ЭМЯ: Зорилтот бүлгийнхэнд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна

2017 оны 5 сарын 02

   Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр БНСУ-ын “Адра Монгол” Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан манай улсад хэрэгжүүлэх гэж буй төслийнх нь талаар санал солилцлоо.

    “Эрүүл мэндийн шинжлэх ухаан болон нийгмийн хамгааллын коллеж”-ийн Декан Ко Мён Сүк тэргүүтэй төлөөлөгчид төслийн хүрээнд Улаанбаатар хотын хогийн цэгүүдээс амьжиргаагаа залгуулдаг иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд болон хогийн цэгийн ойр орчимд амьдардаг айл өрхөд чиглэсэн тэдний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хамруулах, Эрүүл мэндийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах юм.

     Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Адра Монгол” Олон улсын байгууллага нь 1994 оноос хойш Монгол улсад хүмүүнлэг, тусламжийн үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад Улаанбаатар хотын эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээнд хамруулах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархалтай байна гэв. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд тус сургуулийн дэргэдэх Сувилахуйн эмнэлгийн баазыг түшиглэн сувилагчийн мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг явуулах болон харилцан сувилагч солилцон ажиллуулах саналыг хэлэхэд тэдний зүгээс таатай хүлээн авав.

     “Адра Монгол” Олон улсын байгууллага нь манай улсад хүүхдийн оюуны хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь оношлох, оношилгооны хэрэгсэл, гарын авлага боловсруулах, өрхийн эмч нарыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, тамхины хор уршгийг таниулах, оюутнуудыг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлуудыг хамтран хэрэгжүүлж ирсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43134
0 эможи
keyboard_arrow_up