ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
Эх, нярайн тусламж үйлчилгээг бэхжүүлэх төслийн нээлт боллоо
НҮБ-ын Хүн амын сан МУ-ын ЭМЯ, Люксэнбургийн Вант Улсын ЗГ-тай хамтран Эх, нярайн эрүүл мэндийн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн төгсгөлийн шатны “Монгол улсад эхийн эрүүл мэндийн тусламжид нэвтрүүлсэн инноваци, сайн туршлагыг нутагшуулах нь” төслийг албан ёсоор нээлээ.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ, Люксенбургийн Вант Улсын ЗГ, НҮБ-ын Хүн амын санд Монголын эх, үрсийн эрүүл мэндийн төлөө оруулж байгаа хувь нэмэрт гүнээ талархаж байдгаа илэрхийлээд, Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн оруулсан хувь нэмэр нь МУ-д эхийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтын түвшинг биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн цохон тэмдэглэв. Мөн төслөөр нэвтрүүлсэн дэвшилтэд технологи нь эх, нярайн тусламжид чанарын өөрчлөлт авчирсан ба төслийн төгсгөлийн үе шатыг хэрэгжүүлснээр МУ-ын ЗГ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх нэгэн боломж нээгдлээ гэв.
Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг Эрдэмтэн судлаач Р.Арсланд гардуулж өглөө
Эрдэмтэн судлаач Ринчингийн Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртэж уг шагналыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын 70-р чуулганд оролцох үеэр төлөөлж авсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл 5 дугаар сарын 30-ны өдөр Сайд А.Цогцэцэг эрдэмтэн судлаач Р.Арсланд шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Тэрээр хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит шагналыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад эрдэмтэн судлаач Ринчингийн Арсланд олгосныг Сайд миний бие ДЭМБ-ын 70- р чуулганы хүндэт индэрээс Таныг төлөөлж гардан авах завшаан тохиолдсон билээ. Өнөөдрийн билэгт сайн өдөр энэхүү нэр хүндтэй шагналыг танд хүлээлгэн өгч байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таны эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө оруулсан хувь нэмэр, нөр их хичээл зүтгэл, тань эрүүл мэндийн салбарын ажиллагсад тэр дундаа монголын залуу эмч, эмнэлгийн ажилтнуудын үлгэр дууриал байх болно. Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе гэв.
ФРАНЦЫН ЭМЧ НАР ГССҮТ-Д АЖИЛЛАЖ БАЙНА
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БНФУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Элизабет Барсак, БНФУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн асуудал эрхэлсэн Анне Биро болон БНФУ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нар 6 дугаар сарын 02-ны өдөр ГССҮТ-д ажиллалаа.
ГССҮТ нь 2009 оноос эхлэн БНФУ-ын Орлеан хотын Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тус хамтын ажиллагааны хүрээнд БНФУ-ын Орлеан хотын дүрс оношилгооны тасгийн эмч, Мэдрэлийн тасгийн эмч, Лабораторын тасгийн эмч, Сэргээн засах эмчилгээний эмч нар ГССҮТ-ийн эмч нар хамтран ажиллаж байна. Тодруулбал, Орлеан хотын Нэгдсэн эмнэлгийн эмч нар жил бүр багаараа Монголд ирж, ГССҮТ-ийн эмч нар тус хотод очиж харилцан туршлага солилцож байгаагаа ажээ.
Гадаадад суугаа иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцлоо
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 5 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ)-ын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Мариа Нэнэттэ А.Мотус-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Мариа Нэнэттэ А.Мотус манай байгууллага нь шилжих хөдөлгөөний салбарт олон улсын хэмжээнд тэргүүлэн ажилладаг, аюулгүй байдал, эрх хангагдсан нөхцөлд иргэдийг гадаадад болон дотоодод шилжин суурьшихад нь тусламж дэмжлэг үзүүлэх, үүнд чиглэсэн техник хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг НҮБ-ын төрөлжсөн байгууллага гэдгийг танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд талууд гадаадад амьдран суугаа монголчууд болон Монгол улсад ажиллаж амьдарч байгаа гадны иргэдийн эрүүл мэндэд анхаарах, ялангуяа хууль бусаар амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн түргэвчилсэн судалгааг явуулж, холбогдох яамдуудтай хамтран ажиллах тал дээр санал нэгдсэн юм. Түүнчлэн гаднаас ирж буй ажиллах хүчний эрүүл мэндийг хянах, гадаадад амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах тал дээр хамтран ажиллах боломжтой хэмээв.
