СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР: Өнөөдөр болсон ОНЦЛОХ үйл явдлууд

2017 оны 3 сарын 24

"Сүрьетэй тэмцэх олон улсын өдөр" өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан #АРСЛАН.МН сайтын зүгээс олон нийтэд үнэн зөв мэдээллийг түгээх, цувралаар эмч мэргэжилтнүүдийн ярилцлага, зөвлөмжийг цаг алдалгүй хүргэхээр уриалан ажиллалаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр болсон ОНЦЛОХ үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

Б.МЯГМАР: Сүрьеэгийн эмч, мэргэжилтний ажиллах нөхцөл, цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй

Өнөөдөр сүрьеэгийн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, эрүүл мэндийн чиглэлээр тулгамдсан асуудал их байна. Амьдралынхаа ихэнхи цаг хугацааг сүрьеэтэй өвчтөнтэй харьцдаг эмч, эмнэлгийн ажилтнууд ажил мэргэжлээсээ шалтгаалаад өөрсдөө өвдөх цаашлаад олон эмийн дасалтай сүрьеэгээр нас барсан тохиолдлууд ч гарч байна. Тиймээс бид энэ тал дээр хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байна.

Бид энэ сарын 15-нд Монголд анх удаа Улаанбаатар хотын 9 дүүрэг, ХӨСҮТ, Энэрэл эмнэлэг болон 21 аймгийн сүрьеэгийн 150 гаруй эмч, мэргэжилтнүүдийг хамруулан “Хөдөлмөрлөх эрх – Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.

Сүрьеэгийн салбарт хүний нөөц дутагдалтай байгаа байдлыг харгалзан цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, дархлаажуулах, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

М.ТУНСАГ: Сүрьеэ өвчин удам залуужиж, хүйсийн хувьд эрчүүд дийлэнх хувийг эзэлж байна

Жил бүрийн энэ өдрөөр ХӨСҮТ-өөс хэвлэл, мэдээллийн бүхий л төрлийн хэрэгслээр иргэдэд Сүрьеэ тандалтын алба болон Клиник эмчилгээний эмнэл зүйн эмч нар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг. Харин эмнэлгийн хүрээнд өдөрлөг зохион байгуулж, өвчтөнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна үр дүнтэй эмчилгээ хийлгэх, цаашид үр дүнтэй эмчилгээнд хамрагдах талаас нь дэмжлэг үзүүлж ажилладаг.  Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж, оношлох нь маш чухал байдаг.

Сүрьеэтэй тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш. Нийслэл, боловсрол , Сангийн яам гээд бүхий л салбар хамтран шийдвэрлэх ажил. Яагаад вэ гэвэл бидэнд хамгийн чухал асуудал нь хүний нөөцийн асуудал байна. Сайн боловсон хүчинтэй байхын тулд БСШУСЯ-ны зүгээс анхаарал хандуулах шаардлагатай. Мөн Сангийн яамны зүгээс эмч нарыг дэмжих, нийгмийн баталгаа бий болгох талаас бодлого баримтлах хэрэгтэй.

Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, 6 сар тутамд флюр зургаа өгөх, удаан хугацаагаар ханиалгасан тохиолдолд яаралтай эмчид хандах ёстой. Бүх улсын эмнэлэгт үнэгүй цэрний шинжилгээ, флюр зураг, сорил тавиулах үзлэгийг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.

Д.НАРАНЗУЛ : Эрүүл мэндийн салбарт өндөр ур чадвар бүхий боловсон хүчин бэлтгэх асуудал нэгдүгээрт байх ёстой

Сүрьеэ амьсгалын замаар халдварладаг учраас сүрьеэтэй өвчтөн ханиалгах, ярих, найтаах төдийд тухайн өвчний халдвар агаарт цацагдаж байдаг. Тиймээс эрүүл мэндийн ажилтнууд сүрьеэтэй өвчтөнтэй өдөр тутамдаа харьцдаг учраас халдварлах эрсдэл өндөр байдаг.

Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах нь бүх ажил олгогч нарын үүрэг байдаг. ХӨСҮТ-ийн хувьд энэ тал дээр олон арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад олон улсын стандартын шаардлага хангасан тусгай шүүлтүүртэй амны хаалт /маск/-ыг захиалан хэрэглэж байна.

