ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

2017 оны 1 сарын 16

Үндсэн хуулийг батлалцсан эмч депутатуудад хүндэтгэл үзүүлэв

 

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  ЭМЯ-ны удирдлагууд салбарын депутатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай эрүүл мэндийн салбар маш олон чадварлаг ажиллах хүчинтэй, тиймдээ ч ийм олон сайхан депутатууд үндсэн хуулиа батлалцаж, өнөөдрийн энэ их ажлыг хийх үндэс суурийг тавьж өгсөн юм. Үнэхээр та бүхнээрээ бахархах сэтгэл төрж байна гээд, салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлууд болоод цаашид хийх ажлынхаа талаар товч танилцууллаа.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ, Өнөөдрийн уулзалтаар тулгамдаж буй олон асуудал хөндөгдсөн, ач холбогдолтой уулзалт болж байна. Та бүхний минь саналууд маш үнэтэй, бид өөрсдийн ажилдаа тусган ажиллах болно. Бидний зүгээс хэнийг ч орхигдуулахгүй гэсэн зарчмын дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогыг чиглүүлэн ажиллаж байгаа гэв.

 ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ, Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн, ахмад депутатууд, үндсэн хуулийг батлалцсан та бүхэндээ баярлаж байна. Та бүхэндээ яамныхаа бүх ажилчдын өмнөөс талархал дэвшүүлье гэв. Ингээд яамны удирдлагууд хүндэт депутатууддаа дурсгалын зүйл гардуулан өглөө.

Халдварт бус өвчлөлөөс сэргийлэхээр ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  ДЭМБ-ын Зөвлөхүүдийг хүлээн авч уулзан хийж буй ажлынх нь явцтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Зөвлөхүүд Монгол Улсын хүн амын дунд халдварт бус өвчлөл их, түүнчлэн тухайн өвчлөлд шууд нөлөө үзүүлдэг архи, тамхины хэрэглээ их байгааг дурдлаа. Тэд ажиллах хугацаандаа архи, тамхинд ногдуулж байгаа Онцгой албан татварт эдийн засгийн дүн шинжилгээ хийж, цаашид хүн амын нийт өвчлөлийн 70 гаруй хувийг эзлээд буй халдварт бус өвчлөлийг багасгах гол арга замын нэг болсон архи, тамхины хэрэглээг бууруулахыг зорих юм байна.

ДЭМБ-ын Зөвлөхүүд ажиллах хугацаандаа ТЕГ, ГЕГ, ҮСХ, МХЕГ, НЭМҮТ, СЭМҮТ, АШУҮИС, мөн архи, тамхины чиглэээр үйл ажиллагаа явуулдаг ТББ болон бусад олон улсын байгууллагуудтай уулзалт, сургалтыг зохион байгуулсан байна.

Анагаахын чиглэлээр 19 монгол оюутан Куба улсад суралцаж байна

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Консепсион 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр  Эрүүл мэндийн сайдад бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ярианыхаа эхэнд манай хоёр улс Анагаах ухааны салбарт хамтран ажилласан туршлагатай, ялангуяа шүдний чиглэлээр олон эмч, мэргэжилтэн суралцаж төгссөн гэдгийг хэллээ.

Сайдын зүгээс цаашид нүдний мэс засал, биотехнологи, вакцин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж, эмч, мэргэжилтнүүдийг Монгол Улсад түр хугацаагаар ажиллуулах, мөн Монголын эмч нарыг тус улсад төгсөлтийн дараах, мэргэшүүлэн сургалтад суралцуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

5 мэргэжилтэн БНСУ-д урт хугацааны сургалтанд хамрагдахаар боллоо

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  БНСУ-ын Олон улсын Эрүүл мэндийн сангийн төлөөлөгчидтэй уулзаж Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн хүрээнд тус төвийн цөмийн оношилгооны тасагт ажиллах цөмийн оношилгооны эмч, циклотроны оператор физикч, цацраг идэвхит эмийн  химич, цацрагийн хяналтын мэргэжилтэн, цацраг идэвхит эмийн техникч зэрэг 5 мэргэжилтнийг БНСУ-д урт хугацааны сургалтанд хамруулах сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэв.

Шалгарсан мэргэжилтнүүдтэй Эрүүл мэндийн яам гэрээ байгуулж, 2017 оны 3-р сараас эхлэн сургалтанд хамруулна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Жайка ОУ-ын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн яам ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг бэхжүүлэх нь” төслийн нэгжийн ажилтнуудыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус төслийн захирал бөгөөд хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Д.Очирбат  хүлээн авч уулзав. 

