“1000 ЦАГААН НӨМРӨГТӨН” чуулга уулзалт боллоо

2017 оны 5 сарын 12

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор өнөөдөр Монгол улсын өнцөг булан бүрээс 1000 багийн болон сумын эмч, эрүүл мэндийн ажилтнууд хүрэлцэн ирж Төрийн ордноо чууллаа.

“1000 ЦАГААН НӨМРӨГТӨН” чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, МУ-ын Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллаад зогсохгүй, эмч эмнэлгийн мэргэжилтэн та бүхний ажлын ачааллыг багасгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай үзүүлэх боломж бүрдүүлсэн, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсэн, эрүүл мэндийн эрсдэлийн улмаас гадаад улс орнууд руу урсах мөнгөний урсгалыг бууруулсан, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулж ажиллаж байна хэмээн цохон тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Хамтдаа шийдвэрлэе” сэдвээр эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ, Та бид өнөөдөр МУ-ын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбарт олсон амжилт, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлынхаа талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцон, тодорхой шийдвэр, уриалгыг гаргахаар хуран цуглараад байна.

Өнөөдөр эрүүл мэндийн салбар ард түмнийхээ итгэлийг даасан, талархлыг хүлээсэн салбар болох уу? Эсвэл шалтаг тоочсон зовлон ярьсан хэвээрээ байх уу? гэдэг нь энд цугларсан “Мянган цагаан нөмрөгтөн” Та биднээс ихээхэн шалтгаална. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, эмнэлгийн мэгргэжилтэн, ажилтан бид бүхнээс шалтгаалах мөнгөгүйгээр, чин сэтгэлээсээ хийж бүтээх ажил их байна. Удирдлага, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, хувь хүний ажлын зохион байгуулалт, арга барил гэдэг нь юугаар ч үнэлэмгүй хөрөнгө оруулалт гэдгийг дурьдахыг хүсч байна гэдгийг онцлон хэлэв.

2016 оны байдлаар нийт 3500 орчим эрүүл мэндийн байгууллагуудад 10 мянга гаруй их эмч ажиллаж байна. Тэдний 59.9 хувь нь УБ хотод, 40.1 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байгаа юм.

2016 онд манай улсад 77803  эх амаржиж, 78194 хүүхэд шинээр мэндлэн, давхардсан тоогоор 17 006 503 хүн амбулаториор үзлэг хийлгэж, 849 051 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Мөн энэ үеэр Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг” зохион байгуулагдаж, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НЭМГ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө, мэдээлэл сургалт, сурталчилгааг зохион байгууллаа.

“1000 ЦАГААН НӨМРӨГТӨН” чуулган 3 өдөр үргэлжилжлэх бөгөөд сүүлийн 2 өдөр багийн сургалтууд явагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43437
0 эможи
keyboard_arrow_up