ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн явцтай танилцлаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв дээр ажиллаж “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн явцтай танилцлаа.
Тус дүүргийн хувьд хугацаандаа гэрээгээ хийж, урвалж бодис, оношлууруудаа худалдан авах, иргэдээ программдаа бүртгэх, эмч, мэргэжилтнүүдээ сургалтад хамруулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлуудыг бүрэн гүйцэт хийж, хепатит В, С вирусийн илрүүлгийг ирэх 7 хоногоос эхлэхээр бэлтгэл ажил хангагджээ.
JICA-ийн төслийн багийнханд талархал илэрхийллээ
“Монгол улсад дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх” JICA төслийн хугацаа дуусгавар болж, төслийн тайлангаа МУ-ын Засгийн газар, Сангийн яаманд хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төслийн багийг 6 дугаарын сарын 09-ий өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбарт дотоод аудитыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тэдэнд талархал илэрхийлж, Төслийн удирдагч Кенжи Савами, Төслийн ажилтан Кодама Куми, Манабэ Ай, Таниваки Ёшитака нарыг ЭМЯ-ны Хүндэт тэмдгээр шагнав.
Монголчууд зохисгүй хооллолтын зуршлаас болж ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД орох нь элбэг байна
Монгол улсаас санаачлан зохион байгуулж буй "Төв Евразийн шим тэжээлийн чуулган 2017" энэ сарын 7-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдлаа. Тус чуулганд АНУ, Казакстан, Их Британи, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Швейцар, Япон Тажикстан зэрэг улсуудаас их хурлын гишүүд, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй 20 гаруй зочид ирж оролцож байна. Монголчуудын хувьд байгалийн эрс тэс уур амьсгалтай, мах, гурилыг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бусад хүнсний ногоо, жимс жимсгэнээс авах тэжээлийг төдийлөн авч чаддаггүйн улмаас шим тэжээлийн дутагдалд орох нь элбэг байдаг ажээ.
Төв Евразийн орнуудын хүн ам, тэр дундаа Монголчуудын дунд өргөн хүрээг хамраад байгаа шим тэжээлийн доройтлын түвшин, түүний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тэдгээрээс үүсэлтэй өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн арга замыг тодорхойлон хэрэгжүүлэхэд тус чуулга уулзалтын гол зорилго оршиж байгаа ажээ.
С вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй бичих эмч нарын тоог нэмэгдүүллээ
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд В, С, Дельта вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээ, хяналт хийх зааврыг хэрэгжүүлэх ээлжит сургалт 6 дугаар сарын 06-ны өдөр ЭМЯ-нд болж, нийслэлийн 9 дүүрэг, 4 тосгоны 15 эрүүл мэндийн байгууллагаас 23 эмчийг хамруулж, эмч нарт сертификат олголоо.
Тус сургалтыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварыг илрүүлэх, вирусийн ачаалал тоолох шинжилгээнд энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 насны иргэдийг В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, хепатитийн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийг мэргэжлийн эмчийн хяналтад эмчилнэ. 65-аас дээш насны иргэд өөрөө хүсвэл өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө бүртгэлд хамрагдаад оношилгоо, эмчилгээнд хамрагдаж болно. Дээрх үйл ажиллагаа үе шаттайгаар 2017-2020 онд хэрэгжинэ" гэдгийг цохон тэмдэглэв.
Дашрамд дуулгахад хепатитийн С вирүсийг эмчлэх 5 нэрийн эмийг улсын бүртгэлд бүртгэн, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнийн жороор олгох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эм тус бүрийг нэг сарын 210.000 төгрөг, гурван сарын нэг курс эмчилгээний нийт 630.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.
Эрүүл мэндийн сайд Чулуут, Тариат сумдад ажиллалаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 6 дугаар сарын 3, 4-ий өдөр Архангай аймагт ажиллалаа. Тэрээр Чулуут, Тариат сумдын Сум дундын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч ажилчдын санал сэтгэгдлийг сонсон, Засгийн газрын зүгээс бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудаа танилцууллаа.
