ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД

2017 оны 2 сарын 18

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 

Азийн хөгжлийн банк эмийн зохицуулалтыг шийдвэрлэхээр манай улсад төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын байнгын хорооны зарим гишүүд болон холбогдох албаны хүмүүс Шинэ Зеланд Улсад ажлын айлчлал хийж байна.

Шинэ Зеланд Улс 1998 онд эмийн бие даасан эмийн Агентлаг байгуулснаар чанартай, аюулгүй эмээр ард иргэдээ хангаж, энэ чиглэлээр дэлхийн загвар улс болжээ.

Ард иргэдээ чанар аюулгүй байдлыг хангасан, баталгаатай эмээр хангах үүднээс бие даасан хараат бус байгууллагатай болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Судалгаанаас үзэхэд зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа юм.

Өнөөдөр Шинэ Зеланд Улсын иргэд авч хэрэглэж буй эмийнхээ чанарт огтхон ч эргэлздэггүйн зэрэгцээ Англи, Австрали, Америкийн иргэдээс 10 дахин их эм хэрэглэдэг байна. Иргэдийн дунд нийтлэг хэрэглэдэг эмийн худалдааг улс нэгдсэн журмаар хийсний үр дүнд үнэ ээ буулгаж чадсан байна. Эмийн чанар, аюулгүй байдал хяналтын тогтолцоог бүрдүүлж чадсанаар ийм үр дүнд хүрчээ. Эм эмийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм.

ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН ЗАВХАН, УВС, ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАА

УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Засгийн газрын баг бүрэлдэхүүн Завхан, Увс  аймагт ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзан засгийн газрын хийж хэрэгжүүлж буй болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж ард иргэдийн санал бодлыг сонсон сонирхсон асуултад хариуллаа.

Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ажиллаж түүнээс иргэд Уламжлалт анагаах ухааны төвийн байрыг шинээр барьж өгөх боломж байдаг уу, завхан аймгаас бусад аймгууд  Гемодиализийн аппараттай өвчтөнүүд орон нутагтаа эмчлэгдэх боломж бүрдсэн байдаг. Тус  аймагт Гемодиализийн аппарат байдаггүйгээс Улаанбаатар хот болон бусад аймгуудад очиж эмчлүүлэх шаардлага гардаг иймд диализийн аппаратаар хангах боломж бий юу, Харвони эмийн талаар тодруулга хийнэ үү зэрэг салбартай холбоотой асуулт асууж хариулт авлаа. 

 

 

ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН САНТЕ СЮД” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Францын “Санте Сюд” төрийн бус байгууллагын хөтөлбөр хариуцсан менежер  Анн Бургонион, төсөл хариуцсан ажилтан Орэли Дантан нарыг хүлээн авч уулзан санал солилцов.

Уулзалтын эхэнд “Санте Сюд” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Монгол улсад явуулж буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцууллаа.

Тус байгууллага нь 1994 оноос хойш Манай улсын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуйн салбарт төсөл, хөтөлбөрүүдийг төв, орон нутгийн байгууллагагуудтай хамтран хэрэгжүүлж иржээ.

Хөтөлбөр хариуцсан менежер Анн Бургонион Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнд найрсаг дотноор хүлээн авч, дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн хугацаанд "Санте Сюд" ТББ , Монгол улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Дэд сайд Л.Бямбасүрэн Монгол улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудалд анхаарч, тус яамтай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн, нярайн эрүүл мэнд  дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш гэдгийг онцлоод “ Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл”, “Байгууллагын хөгжлийн бодлого” төсөл нь эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж, үр өгөөжөө өгч байгаа талаар дурьдаж, цаашид “ Монгол улсын яаралтай тусламж, үйлчилгээг бэхжүүлэх төсөл “ дээр хамтарч, дэмжлэг үзүүлж ажиллахаа  илэрхийллээ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖЭЭЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн  Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/23 дугаар тушаалаар томилогдсон тусгай зөвшөөрлийн шинжээч нартай уулзаж ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр шинжээч нарын санал бодлыг сонслоо. Цаашид тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, анхаарах асуудлын талаар үүрэг даалгавар өгсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран эрүүл мэндийн салбарын ажилтны “Ажил мэргэжлийн ангилал, жагсаалт”-ыг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн албаны дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ ГССҮТ-ИЙН ТҮЛЭНХИЙ НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСЛЫН ТАСАГТ АЖИЛЛАЛАА

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, НЭҮТ-ийн захирал Б.Цогтбаатар нар ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаа. Тус тасагт нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратны асуудлыг шийдэж,  энэ долоо хоногт гардуулж өглөө.

Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасаг нь Монгол улсын хэмжээнд Түлэнхийн болон түлэнхийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. 2016 оны байдлаар Гэмтлийн эмнэлэгт түлэгдэлтээр нийт 4059 үйлчлүүлэгч түлэгдлийн улмаас яаралтай тусламж авсны 62.2  хувь  буюу  (2525 ) нь 5 хүртэлх насны хүүхдүүд түлэгдсэн байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр хэлсэн үгэндээ бага насны хүүхдийн осол гэмтэл, түлэгдлийг бууруулахын тулд ЭМЯ-аас орон даяар “Хүүхдийн түлэгдэл – Эцэг эхийн хариуцлагаас” аяныг явуулаад сар гаруй болж байна. Манай орны нөхцөлд ихэвчлэн бага насны хүүхэд илүү өртөдөг нь бидний ирээдүй хамгаас хайрладаг энхрий нялх үрс маань түлэгдлийн улмаас насан туршийн сорви татанхайтай, тахир дутуу болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч үлддэг байна. Хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх нь асран хамгаалагчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн анхаарлыг хандуулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, эцэг эхчүүд үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцоллоо. Цаашид ч хүүхдийг түлэгдлээс сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх эмчилгээнд онгой анхаарна гэдгээ энэ үеэр хэллээ.

ГЕМОДИАЛИЗИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦДАГ БОЛЛОО

Эрүүл мэндийн яамнаас бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахыг зорин судалгаа тооцоог гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулснаар гемодиализ эмчилгээ хүлээгдэлгүй боллоо.

        Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй 7 хувийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тодруулбал, Люкс диализ, Интермед, Эрин, Айсию, УБ мед гэсэн хувийн эмнэлгүүд бөөрний архаг дутагдалтай 70 гаруй хүнд үйлчилж байгаа бөгөөд Нарт-Эрдэнэс, Агапе хоспис эмнэлгүүдэд 54 хүн нэмж хуваарилах юм. Ингэснээр тус тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан 120 гаруй хүн гемодиализийн эмчилгээнд тогтмол хамрагдах боломжтой боллоо.

        Ийнхүү шийдвэрлэснээр бөөрний архаг дутагдалд орсон хүн үнэ төлбөргүйгээр 7 хоногт 3 удаа тогтмол гемодиализ эмчилгээнд хамрагддаг болж санхүүгийн дарамтнаас бүрэн чөлөөлөгдөж байна. Тэд нэг удаа орохдоо 125 мянга, 7 хоногт гурван удаа ороход 375 мянган төгрөгийг насан туршдаа төлөх байсныг төрөөс бүрэн хариуцдаг болов.

     

Б.МЯГМАР: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫНХАА ДААЛГАВРААС УХРАХГҮЙ

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн холбооны төлөөлөл бүхий “Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр” өчигдөр Эрүүл мэндийн яамны Б танхимд боллоо.

Хэлэлцээрт талууд тус бүрээс 9 төлөөлөгч оролцож,  ЭМЯ-ны төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ажилтны төлөөлөгчдийг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, ажил олгогчдыг төлөөлж Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Б.Даш-Яндаг нар ахалжээ.

Энэхүү хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажиллагсадын хөдөлмөр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зэрэг асуудлуудыг тусгасан 7 бүлэг 81 заалт бүхийн саналыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос  Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоодод хүргүүлж, хэлэлцээрийг эхэлж байгаа юм.

“ЭХ ЯАГААД ЭНДЭВ” 2012-2015 ОНД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс энэ долоо хоногт “Эх яагаад эндэв? 2012-2015” судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг судалгааг ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, АШУҮИС, ЭХЭМҮТ, олон улсын байгууллагууд төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг, нийслэлийн Амаржих газрууд, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын төлөөлөл оролцож байна. Төр засгаас сүүлийн жилүүдэд  Монгол улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эх нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрсэн гэдгийг тод харуулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Я.Болормаа нар оролцлоо.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АНХ УДАА ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭНИЙ САНГИЙН ПРОГРАМ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн бүртгэл хийж, мэдээний сан үүсгэн хөрөнгийн төлөвлөлтийг үр ашигтай болгох зорилгоор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлтийн систем”-ийн програм хангамж хийгдэн хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна. Энэхүү програм хангамжийг Азийн Хөгжлийн Банкны ЭМСХХ-IV төслөөс санхүүжүүлсэн. Програм нэвтрүүлэх ажлын хүрээнд сургалтууд хийгдэж эхлээд байна. Эхний сургалт нь 2017.02.14 өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулагдлаа. Уг сургалтад нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан 15 хүн оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41077
0 эможи
keyboard_arrow_up