ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

2017 оны 2 сарын 04

Энэ долоо хоногт ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

Цахим эрүүл мэнд төсөл хэрэгжиж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон Цахим эрүүл мэнд төслийн багийн ахлагч Апарнаа Соманатан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийн явц болоод цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солицсон юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай салбарт цахим үйлчилгээ ус, агаар шиг хэрэгтэй байна. Тиймээс бид уг төслийг үр дүнтэй явуулж, оновчтой ажлуудыг хийх, түүнийгээ тогтмол үргэлжлүүлэх саналтай байна гэв. Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон энэ удаагийн уулзалт эхнийх бөгөөд цаашид ажлын явцыг түргэсгэх зорилгоор удаа дараа уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Эрүүл мэндийн салбарт мобайл технологийг нэвтрүүлэн ажиллаж байна

ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран өнөөдөр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн үр дүнг танилцуулж, цаашид уг төслийг бусад аймаг, дүүрэгт хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэх ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын явцад оролцогчид дээрх төслийн талаар болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцан, харилцан санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэхүү уулзалт нь хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын явцыг хэлэлцэх, цаашид хамтран хэрэгжүүлэх чиглэл, боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг цохон хэлээд, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах саналуудыг тааламжтай хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амд хүрч үйлчлэх, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.

А.Цогцэцэг: Улсын эмнэлгүүд хоёр ээлжээр 20:00 цаг хүртэл ажиллана

Улсын зарим эмнэлгийг ирэх сарын нэгнээс хоёр ээлжээр 20:00 цаг хүртэл ажиллуулахаар болсонтой холбогдуулж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс асуудлыг тодрууллаа. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20:00 цаг хүртэл, зуны улиралд 21:00 цаг хүртэл, Бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллуулахаар шийдвэрлээд байна.

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир тус эмнэлэгт энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжинэ. Энэ нь үйлчлүүлэгчдийн ачаалалтай холбогдуулан эмнэлэг 2 ээлжээр ажиллаж байгаа нь ханиад томууны дэгдэлттэй хамааралгүй гэж ойлгож болно. Нэг эмчид ноогдох үзлэгийн цаг гэж байдаг. Стандартаар бол нэг хүнийг 20 минутад үзэх ёстой.

Энэ хугацаанд эмч тухайн иргэний өвчтөний түүхийг маш сайн уншиж, өмнөх лабораторийн шинжилгээнүүдийг нь харьцуулах зэргээр анализ хийдэг. Гэтэл өнөөдөр манай эмч нар оочер дугаарлалтад хавчигдаад өвчтөнийг богино хугацаанд хурдан үзэх болчихоод байна. Энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нөгөөтэйгүүр эрсдлийг бий болгох магадлалтай тул уг шийдвэрийг гаргаж байна. Ингэхээр иргэд 2 дугаар сарын нэгнээс эхэлж орой 20 цаг хүртэл дээрх 4 эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Харин иргэд цаг авч авсан цагтаа ирж үзүүлэх нь зүйтэй.

Дэд сайд Л.Бямбасүрэн ОХУ-ын Эмнэлэг биологийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ОХУ-ын Эмнэлэг биологийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Манай  улсын эрүүл мэндийн салбарын ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн тухай дуулгалаа. Тус төв нь ОХУ-ын Красноярск хотод байрладаг бөгөөд Сибирийн Холбооны тойрогт  төдийгүй ОХУ, хамтран ажилладаг гадаад орнуудад амь тэнссэн үеийн анагаах ухаан, спортын анагаах ухаан, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн эмгэгийн дараах нөхөн сэргээх эмчилгээгээр олон улсын жишигт хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг төв юм байна. ОХУын Эмнэлэг биологийн агентлагийн харъяа Сибирийн эрдэм шинжилгээ эмнэлзүйн төвийн төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд ОХУ-ын  Эмнэлэг биологийн агентлагийн харъяа Сибирийн эрдэм шинжилгээ эмнэлзүйн төвийн  / ФСНК ФМБА России/ -ийн ерөнхий эмч Осипова Татьяна Михайловна, хөрөнгө оруулалт, төслийн газрын захирал  Яковлева Людмила Ивановна, чанарын албаны дарга Хмелевская Елена Георгиевна, хэвлэлийн төлөөлөгч Соколова Марина Александровна  нар багтжээ.

Эмнэлгүүдийг магадлан итгэмжиллээ

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, байгууллагыг хөгжүүлэх  гол хэрэгсэл бол магадлан итгэмжлэл юм. Энэ нь байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа. Сайн дурын үндсэн дээр явагддаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байгууллага өөрийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чанарыг үнэлүүлэхийн тулд  магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ гаргаж, хөндлөнгийн шинжээч нар шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийдэг үйл ажиллагаа юм.

2016 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод 213, аймаг, орон нутагт 500 магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна.

2014 онд 213, 2015 онд 204, 2016 онд 127 эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэгдсэн.

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд төр, хувийн хэвшлийн харилцан бие биенээ дэмжсэн үр дүнтэй түншлэлийг бий болгож, төрийн чиг үүрэгт хамаарах эмнэлгийн зарим тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна. Байгууллагыг сонгон шалгаруулах гол шалгуурын нэг нь  магадлан итгэмжлэл байдаг.

Сүүлийн жилүүдэд олон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал шинээр байгуулагдаж улмаар магадлан итгэмжлэгдэж, зарим тусламж, үйлчилгээг гүйцэтгэх сонгон шалгаруулалтад орж байна.

Элчин сайд Масато Такаока эрүүл мэндийн салбарын ажлыг дэмжиж байна
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр  Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд манай эрүүл мэндийн салбар Япон Улстай хамгийн ойр ажиллаж ирсэн, ажлын түүхэн туршлагатай гэдгийг цохон хэлээд ач холбогдол өндөртэй олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна гэв.

Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал”-техникийн хамтын ажиллагааны төслийг тус тус хэрэгжүүлж байна. Ингэснээр энэ онд 11.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гурван аймгийн 32 сумын эмнэлэгт олгох, ирэх онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн сургалтын бааз эмнэлгийг байгуулах зэрэг ажлууд хэрэгжих гэж байна хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ.

УГТЭ АМБУЛАТОРИ, ОНОШЛОГООНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ 2 ЭЭЛЖЭЭР ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өнөөдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг юм.

Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношилгоо  (рентген, хэвлийн ЭХО), лаборатори, зүрхний бичлэгийн тусламж үйлчилгээг 0800 - 2000 цагийн хооронд тогтмол үзүүлж эхлээд байна. Амбулаторид 2 ээлжээр ажиллаж эхэлсэн эхний өдөр буюу 02 сарын 01-ны 1500 цагийн үед 100 гаруй хүн 2-р ээлжийн тусламжийг авахаар ирсэн байлаа. Үйлчлүүлж буй иргэд 2 ээлжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

3000 ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгоно

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

НУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-60 насны С вирусын халдвартай  иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 3000 хайрцаг эмийн холбогдох татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт холбогдох хууль журмын дагуу, мэргэжлийн эмчийн хяналт дор иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгалаа.

Хүүхдийн өвчлөлийн цогц менежментийн сургалт зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн газраас эх хүүхдийн эрүүл мэнд, 0-5 насны хүүхдийн хяналт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент”-ийн сургалтыгшинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Өвөрхангай Арвайхээр орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2017 оны 1-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтанд сум, өрхийн багийн эмч, хүүхдийн эмч нийт 55 хүн хамрагдаж мэдлэгээ дээшлүүлж, чадавхижлаа.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40642
0 эможи
keyboard_arrow_up