Түүнчлэн тус сумдад ажиллах үеэрээ Архангай аймгийн Хангай, Ихтамир, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвүүдэд орон нутгийн бартаат замыг туулах чадвар сайтай фургон автомашинуудыг хүлээлгэн өгсөн юм.
Л.Бямбасүрэн: Эрүүл мэнд, цэргийн анги, онцгой байдал, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг үнэ төлбөргүй дархлаажуулах боломжтой
ЭМЯ, ХӨСҮТ, Томуугийн үндэсний төв АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвийн төлөөлөл хамтран "Монгол улсын томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн вакцинжуулалтын бодлого" сэдэвт хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 08-ны өдөр Контенинтал зочид буудалд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "Манай улсын хэмжээнд улрилын томуу өвчин нь жил бүр дэгдэлт байдлаар гарч, бага насны хүүхдүүд зонхилон өвчилж, эрүүл мэндийн байгууллагын ялануяа хүүхдийн эмнэлгийн орны ачааллыг эрс нэмэгдүүлдэг. 2016-2017 оны томуугийн улиралд засгийн газрын хөрөнгөөр 33,000 хүн тун вакцин худалдан авч, үүнээс 23,000 хүн тун вакцинаар нь агаарын бохирдол ихтэй газар байрладаг ихэвчлэн гэр хорооллын 102 цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийг вакцинжуулах ажлыг зохион байгуулсан. Уг вакцинжуулалтанд хамрагдсан цэцэрлэгүүдэд ирцийн тандалт хийхэд томуугийн дэгдэлтийн оргил үед хүүхдийн ирц 10-20 хувь буурсан байсан бол вакцинд хамрагдаагүй цэцэрлэгүүдийн ирц 50 хувиар буурсан дүн гарсан.
Мөн ХӨСҮТ болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээний дагуу үнэ төлбөргүй 45,000 хүн тун вакциныг нийлүүлсэн нь бид нэмэлтээр эрүүл мэндийн ажилтан, цэргийн анги нэгтгэл, онцгой байдлыг газар, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг үнэ төлбөргүй дархлаажуулах боломжтой болсон юм" гэлээ.
ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ӨДӨРЛӨГИЙГ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уг өдөрлөгт Эрүүл мэндийн яам, улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн төлөөлөлүүд оролцсон юм. Өдөрлөгийг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ "Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол улсад нэмэгдэж элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын 15 орчим хувийг эзэлж байна.
Манай улсад хепатитийн вирүсийн архаг халдвар өндөр байгаа нь Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдээд байна. Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Бид батлуулсан хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой нягт хамтран ажиллана" гэлээ.
Б.Мягмар: ӨРХИЙН ЭМЧ, ажилчдын ХӨДӨЛМӨРЛӨХ эрх зөрчигдөж байна
Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос дүүргүүдийн өрхийн эмч нарын дунд “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1” сэдэвт сургалтыг МҮЭ-ийн хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, МҮМАҮЭ-ийн дэд дарга Ч.Нарантуяа болон дүүргүүдийн өрхийн эмч нарын төлөөлөл оролцсон юм. Тус сургалтаар өрхийн эмч нарын хөдөлмөрлөх эрх ашиг, хөдөлмөр эрхлэхэд гардаг зөрчил, болон үйлдвэрчний эвлэлийн талаарх ойлголтыг өгсөн юм.
Энэ үеэр МЭМАҮЭ-ийн дарга Б.Мягмар хэлсэн үгэндээ “Өрхийн эмч нарын хөдөлмөрийн бүтээмжийг би хувьдаа өндөр гэж үнэлдэг. Харин Улаанбаатар хотод энэ хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж бага байна. Хотын хүн ам өсч, өрхийн эмнэлгийн эмч нарын ачаалал нэмэгдэж байгаа ч тэдний цалин, хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж нь таван жилийн өмнөхтэй адил байна. Бид өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрхийн талаар тодорхой мэдлэгтэй болох нь энэ сургалтын гол зорилго юм. Өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрхийн төлөө тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулахаар энд хүрэлцэн ирсэн эмч, өрхийн эмнэлгийн төлөөлөл нартаа баярлалаа.” хэмээлээ.
