Элчин сайд Масато Такаока эрүүл мэндийн салбарын ажлыг дэмжиж байна

2017 оны 1 сарын 31

   Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

             Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд манай эрүүл мэндийн салбар Япон Улстай хамгийн ойр ажиллаж ирсэн, ажлын түүхэн туршлагатай гэдгийг цохон хэлээд ач холбогдол өндөртэй олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна гэв.

             Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал”-техникийн хамтын ажиллагааны төслийг тус тус хэрэгжүүлж байна. Ингэснээр энэ онд 11.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гурван аймгийн 32 сумын эмнэлэгт олгох, ирэх онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн сургалтын бааз эмнэлгийг байгуулах зэрэг ажлууд хэрэгжих гэж байна хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ.

             Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс гадна Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг явуулж, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарыг жирэмсний хяналт, төрөх үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах сургалтад багаар нь Япон Улсад суралцуулсан юм.

            Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока өмнөх оны сүүлээр томилогдон ирсэн гэдгээ хэлээд Эрүүл мэндийн сайдыг хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсанд талархаж байгаагаа илэрхийллээ.                              

            Түүнчлэн Элчин сайд Масато Такаока хэлэхдээ, Сургалтын бааз эмнэлгийг байгуулах ажлыг энэ оны 7 дугаар сард эхлүүлнэ. Тухайн эмнэлэг ашиглалтад орсноор Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэв.

            Мөн тэрээр энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг дуулгаад энэхүү түүхт ойг тохиолдуулан хамтын ажиллагааг улам хөгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

         Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын уламжлалт эмчилгээ Жүдо бариа заслын аргыг нэвтрүүлэх, сургагч багш бэлтгэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Нагояагийн их сургуультай хамтран “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд докторантурын сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, түүнчлэн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40515
0 эможи
keyboard_arrow_up