Дэлхий нийтэд тулгамдсан асуудлын нэг нь эрүүл мэндийн ажилчдын хомсдол байдаг. Энэ нь эрүүл мэндийн ажилчид удаан хугацаагаар бэлтгэгддэгтэй холбоотой. Нөгөө талаар, шинэ боловсон хүчин энэ чиглэлийн салбарт ажиллах сонирхол бага болсон. Учир нь цалин бага, ажлын нөхцөл хүнд, ажлын байрнаасаа халдвар авч нас барах гэх мэт хүчин зүйлсээс болж салбарт ажиллах сонирхолгүй байдаг тохиолдол ихээхэн ажиглагдаж байгаа.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад өндөр ур чадвартай боловсон хүчин хамгийн чухал. Харин чадварлаг боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, тогтвор сууршилтай, үр бүтээлтэй ажиллуулахын тулд нийгмийн баталгаа, цалин өндөр байх хэрэгтэй. Одоогийн ажилчид шөнийн ээлжинд жижүүрт хонож, маш хүнд нөхцөлд ажиллаж байж л цалингийн нэмэгдэл авч байна. Тиймээс нэгдүгээрт төрөөс цалинг дорвитой нэмэх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, шөнийн ээлжинд гарч байгаа ажилчдыг түр хугацаанд амрах, чанартай хоолоор хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл ажилчдын эрүүл мэндийн хамгаалах, дэмжихэд анхаарах хэрэгтэй.

ВИДЕО: Сүрьеэгүй ирээдүйн төлөө НЭГДЭЦГЭЭЕ

Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе!

ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан ба ДЭМБ хамтран Монгол улс түүхэндээ анх удаа шинжлэх ухааны үндэстэйгээр Сүрьеэгийн тархалт түүн дотроо халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт 15 дээш насны хүмүүсийн дунд хэр байгаа дээр судалгааг хийсэн юм билээ. Энэ судалгаагаар 100,000 хүн амд 576 байна гэж гарсан, тэгвэл энэ судалгааны араас MHI байгууллага Улаанбаатар хотын 220,000 сурагчдын төлөөлөл болсон 9,000 хүүхэд шинжилгээ хийхэд 150 гаруй идэвхтэй сүрьеэ илрүүлсэн ба 100,000 хүүхдэд  шилжүүлбэл 1,479 болж байна. Дэлхийд одоогоор хүүхдийн дунд сүрьеэгийн ийм өндөр  өвчлөлтэй улс манайхаас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Энэ бол аймшигтай сэтгэл түгшээсэн тоо.

Монгол улсад сүрьеэгийн нөхцөл байдал маш хүнд байна. Бид нэг өдөр сүрьеэ гэж яриад маргааш нь нам жим болох ёсгүй л дээ. Энэ бол байнга олны анхааралд байх ёстой сэдэв. Өдий болтол сүрьеэтэй тэмцэж ирсэн хүмүүсийг би үнэхээр хүндэлж биширч байна. Ялангуяа талбар дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд бол эгэл боловч эгэлгүй баатрууд юм. Гэхдээ ингэж тэмцээд сүрьеэгийн өвчлөл буурахгүй байна.

Сүрьеэгийн өвчлөл өндөр орнуудад зөвхөн төрийн байгууллагууд сүрьеэтэй тэмцээд дийлддэггүй, энэ ажлыг төрийн бус байгууллага, бизнес, ард иргэд, урлаг соёлын одод оролцож байж устгаж ялж дийлсэн байдаг. Эх сурвалж: Ikon.mn

Б.Солонго: Сүрьеэгийн халдвар авсан хүн болгон энэ өвчнөөр өвчилдөггүй

Сүрье өвчний тархалт манай улсад өндөр байдаг. Залуучуудын дунд энэ өвчлөл ихэссэн.  Тодруулбал, 16-44 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан энэ өвчнөөр өвчилж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ахимаг насны хүмүүсийн дунд сүрьеэ илүүтэй тохиолддог бол манай улсад эсрэгээрээ залуучууд их өвчилж байгаа нь анхаарал татах асуудал юм. Сүрьеэ өвчний тархалтад ажилгүйдэл, ядуурал, нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг нөлөөлдөг.  Сүрье бүрэн эдгэрдэг өвчин. Эмчилгээгээ бүрэн хийж, эмээ эмчийн заасны дагуу уух хэрэглэсэн тохиолдолд эдгэрнэ.