Төв аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг төв аймагт ажиллах үеэр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад танилцуулга хийж, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх боломжийн талаар эмч, ажиллагсадтай санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.
Баянхонгор аймгийн сумын эрүүл мэндийн төвүүд түргэний машинтай боллоо
2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069 маркийн нийт 151 машиныг өгөх юм.
Үүнээс Баянхонгор, аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдэд 9 автомашин олголоо.
4 сумын эрүүл мэндийн төвд автомашин хүлээлгэн өгөв
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 6 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө, Шаамар, Хушаат, Зүүнбүрэн сумдын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн 4 фургон автомашиныг хүлээлгэн өглөө. Жолооч нар хөдөөгийн замд хамгийн тохиромжтой цоо шинэ автомашинаар дуудлагад явах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
ТӨВ ЕВРАЗИЙН ШИМ ТЭЖЭЭЛИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
Манай улсад 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Төв Евразийн шим тэжээлийн анхдугаар чуулган "Монголын хүн амын шим тэжээлийн байдал" сэдвийн дор зохион байгуулагдлаа. Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны БХ-ны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, үг хэллээ.
Энэхүү чуулганаар Монгол улсын хүн амын шим тэжээлийн байдал, түүний эрсдэлт хүчин зүйл, эдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийн тархалтын талаар авч үзэж, Төв Еврази дахь шим тэжээлийн ижил төстэй тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, тэдгээрийг Монгол улс болон бүс нутгийн түвшинд бодитой үнэлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм. Төв Евразийн орнуудын хүн амын дунд өргөн хүрээг хамраад байгаа шим тэжээлийн доройтлын түвшин, түүний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тэдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн арга замыг тодорхойлон хэрэгжүүлэхэд бүс нутгийн судлаач, эрдэмтэд, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нягт уялдуулах зорилгоор Казахстан, Тажикстан, АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, ХБНГУ, Швейцар, Япон зэрэг улс орнуудаас эрдэмтэн судлаачид оролцож байна.
Чуулганд оролцож буй эрдэмтдийг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 6 дугаар сарын 7-ны өдөр Төв Евразийн шим тэжээлийн чуулганд оролцож буй ОХУ, ХБНГУ, Казахстан, Тажикстан, АНУ, Япон улсын эрдэмтдийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Эдгээр эрдэмтдийн зүгээс хүн хоол хүнсээр эрүүлжиж болдог гэдгийг хэлээд, улс төрийн бодлогод энэ талаарх хууль байх ёстой, бид өөрийн туршлагаа хуваалцан ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Тухайлбал, Тажикстан улс баяжуулсан бүтээгдэхүүн хэрэглэх, ялангуяа гурилыг баяжуулах талаар хуульчилсан байдаг бол Казахстан улс 2004 онд гурилыг баяжуулж үйлдвэрлэх хууль гаргасан байдаг байна.
Дорнод, Ховд аймгуудад 6 автомашин гардуулан өглөө
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар 6 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн БОЭТ, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн сумдын ЭМТ-үүдэд болон Ховд аймгийн Ховд, Мянгад сумдын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн фургон автомашиныг гардуулав.
Түүнчлэн Дорнод аймагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох томографийн аппарат, мэс заслын гэрэл, ходоодны дуран, хяналтын монитор, нярайн инкубатор, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлагын аппарат, В, С вирус тоолох аппарат, багийн эмчид 10 мотоцикль зэргийг авах батламжийг гардуулан өгсөн юм.
50 гаруй тэргэнцэр, сувилагчийн ширээг шинэчлэн засварлажээ
Монгол улсын Засгийн Газар Бүгд Найрамдах Чех Улстай нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажилласаар ирсэн. Үүний нэг жишээ Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас жил бүр Монгол улсад 3-5 жижиг орон нутгийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн.
