ЭМЯ: Салбар хоорондын журмын төслийн хэлэлцүүлэг болов

2017 оны 4 сарын 13

"Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой үйл явдлын үед салбар хооронд мэдээ, мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах журам"  -ын  төслийг хэлэлцүүлэх ажлын хэсгийн өргөтгөсөн уулзалт 2017 оны 4 сарын 12 нд “Туушин” зочид буудалд болж Эрүүл мэндийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга хот, байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэл болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар,  Мал эмнэлгийн хүрээлэн,  цөмийн энергийн газар,  ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ зэрэг байгууллагын 60 орчим төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд, ажлын хэсгийн ахлагч  Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “шинэ болон сэргэж буй халдвараас гадна хүнсний аюулгүй байдал алдагдах, гамшиг, аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэх, химийн хордлого гарах зэрэг нь хүн амын эрүүл мэндэд аюул учруулж байна.  Сүүлийн 3 жилд л гэхэд H7N9, H5N6, MERS-CoV гэсэн 3 шинэ халдвар гарч тархсан ба N5N1 буюу өндөр хоруу чанартай шувууны томуугийн халдварын эрсдэл буурахгүй байна. Нөгөө талаар  халдварт өвчин нууц үеийнхээ хугацаанд дэлхийн аль ч өнцөг булан бүрээс  зөөөвөрлөгдөн манай хүн амын дунд тархаж болох эрсдэлийн дунд бид амьдарч байна. Онцгой байдлын үед хариу арга хэмжээг шуурхай, зөв авч чадаагүйгээс амь нас эрсдэх, хүн амын итгэх итгэл алдрах, эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдалд хүргэх аюултайг бид өнгөрсөн туршлагаас мэдсэн. Салбарууд мэдээ, мэдээллээ солилцож, эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг тайван цагт хамтран хийж, аюул эрсдэл болохоос өмнө бэлэн байдлаа хангах нь чухал. Болсных нь дараа биш, болохоос нь өмнө сэргийлэх, бэлтгэлээ хангах, хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах үйл ажиллагааг ч мөн энэ журмаар зохицуулна. Мэдээлэл технолог хөгжсөн өнөө үед салбарууд мэдээллээ цахимжуулах, бүгд нэгэн зэрэг авах программыг боловсруулах ажил эхэлсэн талаар дурдсан юм.

Мөн үйл явдалд суурилсан салбар хоорондын мэдээ, мэдээлэл солилцох цахим програмын талаар  Ионсей их сургуулийн зөвлөх проф. Ён Мүн Чэ мэдээлэл хийв. Салбаруудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхний боловсруулсан салбар хоорондын  журмын төсөлд мэдээ, мэдээлэл солилцох,  эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийх, хариу арга хэмжээ авах мөн түүнчлэн лабораториуд хэрхэн хамтарч ажиллах талаар тусгасан байна. Дээрх салбар хоорондын ажлын хэсэг нь Монгол улсын Шадар сайдын энэ оны 04 дүгээр тушаалаар байгуулагдсан бөгөөд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ажлын хэсгийн ахлагчаар, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал  Г.Ариунбуян орлогчоор ажиллаж байна. Мөн 4 дүгээр сарын 5-6 - нд журмын төслийг Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан –Уул  аймгийн  эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хилийн хорио цээрийн хяналт, цагдаа, тагнуул, хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын төлөөллийг оролцуулан журмын төслийг туршсан байна.  Орон нутгийн байгууллагууд төслийг дэмжиж, санал зөвлөгөө өгсөн бөгөөд салбар хоорондын харилцан ажиллагааны тусгай өдөртэй болохыг ч хүсч байсан юм..   Бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээг шуурхай авахын тулд эрсдлийн үнэлгээг тогтмол, системтэй хийж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдлын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ач холбогдолтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42506
0 эможи
keyboard_arrow_up