалгааны чанар сайжирч, тоног төхөөрөмж нь шинэчлэгдэж, хагалгааны дараах менежментүүд улам боловсронгуй болж байна.

Өнөөдрийн төвшинд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараах таван жилийн амьдрал 90-95, харин арван жилийн амьдрал 80-85 хувьтай байна. Тэгэхээр элэг шилжүүлэн суулгах мэс засал нь хүний амьдралыг уртасгах шинэ технологи гэдэг нь дэлхий дахинд батлагдсан. Манай төвийн үр дүн бусад төвийнхтэй ижил.

2014,04,13

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44726
0 эможи
keyboard_arrow_up