Сүрьеэ өвчин ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч бусад эд эрхтнийг ч мөн өвчлүүлдэг.  Уушгины сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг. Уушгины бус эрхтний сүрьеэ халдваргүй байдаг.

Сүрьеэгийн үед илэрдэг түгээмэл шинж тэмдэг нь 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах.Удаан хугацаагаар ханиалгасан тохиолдолд эмчид яаралтай хандах шаардлагатай. Цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шөнө хөлрөх, халуурах, ядрах, турах, хоолонд дургүй болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг.

НЭМҮТ: Хэн СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР авах өндөр эрсдэлтэй вэ?

Сүрьеэ нь нийт халдварт өвчний 10 хувийг эзэлдэг

Манай Улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг судалгаагаар тогтоожээ. Монгол Улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөрөө дөрөвдүгээр байрт ордог. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлдэг.

Жил бүр 4,000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа. 70 гаруй хувь нь 16-44 насны хүмүүс өвчилж байгаа аж. Судалгаагаар 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс олон хүн амьдарч байна гэж тогтоожээ.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас бардаг байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 200,000 орчим хүүхэд эндэж байна.

СҮРЬЕЭ өвчний ЭДГЭРЭЛТ танаас л хамаарна

Нэгэнт сүрьеэгээр өвчилсөн нь тодорхой болж онош тогтоогдвол даруй эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Сүрьеэ өвчнийг үүсгэдэг нян нь гадны орчинд тэсвэртэй, маш удаан үрждэг учир үүнтэй холбоотойгоор эмчилгээ нь нэлээд онцлогтой. Сүрьеэгийн эмийг ууж эхлэхэд сүрьеэ өвчнийг үүсгэсэн “идэвхтэй” нянгууд устаад “унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир тэднийг устгахын тулд эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог тул эмчилгээ 2 үе шаттай явагдана.

Эрчимт эмчилгээ нь 2-3 сар үргэлжлэх ба энэ шатны эмчилгээгээр идэвхтэй нянгуудыг устгадаг бол хоёр дахь шатны буюу 4-6 сар үргэлжилдэг. Эмчилгээний өөр нэг онцлог нь эмийг өдөр бүр, хяналттай уух шаардлагатай байдаг явдал юм. Нэг өдрийн тунг л уухгүй орхивол эдгэрэх хоног нэг өдрөөр хойшилно гэдгийг санаарай.

Сүрьеэтэй нэг өвчтөнийг бүрэн эмчилж эдгэрүүлэхэд дунджаар 50 мянган төгрөгийн эм хэрэглэдэг байна. Манайд сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй бөгөөд харин өвчтөн өөрийн буруугаас эмчилгээгээ орхивол цаашдын эмчилгээ нь төлбөртэй гэдгийг анхаарч үнэ төлбөргүй эмчлэгдэх боломжийг битгий алдаарай.

ХЭРЭВ ЭМЧИЙН ЗААВРЫГ ДАГАЖ ЭМЧИЛГЭЭГЭЭ БҮРЭН ХИЙЛГЭВЭЛ СҮРЬЕЭ ӨВЧИН ЭДГЭРНЭ.

Улсын хэмжээнд жилд 4000 гаруй СҮРЬЭЕГИЙН шинэ тохиолдолд БҮРТГЭГДЭЖ байна

Монгол Улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог байна. Сүүлийн таван жилд хийсэн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4.000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгааг тогтоожээ. Үүнээс 2393 тохиолдол буюу 59.4 хувь нь нийслэлд бүртгэгдсэн аж. Өнгөрөгч 2016 оны байдлаар, нийт 4669 хүн сүрьеэ өвчнөөр өвчилж эмчилгээнд орсноос 550 нь 0-15 хүртэлх насны хүүхдүүд байсан аж.

Жил тутам сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын группт орох тоо нэмэгдэж байгаа, тэр дундаа 70-аас дээш хувиар группт орох нь улам бүр өссөөр байна. 2016 онд нийт 2380 өвчтөн группт орсноос 2166 (91%) нь 70 хувиас их, 214 (9%) нь 50-69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг судалгаагаар харуулжээ.

 

ИНФОГРАФИК:Уушигны бус сүрьеэ

 
 

НЭМҮТ: Сүрьеэгүй ирээдүйн төлөө НЭГДЭЦГЭЭЕ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41931
0 эможи
keyboard_arrow_up