ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД

2017 оны 5 сарын 20

Энэ долоо хоногт эрүүл мэндийн салбарт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Энэ сарын 19-ны өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, МУ дахь Энхтайвны корпусын захирал ноён Жин Никсон нар МУ-ын ЭМЯ болон АНУ-ын Энхтайвны корпус хоорондын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Энхтайвны корпусын эрүүл мэндийн боловсролын хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагаа, төслүүдийг боловсруулах, сурталчлах, хэрэгжүүлэх,  үнэлж дүгнэх, үйл ажиллагааг дэмжих чиглэлээр оролцогч талуудын хүлээх үүргийг тодорхойлж, эдгээр үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн үндэсний болон орон нутгийн хэмжээнд тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлуудтай харилцан уялдаа холбоотой байх асуудлыг зохицуулах юм.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний ажил хийгдэж дууслаа

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг үнэлэхээр Олон улсын хамтарсан үнэлгээний багийн гишүүд болон ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, онцгой байдал, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цацрагийн хяналт, хордлогын яаралтай тусламжийн төв зэрэг бүхий л салбарын төлөөлөл оролцоо сайтай, идэвхтэй хамтран ажиллалаа.

Энэ үнэлгээнд ДЭМБ болон дэлхийд нэр хүндтэй зөвлөхүүд бидний ажлыг хамтран үнэлсэн нь цаашид авах арга хэмжээний чиглэл болох төдийгүй хаана ч хүлээн зөвшөөрөгдөхүйц үнэлгээ юм.  Манай мэргэжилтнүүд үнэлгээний зөвлөхүүдээс ихээхэн зүйл суралцсан ховор боломжтой арга хэмжээ боллоо гэж үзэж байна.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээ хийгдлээ

ДЭМБ, АНУ, Их британи, Австрали, Шинэ Зеланд БНХАУ-ын төлөөлөл 14 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын үнэлгээний багийнхан МУ-ын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм” (2005)-ийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг хийлээ.

Үнэлгээний багийн гишүүд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн буюу үер, зудын гамшиг, хими, цацрагийн хордлогын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хөндлөнгөөс үнэлж, цаашид авах арга хэмжээний зөвлөмж өгч ажилласан байна.

Магадлан итгэмжлэлийн шинжээчид туршлага судаллаа

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар JCI олон улсын магадлан итгэмжлэл авсан “Интермед” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга болон магадлан итгэмжлэлийн шинжээчид оролцов.

Үйл ажиллагааны хүрээнд: “JCI –ын магадлан итгэмжлэлийн стандартууд”, “Эмнэлгийг магадлан итгэмжлэлд бэлтгэсэн үйл явц, магадлан итгэмжлэлийн стандартыг хангах талаар зохион байгуулсан үйл ажиллагааны туршлага”, “Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн багийн ажлын чиглэл, зарчим, үнэлгээ хийх аргачлал” зэрэг сэдвээр “Интермед” эмнэлгийн мэргэжилтүүд таницуулга хийж, холбогдох асуудлуудаар ярилцаж, санал, солилцов.

Явуулын тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх төслийн нээлт болж явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг аймаг, сум дүүргийн эрүүл мэндийн газрын төлөөлүүдэд гардуулан өглөө.

Төсөлд ажиллах эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг 05 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулна. Явуулын эрт илрүүлэгийн баг 06 дугаар сарын 01-ээс орон нутагт ажиллаж, зорилтот хүн амд үйлчлэх юм. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

НҮБ-ын Хүүхдийн Сан байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сан үүсэн байгуулагдсаны 70 жил, Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газар нээгдсэний 25 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "Энэхүү хөтөлбөрийн үр дүн, зорилго зорилтод хүрэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Хүүхдийг хөхөөр хооллолтыг дэмжих үйл ажиллагааг үргэлжлүүлэх, үндэсний хэмжээнд нэг хүртэлх насны хүүхдийн улаан бурхны эсрэг вакцинжуулалтад хамруулах, 5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгааны улмаас нас барах тоог бууруулах, 15-19 насны өсвөр үеийнхний ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хүн амын ундны усны эх үүсвэр, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийг сайжруулах, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх үндэсний бодлого, хөтөлбөрийг шинээр батлуулах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ" хэмээлээ.

“Эм, вакцины чанар болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт эхэллээ

ЭМЯ, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс, Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, мэргэжилтэнүүд болон эмийн зохицуулалтын чиглэлээр хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүд “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалтад хамрагдаж байна.

Уг сургалт 5 өдөр үргэлжилэх бөгөөд Эмийн зохицуулалтын байгууллагын Чанарын удирдлагын тогтолцоо, өнөөгийн байдал, Эм,  эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, Эм, вакцины бүртгэл, импорт, экспортын лиценз олголт, Эм, вакцины гаж нөлөө, аюулгүй байдлын бүртгэл мэдээллэл зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.