7 сумын эрүүл мэндийн төвд автомашин хүлээлгэн өгөв
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр Архангай, Дорноговь аймгуудын 7 сумын эрүүл мэндийн төвүүдэд орон нутгийн бартаат замыг туулах чадвар сайтай фургон автомашинуудыг хүлээлгэн өглөө.
Төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг батлав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг баталлаа.
Журмыг баталснаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан төр худалдан авах, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг олон давуу тал бий болох юм.
Төр төлбөрийг нь хариуцах удаан хугацааны нөхөх эмчилгээ, гемодиализ эмчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан гэрээгээр санхүүжүүлж эхэлсэн. Ингэснээр хувийн эмнэлгийн үзүүлж байгаа гемодиализийн тусламж, үйлчилгээг төр худалдан авах нөхцөл өнгөрсөн гуравдугаар сараас бүрдсэн юм. Тухайлбал, хувийн эмнэлэгт нэг удаа 160 мянга орчим төгрөгөөр гемодиализийн эмчилгээг төлбөртэй хийлгэж байсан /7 хоногт гурван удаа 480 мянган төгрөг/ иргэн, даатгуулагчийн эмчилгээний төлбөрийг төр хариуцах болсноор эмчилгээнд мөнгө төгрөг зарахгүй, улсын эмнэлгийн ачаалал ч буурч байна.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭХЭМҮТ-д ажиллалаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ.
Сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон. Цаашид дэлхий нийтэд гарч буй шинэ технологиудыг өөрийн орондоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана. ЭХЭМҮТ-д 7,5 сая еврогийн төсөл хэрэгжихээр Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр 1 жилийн хугацаанд евро стандартын чанартай, ялангуяа Монголд эмчлэгддэггүй өвчнийг эмчилдэг тоног төхөөрөмжүүдийг авах боломж бүрдсэн гэдгийг баяртайгаар дуулгалаа.
"Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж байна
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дундын болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвийг шалгаруулж, урамшуулах болзолт уралдааны журмыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталлаа.
Өвөрхангайчууд "ТАМХИНД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ" уриан дор автомашингүй, идэвхтэй хөдөлгөөнд нэгдлээ
Өвөрхангай аймаг "Дэлхийн тамхигүй өдөр", "Автомашингүй өдөр"-ийг тохиолдуулан "Арвайхээр кросс - 2017" бүх нийтийн арга хэмжээг 2017 оны 05-р сарын 27-ны өдрийн бямба гарагийн амралтын өдөр зохион байгуулж иргэд, байгууллага, аж ахуй нэгж, сургуулийн хүүхдүүд идэвхтэй оролцон, эрүүл ажиллаж амьдрах зан үйлийг олон нийтэд уриаллаа.
Арга хэмжээнд төрийн болон төрийн бус 24 байгууллага, Арвайхээр сумын 11 багийн болон ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид нийт 1700 иргэд дугуйн болон нарны алхалтын парат жагсаалд оролцож, кросс гүйлт, унадаг дугуйн уран үзүүлбэр, АХА тэмцээнд ур чадвар, мэдлэг оюунаараа өрсөлдлөө.
Эрүүлээр аялал зугаалга хийж болдогыг харууллаа
2017 оны 05 дугаар сарны 26-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээ, "Өөртөө туслах бүлэг"-ээс эмчлүүлэгчидтэйгээ хамтран Сүхбаатарын талбайгаас Зайсан хүртэл суртал ухуулга, сурталчилгаа хийж, СЭМҮТ-ийн үйл ажиллагааг танилцуулах, архины хор уршгийг иргэд, өсвөр үе хүүхдүүдэд таниулах зорилгоор эдгэрэлийн баяр, эрүүлээр аялал зугаалга хийж болдогыг бодит утгаар үзүүлэх, дахилтаас урьдчилан сэргийлэх эмчлүүлэгчиддээ “нэг хамт олон, нэгэн зорилготой болох”-ыг ойлгон таниулах ажлыг зохион байгууллаа.
570 эмчлүүлэгчдээс 60 гаруй төлөөлөл оролцсон болно. Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд хөтөлбөр”-өөр үйл ажиллагааг Монгол орон даяар сурталчилсан.