“Эрүүл мэндийн үзүүлэлт-2016” эмхтгэл хэвлэгджээ
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл мэндийн үзүүлэлт-2016” эмхтгэлийг хэвлэн гаргажээ. Тус төвөөс жил бүр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэл болгон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, мэдээлэл хэрэглэгчдийн хүртээл болгодог уламжлалтай. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөлийн болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бүс нутгаар гаргаж, үндэсний хэмжээнд хэрэгжиж буй нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцон харуулдаг юм байна.
2016 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” эмхтгэл нь нийт 15 бүлэг, 41 дэд бүлгээс бүрджээ. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг нийт 97 хүснэгт, 92 зураг, 50 газарзүйн байршлын зургаар дүрслэн харуулсан бөгөөд эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сүүлийн 10 жилийн байдлаар харьцуулан гаргасан ажээ.
2016 оны эмхтгэлийн онцлог нь Мянганы хөгжлийн зорилтын үргэлжлэл болох Тогтвортой хөгжлийн зорилтын эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д зааснаар эрүүл мэндийн дөрвөн зорилтын хүрээнд мэдээллийг боловсруулан хүргэжээ. Түүнчлэн эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрүүдийг үзүүлэлтүүдийг шинээр оруулан мэдээлэл хэрэглэгчдийн хүртээл болгосон байна.