Уулзалтанд төслийн ахлах зөвлөх Охара Хироши, төслийн зохицуулагч Нода Хироюки, хүүхдийн яаралтай тусламжийн сургалтын чиглэлээр богино хугацаагаар ажиллаж байгаа зөвлөх Иноүэ Нобуаки, төслийн ажилтан н.Тэгшжаргал нар оролцож төслийн тухай, төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч танилцуулав.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2017 оны 1 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын СДЭ, Ханбогд сумын СДЭ, Хайрхан баг, Гашуун сухайт хилийн боомт, Даланзадгад сумын ЭМГ болон БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Дэд сайд Эрүүл мэндийн яамнаас баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулсан бол аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Өнөржаргал аймгийнхаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Дэд сайдын хамтаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Глобаль сангийн төслийн ажилтан Ч.Бямбаа, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг нар ажиллав.

ТАРХИ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ МОНГОЛДОО ХИЙЖ БАЙНА
Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр УГТЭ хамгийн сүүлийн үеийн тархи, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулагдсан бөгөөд дээрх аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын технологийг  мэргэжилтнүүд цаг алдалгүй эх орондоо нутагшуулж чадлаа. 
. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад энэ төрлийн мэс заслыг хийлгэхэд эмчийн ур чадварын хөлс багтаад ойролцоогоор 80-200 сая төгрөг зарцуулдаг тооцоо байдаг. Өнөөдөр Монголдоо энэ төрлийн судсан дотуурх мэс заслыг ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн өртөгөөр хийж байна. Энэ нь зөвхөн мэс засалд шаардлагатай өндөр өртөг бүхий нэг удаагийн материал хэрэгслийн өндөр үнэ өртөг бүхий хагалгааны материал хэрэгслийн өртөг бөгөөд үүний 70-аад  хувийн зардлыг улсаас буюу эрүүл мэндийн даатгалаас даадаг болсон. Энэ бол төрөөс иргэдийнхээ эрүүл мэндэд оруулж буй асар том хувь нэмэр, мөн Монгол хүн эх орондоо дэлхийн түвшинд хүрсэн чанартай эмнэлгийн тусламжийг эрүүл мэндийн эдийн засгийн дарамтгүйгээр авах томоохон боломж бүрдсэнийг харуулж байгаа юм.

Анх удаа зүрхний хэм алдагдлын эмчилгээг нэвтрүүллээ
2016 онд УГТЭ-т ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна. 
Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, Америк, Европын орнуудад 20,000-50,000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг байна. Дээрх эмчилгээг эх орондоо нутагшуулснаар зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зорилгоор гадаад руу явах урсгалыг сааруулж, иргэддээ эх орондоо эмчлүүлэх боломж, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоо дээрх эмчилгээ хийлгэсэн иргэний эмчилгээний дундаж зардал 12-14 сая төгрөг болж буй бөгөөд үүний 70 орчим хувийг иргэний Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж, иргэн өөрөө дунджаар 2-4 сая төгрөгийн төлбөр төлж байна. УГТЭ нь 2016 онд нийт 36 хүнд зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг хийж, амбулатороор хэм алдагдалтай  1076 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Манай улсад ХДХВ-ийн халдвар Эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй
Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөшилцөх уулзалт 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр  боллоо. Уулзалтын гол зорилго нь ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалттайгаар хангаж,  бүх эрүүл мэндийн байгууллагын түвшинд ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийг оношооор нь ялгаварлан гадуурхалгүйгээр, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдэгдсэн юм. 
Хэдийгээр ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эхээс хүүхдэд тэмбүүгийн халдвар дамжиж, хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдлын тоо өндөр хэвээрээ байгаа нь биднийг илүү хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг шаардаж байнэ хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал уулзалтын төсгөлд хэлсэн үгэндээ онцоллоо.

103 шугамаар дамжуулан өдөрт 770 хүүхдэд үйлчилжээ

БГД, ЧД, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн хэвтүүлжээ.

Өмнө нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс СХД, ХУД, БЗД-ийн хүүхдийн түргэний дуудлагыг 103 шугамаар авдаг болсон юм. Цаашид бүх дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 шугамаар авдаг болохоор ажиллаж байна.

Резидент эмч нар Өрхийн эмнэлгүүдэд ажиллаж байна

Хүн амын дунд томуу, томуу төст өвчний тохиолдол ихсэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын  “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”  тушаал өнгөрсөн оны 12 дугаар сард гарч хэрэгжиж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг  сайжруулах зорилгоор резидент эмч нарыг нийслэлийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж байна.

 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39975
0 эможи
keyboard_arrow_up