Сургалтын эмнэлгийн төсөл дээр хамтран ажиллана

Япон улсын анагаахын тэргүүлэх их сургууль Фужита Эрүүл мэндийн их сургуулийн захирал Проф. Хошинага тэргүүтэй төлөөлөгчид Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа АШУҮИС-ийн түшиц Япон Монголын сургалтын эмнэлгийн төсөл дээр хамтран ажиллах зорилгоор  АШУҮИС-д айлчлан ирээд байна. 

Монголд төдийгүй Японы олон эмнэлэгт хандан эмчилгээгүй гэгдсэн ходоод улаан хоолойн хавдартай монгол хүнд 19 цагийн хагалгааг амжилттай хийж эдгээсэн нь Фужита Эрүүл мэндийн их сургуулийн эмч, багш нарын ур чадварыг харуулж байгаа юм. 

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид шинээр баригдах Япон Монголын сургалтын эмнэлгийг Япон стандартын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг болгоход эмчийн ур чадвар, сувилахуй, менежментийн туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа  Проф. Хошинага илэрхийллээ.  

Болор суулгах, торлог шилэнцэрийн мэс заслыг амжилттай хийлээ

 

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн  мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.

Уг хүүхэд нь 2016 оны 10 дугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан, болор бүрэн цайлттай байсан тул 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг,  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн нүдний эмч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн хийж олон шатлалтай мэс засал эмчилгээг цогцоор нь  хийх шийдвэр гаргасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр УГТЭмнэлэг дээр дээрхи 3 эмнэлгийн эмч, сувилагч нарын хамтарсан баг Б хүүд цайрсан болорыг авах, хиймэл болор суулгах, бүслүүр тавих, ховхорсон торлог засах, силикон тос хийх мэс заслыг амжилттай хийлээ.

Зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амьтанд анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хийлээ

Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа хийжээ. Академич Н. Баасанжаваар урдирдуулсан туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх болно. Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос 3 хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 4 хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм.

Сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй 1 хүний амийг аварчээ. Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал байдаг байна.

Өвөрхангай аймагт 100 цагаан нөмрөгтөн чууллаа

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан "100 цагаан нөмрөгтөн" сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн чуулга, уулзалтыг зохион байгуулж энэ хүрээнд аймгийн төв талбайд "Цэвэр гар - Гэрэлт ирээдүй" уриан дор 100 цагаан нөмрөгтний гар угаах бүжгийг хийж, иргэд олон нийтийг эрүүл ажиллаж, амьдрах зан үйлд уриаллаа.

"Цэвэр гар бол эрүүл мэндийн үндэс" сэдвээр эрүүл мэндийн гавьяат ажилтнууд сургааль үгээ хуваалцаж, сум, өрхийн эрүүл мэндийг төв, хувийн хэвшлийн эмнэлгүүд 8 чиглэлээр өртөө гарган иргэдэд үзлэг, зөвлөгөө өгч, сургалт сурталчилгааг зохион байгууллаа.

"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг эхлүүллээ

Улсын гуравдугаар төв эмнэлгээс санаачилан “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Хаан Банкны “ХААН БАНК САН”-гийн дэмжлэг санхүүжилттэйгээр хамтран хэрэгжүүлэхээр болж 2017 оны 05 сарын 17-ны өдөр энэхүү аяны нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, аяны хүрээнд хамтран ажиллах гэрээнд 2 байгууллагын удирдлагууд гарын үсэг зурж баталгаажууллаа.

УГТЭмнэлгийн хамт олон “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы төслийн саналаа 2015 оноос эхлэн  “ХААН БАНК САН”-гийн удирдах зөвлөлд шат дараатайгаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, уг аяныг хэрэгжүүлэх бодит ажил болгож чадсан байна.

“Сүрьеэ, БЗДХ/ДОХ-ын халдварыг бууруулахад удирдах ажилтаны манлайлал” зөвлөгөөн

Зөвлөгөөнийг ЭМЯ, Глобаль сангийн  БЗДХ, ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслөөс санхүүжүүлэн, Аймгийн ЗДТГ, НБХ, ЭМГ хамтран зохион байгуулж, Аймаг, сумдын Иргэдийн хурлын төлөөлөгчид, сумдын засаг дарга, аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагууд, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөгөөний үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын орлогч А. Түвшинбат нээж, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч П.Үнэнчимэг, сүрьеэгийн тандалт судалгааны албаны хяналтын эмч П.Янжиндулам нар Сүрьеэ, БЗДХ/ХДХВ/ДОХ өвчний өнөөгийн байдал, орчин үеийн чиг хандлага, бодлого, хууль эрх зүйн орчин, сэргийлэх, бууруулах арга хэмжээ сэдвүүдээр илтгэлүүд тавигдсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43682
0 эможи
keyboard_arrow_up