Энэ сарын хүүхдийн үнэгүй эмийг олгож эхэлжээ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 0-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгох эмийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран хүйтний улиралд ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан 0-5 насны хүүхдүүдэд арав гаруй нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангуудаар үнэ төлбөргүй олгох боломжийг бүрдүүлж, улсын төвөөс 1,5 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж буй арав гаруй нэр төрлийн эмийг одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 808 эмийн сангаар үнэ төлбөргүй олгож байгаа аж.
Энэ сарын санхүүжилт бүрэн шийдэгдэж, эрүүл мэндийн даатгалын сангаас 452 сая төгрөг төсөвлөсөн байна. Иймд нэгдүгээр сарын 31-нээс эхлэн бүх эмийн сангуудад үнэгүй эмийг даатгалын дэвтэр болон эмчийн жорын дагуу олгож эхэлжээ.
Энэхүү эмийн хөнгөлөлт болон үнэгүй эм олгож эхэлснээр аймаг, нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн орны ачаалал багасч, томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа аж.