Тус Элчин сайдын яамнаас зарлагдсан орон нутгийн жижиг төслийн хүрээнд “Сайн үйлсийн зөв зам” ТББ-ын төсөл нь нийт 80 гаруй төсөлөөс шалгарч нийслэлийн Өргөө амаржих газрын 50 гаруй тэргэнцэр болон сувилагчийн 20 ш ширээг шинэчлэн засварлаж, хөрөнгө оруулалт хийснээр жирэмсэн эмэгтэйчүүд болон төрсөн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг зөөврийн тэргэнцрээр үйлчлүүлэх боломжийг олгож мөн асаргаа сувилал хийж буй сувилагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад хувь нэмэр оруулжээ.
Төслийн нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайд Ивана Гроллова нар “Сайн үйлсийн зөв зам” ТББ-ын нийсэлийн Өргөө амаржих газарын удирдлагууд эмч эмнэлгийн ажилчид оролцоо.
Д.Очирбат: 2020 он гэхэд элэгний В, С вирусын шинжилгээг бүрэн хийж, хавдрыг бууруулж, элэгний хатуурлыг эмчилж чаддаг болно
Төв аймагт ажиллах үеэр ЭМЯ-ны ажлын хэсгийхэн, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн төлөөлөлүүд төв аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтыг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ “Энэ хөтөлбөр 21 аймгаар хэрэгжинэ. Эхнийх нь Баянхонгор аймаг байсан бол дараагийнх нь Төв аймаг болж байна. Хөдөө орон нутагт нэгдсэн өдөрлөгүүдийг зохион байгуулж, үзлэг оношлогоо хийж асуудлыг шийдвэрлэхээс гадна бүх сумдын эмч нарыг цуглуулж аймгийн эмнэлгийн удирлагуудтай уулзуулж тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцож байгаагаар ихээхэн онцлогтой үндэсний хэмжээний хөтөлбөр юм.
Монгол Улс 2020 он гэхэд элэгний В, С вирусын шинжилгээг бүрэн хийдэг, хавдрыг бууруулсан, элэгний хатуурлыг эмчилж чаддаг орон болно гэж зарласан байгаа. Тэгэхээр үүний төлөө энэ үндэсний хөтөлбөр зориулагдаж байгаагаар ихээхэн онцлогтой юм. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид Эрүүл мэндийн даатгалын хөрөнгө санхүүгийн асуудлаа бодолцох хэрэгтэй байсан юм. Харин ирэх 2018 онд 30 дээш нас бол 65 дээш насны иргэдийг эрүүл мэндийн даатгалаар нь үнэ төлбөргүй үзэж оношилно” гэлээ.
“Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо ЭМЯ-тай хамтран 6 дугаар сарын 7-ны өдөр “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Билэгт, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ, тус яамны харъяа байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, доктор, профессорууд оролцсон юм.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавив. Тэрээр, хууль боловсруулах хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Хуулийн үйлчлэх хүрээ нь нөхөн үржихүйн насны эмэгтэй, эх, ураг болон 18 хүртэлх насны хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамрах юм. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулж, хүн амаа өсгөх таатай нөхцлийг хэрхэн бүрдүүлэх талаар хуульчилж өгөх хэрэгтэй байна гээд мөн үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн үр хөндөлтийн асуудлыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон хэллээ.
Харилцан мэдээлэл, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллана
Төв аймгийн Эрүүл мэндийн газар УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ, НЭМҮТ, АӨСҮТ, Геронтологийн төв, Гранд-Мед эмнэлгүүдтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг солилцоогоор ажиллуулж харилцан туршлага судлах, Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнийг чадваржуулах, мэдээлэл өгөх зорилгоор 3-р шатлалын болон үндэсний төвүүдэд зохион байгуулагдах сургалт, бусад зорилтод ажлуудад зохион байгуулалттайгаар хамруулах , ХСҮТ, ХӨСҮТ-тэй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд тус Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн нарыг гадаад, дотоод энэ чиглэлийн сургалтанд хамруулах, мэс заслын хагалгааны багийг дурангийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.