ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР
Өнгөрсөн долоо хоногт ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ-аар Донорын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжив
2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцуулав. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.
Донорын тухай хуулийг шинэчлэн найруулах шалтгаан нь анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаатай холбоотой гэдгийг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ дурдав.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Нялх хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хуульчилна
2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг оролцсон гишүүдийн 92.7 хувь нь дэмжсэн байна.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар танилцуулав.
Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд хуулийн хүрээнд дурдсан бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэл, сав, баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлага, хориглох зүйл, бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт зэргийг нарийвчлан тусгажээ.
Иргэдээ гэсэн шаардлагыг төр хүлээж авахгүй байх эрхгүй
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны зарим гишүүд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуун нар төвийнхөө үйл ажиллагаа болоод тулгарч буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө.
Монгол Улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн дэлхийн 46 дахь улс бөгөөд өдгөө 28 хүнд тус хагалгааг амжилттай хийжээ. Эмч нарын зүгээс Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зарим дутагдалтай тоног төхөөрөмж болон эмч нарын орон тоо, байрны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүдэд дуулгалаа.
15 сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардууллаа
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын нөөцөөс 11 аймгийн 15 сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө.
Шинжлэх ухаан технологийн захиалгат төслүүдийн үр дүнг хэлэлцлээ
Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан технологийн зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж эрүүл мэндийн салбарт 2014-2016 онуудад хэрэгжсэн цөм технологи болон шинжлэх ухаан технологийн захиалгат төслүүдийн үр дүнг хүлээн авахаар хэлэлцлээ.
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн шинэчлэл, манлайлал ба хариуцлага” Үндэсний IV зөвлөгөөн 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд ЭМЯ дээр боллоо.
Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн салбарын манлайлал”, “Яаралтай тусламжийн шинэчлэлд миний хувь нэмэр” сэдвийн хүрээнд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Зөвлөгөөнд оролцогчид “Гамшиг, онцгой байдлын үеийн манлайлал”, “Гамшиг, онцгой байдлын үед улс төрийн манлайлагч нартай ажиллах нь”, “Гамшгийн сэрэмжлүүлэг ба өртсөн хүн амд мэдээлэл хийх нь”, “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлөвлөлт, зохицуулалт, ор дэлгэх”, “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүний нөөц”, “Гамшиг, онцгой байдлын үеийн бэлэн байдал” зэрэг сэдвээр илтгэл танилцууллаа.
Гепатитын чиглэлээр хийж буй ажлууд олон улсад туршлага болж байна
Дэлхийн Гепатитын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Чарльз Горе 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн сайдад бараалхаж, вируст гепатитын эмчилгээний талаар санал солилцлоо.
Тэрээр хэлэхдээ, Монгол Улс вируст гепатитын тархалт өндөр, түүнийхээ хэрээр хийж байгаа ажил нь их байна. Дэлхийн олон орон энэ тал дээр юу хийхээ мэдэхгүй байгаа. Монгол Улс сүүлийн жил гепатитын вирусын эсрэг маш их хөрөнгө оруулалт хийлээ. Засгийн газраас ихээхэн анхаарч, санхүүжилт олгож байна. Энэ нь бусад улс оронд туршлага болж байна гээд вируст гепатитын санүүжилт болоод шуурхай арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайдаас тодруулсан юм.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гепатиттай тэмцэх нь манай Засгийн газрын гол ажлуудын нэг. Бид иргэддээ аль болохоор түргэн шуурхай тусламж үзүүлж болох санхүүгийн механизмыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гарсан даруйд иргэд вируст гепатит С-ийн гэрээт эмийг эрх бүхий эмийн сангуудаас хөнгөлөлттэй үнээр худалдаж авах бололцоог нээсэн. Ингэснээр С вирүсийн 5 төрлийн эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг болсон. Түүнчлэн эхний ээлжинд Архангай аймгийн нийт хүн амын 60 гаруй хувьд С вирус илрүүлэх шилжилгээг хийсэн. Уг шинжилгээгээр вирүс илэрсэн хүмүүст эмчилгээг нь хийхээр ажиллаж байна гэв. Цаашид В, С вирүст гепатитын чиглэлээр хийх ажил их байгааг хэлээд, ЭМЯ дээр тус асуудлыг хариуцсан ажлын хэсэг гарган ажиллах гэж байгаагаа дуулгалаа.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ТАВ ТУХТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛСЭН ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
БОЭТ “Рийл Тайм Пи Си Ар” загварын вирусын шинжилгээ хийх зориулалттай шинэ аппараттай боллоо. Үүнийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр Токио хотын Халдварт өвчний үндэсний хүрээлэн дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томуугийн лавлагаа төвөөс нийлүүлж байгаа юм. 75,5 сая орчим төгрөгийн өртөгтэй энэхүү аппарат Монгол Улсад Дорнод, Ховд, Орхон, Дархан-Уул аймагт буюу бүсчилсэн хэлбэрээр олгогдож байна.
“Рийл Тайм Пи Си Ар” аппарат нь томуугийн вирусээс гадна элэгний B, С вирус гээд маш олон төрлийн вирусын шинжилгээг хийх хүчин чадалтай. Мөн ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад олон төрлийн оношлуур ашиглан ажиллуулах бүрэн боломжтой. Энэ үеэр Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Энэ аппаратыг ашиглаж илрүүлсэн вирусуудыг манай төвд төвлөрүүлнэ. Ингэснээр Токиод байрлах ДЭМБ-ын төв рүү илгээнэ. Энэ нь томуугийн вирусыг хянадаг дэлхийн зургаан лабораторийн нэг юм. Өөрөөр хэлбэл бид томуутай тэмцэх дэлхийн сүлжээнд нэгдэж байна гэсэн үг” гэлээ.