Оны шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар НЭМҮТ-ийн Н.Болормаа судлаач тодорлоо

2017 оны 2 сарын 22

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил – 2017” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байна. Энэ үеэр 2016 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан, эрүүл мэндийн салбарын шилдэг ажилчдыг тодрууллаа. Оны шилдэг Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа шалгарлаа.

Норов овогтой Болормаа нь Анагаах ухааны их сургуулийг 1986–1992  онд хүний их эмч мэргэжлээр суралцаж төгссөн ба 2000 оноос Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба (ХСТ)-нд хооллолт, хоол тэжээлээс хамааралт эмгэгээс сэргийлэх, хянах, бичил тэжээлийн дутал, хүнс баяжуулалтын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.

Н.Болормаа нь ажиллах хугацаандаа “Хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалтыг клиник үзлэг болон лабораторийн шинжилгээний аргаар үнэлэх нь”, “Ходоод гэдэсний замын хорт хавдраас сэргийлэх хоол”, “Монгол хүүхдийн төмөр дутлын цус багадалт, хяналтын тогтолцооны үнэлгээ”, “Уламжлалт болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний найрлагын эмхэтгэл”, “Монгол хүний цусан дахь их, бага нягтралтай липопротейн, холестерин, триглицерид, алькоголдегидрогеназа, альдегиддегидрогегаза ферментийн түвшинг судалсан дүн”, “Насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ, зарим хавдар, зүрх судасны өвчлөлийн үеийн харилцан хамаарал” зэрэг 6 эрдэм шинжилгээний төсөлт ажлыг бие даан болон бусад судлаачидтай хамтран гүйцэтгэж тайлан, үр дүнг Эрүүл мэндийн яам, Шинжлэх ухаан технологийн санд  хүлээлгэж өгсөн. “ХБӨ, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тогтоох” үндэсний I, II, III судалгаа (2005, 2009, 2013 он), хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх үндэсний III, IV, V судалгаанд зохицуулагч, багийн ахлагчаар ажилласан туршлагатай судлаач юм.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулан “Халдварт бус өвчин ба амьдралын эрүүл хэв маяг”, “Хоол тэжээлийн гарын авлага”, “Бага насны хүүхдийн өсөлтийг дэмжин, бичил тэжээлийн дутлаас сэргийлэх нь”, “Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө”, “Нийгмийн эрүүл мэндийн хоол судлал”, “Эмчилгээний хоол”, “Олон нийтэд түшиглэсэн нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө”, “Эрүүл мэндийн довтолгоо”, “Эрүүл хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих асаргаа” зэрэг сургалтын гарын авлага; “Зохистой хооллолтын гарын авлага”, “Идээ ундааны увдис”, “Аюулгүй хүнс таны гал тогоонд”, “Иод дутлаас сэргийлье”, “Эх хүүхдийн хоол”, “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль, холбогдох журмын хяналт–шинжилгээ” зэрэг олон нийтэд зориулсан ном, товхимол боловсруулж нийтийн хүртээл болгосон.

Мөн хоол тэжээлээс хамааралт өвчин эмгэгээс сэргийлэх, хянах чиглэлээр “ХБӨ-өөс сэргийлэх ба хянах”, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах”, “Иод дутлын эмгэгтэй тэмцэх”, “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр; “Зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих”, “Эх, хүүхдийн хооллолтыг дэмжих” стратеги; “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавигдах шаардлага”, “Зонхилон тохиолдох өвчний үеийн хоол эмчилгээ”, “Хүнсний үйлдвэрлэл, эрүүл ахуйн тодорхойлолт, нэр томъёо” үндэсний стандарт; “Хоол хүнсээр дамжих өвчнийг хянах ба тандах журам, “Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг нэвтрүүлэх журам”, “Тусгай хоолны дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам” зэрэг нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач юм.

НЭМҮТ-ийн хамт олных нь зүгээс Н.Болормаа судлаачдаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн их амжилтыг хүсэн ерөөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41208
1 эможи
keyboard_arrow_up