Эрүүл мэндийн сайд Элчин сайд нартай уулзлаа

2017 оны 1 сарын 25

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсад суух Элчин сайд Д.Билэгдорж, Бельгийн Вант Улсад суух Элчин сайд О.Оч нарыг хүлээн авч уулзаж, эдгээр улсуудтай эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монгол Улсын Их хурал, Засгийн газар, ЭМЯ-ны санаачилга, Бельгийн Вант Улсын Засгийн газрын 100%-ийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дорнод аймаг дахь Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлж, Монгол Улсын хоёр дахь шатлалын загвар эмнэлэг болгон бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 4.6 сая еврогийн хөрөнгө оруулалт бүхий төслийг 2008-2011 онд хэрэгжүүлснийг танилцууллаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд уг төслийг өргөжүүлэн Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн чадавхийг сайжруулах зорилгоор 6 сая гаруй еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд үүний 60 хувийг Бельгийн Вант Улсын Засгийн газраас хүүгүй зээл хэлбэрээр, 40 хувийг Монгол Улсын засгийн газраас тус тус санхүүжүүлэхээр болсон гэдгийг хэлэв.

Төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд дараах 4 үндсэн чиглэлд хэрэгжих юм. Үүнд:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах,
  • Хүний нөөцийг чадавхжуулах (Монголд болон Бельгид тоног төхөөрөмжийн инженер болон эмч нарын сургалт),
  • Мэдээллийн технологийг сайжруулах (Өвчтөний цахим түүхийн тоног төхөөрөмж, програм хангамж, сургалт; Алсын зайн оношилгооны тоног төхөөрөмж, програм хангамж, сургалт),
  • Бүх тоног төхөөрөмжид  засвар үйлчилгээний гэрээ байгуулах.

Эрүүл мэндийн сайдын зүгээс Бельги Улстай хамтран ажиллах хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, эмийн үйлдвэртэй хамтран ажиллаж Евро стандартыг нэвтрүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд Европын холбооны банкнаас хөнгөлөлттэй зээл авах боломжтой болох зэрэг асуудалд анхааран ажиллахыг хүслээ.

Бельгийн Вант Улсад суух Элчин сайд О.Оч Эрүүл мэндийн сайдын хэлсэн саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлж, цаашид эрүүл мэндийн салбарт анхааран ажиллана гэв. Түүнчлэн тэрээр Голланд Улстай эрүүл мэндийн салбарт харилцаа холбоо тогтоох саналтай байгаагаа хэлэв.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНАВУ-тай хамтран ажиллах хүрээнд манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар түр хугацаагаар очиж ажиллаж, заавар зөвлөгөө өгөх, тус улсын Уламжлалт анагаах ухааны бодлогын тал дээр туршлага судалж, хамтран ажиллах боломжтой гэдгийг хэллээ.

БНАВУ-д суух Элчин сайд Д.Билэгдорж Монгол Улсад Вьетнам Улстай хамтарсан хүнсний биоидэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх бага оврын үйлдвэр ирэх 2 дугаар сард ашиглалтад орох гэж байгааг дуулгалаа. Мөн тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг Герман Улс руу явуулж лабораторид шинжлүүлсэн нь үр дүнтэй байсныг хэллээ. Тэрээр мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Ханой хотын төв эмнэлэгтэй хамтын ажиллагаатай байдгийг дурдсан юм.

2006 оны 4 дүгээр сард БНАВУ-ын Эрүүл мэндийн сайд Чан Тхи Чунг Жиен тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд эмийн үйлдвэрлэл, эм эмийн бүтээгдэхүүн импортлох, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон.

2010 оны 11 дүгээр сард тухайн үеийн Эрүүл мэндийн сайд БНСВУ-д айлчлал хийсэн.

2013 онд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНАВУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын 2013-2015 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулсан.

2015 оны 12 дугаар сард ЭМСЯ-ны төлөөлөгчид БНАВУ-д танилцах аялал зохион байгуулсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр” төсөл, хувийн эмнэлгийн төлөөлөл багтсан. Танилцах аяллын зорилго нь тус улсын ерөнхий эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцах, эмнэлгийн засаглал, бие даасан байдлыг сайжруулахад гаргасан ололт амжилт, туршлагыг судлах, харилцан мэдлэг, туршлага солилцох явдал байв.

Элчин сайд нарын зүгээс хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, төлөвлөгөөт төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40345
0 эможи
keyboard_arrow_up