Сайн мэдээ: Томуугийн тархалт буурчээ

2017 оны 1 сарын 25

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж эхэлжээ.

Өчигдрийн байдлаар /2017.01.24/ нийслэлд амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурсан үзүүлэлт гэж эрүүл мэндийн салбарынхан дүгнэв.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнөөдрийн байдлаар 1742 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 1897 ор ашиглаж байгаа нь ачаалал хэтрээгүй гэх ерөнхий дүр зургийг харуулж байгаа юм.

Ерөнхийдөө ойрын өдрүүдэд эмнэлэгт хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ. Нийт өвчлөгсдийн 80.96 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Томуу, томуу төст өвчлөлийн хамгийн өндөр үзүүлэлтээр нь авч үзвэл, Багануур дүүрэгт 11.6 хувь, Чингэлтэй дүүрэгт  8.7 хувь, Сүхбаатар дүүрэгт 8 хувийг эзэлж байна.

Хэдийгээр 2-3 долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад ханиад томууны тархалт бага багаар буурч байгаа ч өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлт үзлэг, утасны зөвлөгөөг сайжруулж, хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаархи зөвлөгөө, өвчтэй хүүхдийн асаргаа сувилгаа зэрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлуудад нийслэлийн Эрүүл мэндийн газраас онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.


ХАТГАЛГАА ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДГИЙГ
ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ТАНЬЖ, ЭМЧЛЭХ ВЭ?

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг, эхчүүд мэдэж авах нь чухал. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэрэг зөвлөмжийг танилцуулъя.   

Хатгалгаа гэж юу вэ?

Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?

Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм. Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:

Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг. Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна. Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.

Эцэг, эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:

  • Ханиалгах
  • Халуурах
  • Нус гоожих
  • Тайван бус болох
  • Хоолонд дургүй болох
  • Заримдаа амьсгаадах
  • Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?

Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШИРОХ гэнэ. Үүнд:

  • 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон

  • 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон

  • 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.

  • Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.

  • Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.

  • Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.

Ханиадыг гэртээ яаж эмчлэх вэ?

  • Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараахи эмчилгээг хийнэ.

  • Ханиалга намдаах зөөлөн чанарын эм бэлдмэл /аньсны ханд, читамон, чигатуссин зэрэг/ уулгаарай.

  • Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.

  • Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.

  • Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.

  • Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх бөгөөд хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ ЗААВАЛ асуугаарай.

Хүүхэд өвчилсөн үед:

  • Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.

  • Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.

  • Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай.


ДАРААХИ ШИНЖ ТЭМДГИЙГ АНХААРАЛТАЙ АЖИГЛААРАЙ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40317
0 эможи
keyboard_arrow_up