“Алтан чагнуур”-ын эзэд маргааш тодорно
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зохион байгуулдаг “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслол Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд маргааш болно.
“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан жил бүрийн гуравдугаар сарын 30-нд зохион байгуулдаг уг арга хэмжээгээр хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарыг алдаршуулдаг.
“Алтан чагнуур” шагналын эздийг дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл, согог засал, чих, хамар, хоолой, нүүр ам, нүд, мэдрэл, сэтгэц, арьс, халдвар, сэргээн засал эмчилгээ болон өрх, эмгэг, сүрьеэ, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, хавдар, мэргэжлийн шалтгаант өвчин, дүрс оношлогоо, эмнэлзүйн лаборатори, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд зэрэг үндсэн мэргэжил болон тэдгээрийн төрөлжсөн нарийн мэргэжил тус бүрээс нэг эмчийг шалгаруулдаг.