ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

2017 оны 1 сарын 09

Эрүүл мэндийн сайд хотын дарга С.Батболдод албан тоот хүргүүллээ

 

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан тоот хүргүүллээ.

Нийслэл хотод томуу, томуу төст өвчний тархалт оргил үедээ хүрч энэ оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх магадлалтай байна. Иймд Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээхээр болсон. Уг тасаг ирэх 7 хоногт багтан үйл ажиллагаагаа эхлүүлэх болно. Мөн түүнчлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулахаар болоод байна. Ингэснээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байгаа БЗД, ЧД, СХД -ийн Нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн ачааллыг хуваалцах юм. Тодруулбал, ЦТЭ нь БЗД-ийн зарим хорооны, УХТЭ нь ЧД, СХД –ийн зарим хорооны хүүхдүүдэд тус тус үйлчилнэ.

Дээрх хоёр тасаг нь ханиад томуугийн үед хэрэглэх тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчнийг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан шийдвэрлэж байна.

Оны эхний өдөр мэндэлсэн бяцхан иргэд Ерөнхий сайдынхаа бэлгийг хүлээн авлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс шинэ оны эхний өдөр мэндэлсэн бяцхан иргэдэд бэлэг хүргүүлсэн байна. Тэдний зүгээс

Удам судрынхаа нэр хүндийг өргөж
Ураг элгэндээ өрх, бүл нэмэн
Ухаант дээдсийн өв эрдмийг дээдлэн
Улс Монголынхоо гал голомтыг бадраах
Уужим саруул ухаантай сайн хүмүүн болоорой хэмээх ерөөлийг өргөн мэндчилжээ.

Нийслэл, орон нутгийн хэмжээнд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийт 121 хүүхэд мэндэлж Ерөнхий сайдынхаа бэлгийг хүлээн авсан байна. Түүний илгээсэн хувийн бэлэг нь Монгол Улсдаа үйлдвэрлэгдсэн нярайн хослол хувцас байв.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛӨӨЛӨН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Засгийн газрын гишүүд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр  аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, цаашдын хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар Эрүүл мэндийн сайдтай гэрээ байгуулснаар эрүүл мэндийн хууль тогтоомж, УИХ, ЗГ-ын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх Засгийн газрын чиг үүргийг нийслэл, орон нутагтаа төлөөлөн хэрэгжүүлэх юм. Түүнчлэн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүү, хөрөнгө оруулалтын төсвийг захиран зарцуулах эрхийг тус гэрээгээр Засаг дарга нарт шилжүүлэн өглөө.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга нар өнөөдөр буюу 2017 оны 1 сарын 5-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр төвийн үйл ажиллагаа болон шинээр нэвтрүүлж буй технологиудынхаа талаар танилцууллаа. Тус төвд 2016 онд цус цуглуулах, үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах, тээвэрлэх, цахим бүртгэлийн нийт 108 нэр төрлийн 7.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэгдсэн байна. Харин аймгуудын Цусны салбар төвүүдэд нийт 9.9 тэрбум төгрөгийн 60 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэгдсэн ба донорын тухтай орчинг бүрдүүлж, 2 тэрбум төгрөгийн барилгын засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэжээ. Мөн Эрүүл мэндийн сайдын 2016 оны 93 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төвийн бүсийн зарим аймгуудаас сорьц тээвэрлэж эхэлсэн болон 2016-2017 онд хэрэгжүүлэх “Цахим төв” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Цусны албаны мэдээлэл, удирдлагын систем нь Засвар үйлчилгээ, удирдлагын систем, хүйтэн хэлхээний температур хяналтын систем, чанарын хяналтын систем болон тайлан, мэдээллийн систем, үндсэн үйл ажиллагааны нэгдсэн программ хангамжийг Цусны албанд нэвтрүүлж эхлээд байгаа юм байна.

Эрүүл мэндийн дэд сайд Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалтай танилцлаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр   Дундговь аймагт ажиллалаа. Энэ хугацаанд  Говь-Угтаал сумын Сум дундын эмнэлэг,  аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажил байдалтай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчидтай уулзалт зохион байгуулав.

Уулзалтын үеэр Дэд сайд Эрүүл мэндийн яамнаас баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулан, тэдний асуултад хариулт өгч, саналыг нь сонссон юм. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан аймгийнхаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцууллаа.

Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Х.Жаргал, Говь-Угтаал сумын Сум дундын эмнэлгийн дарга Нандин-Эрдэнэ нар мөн эмнэлгийнхээ үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар  танилцуулан  мэдээлэл өгөв.  

Дэд сайд  Л.Бямбасүрэн  Нэгдсэн эмнэлгийн бүх тасгуудаар орж үйл ажиллагаатай танилцан өвчтөн болон ар гэрийнхэнтэй уулзаж, эмнэлгийн үйлчилгээний талаарх санал сэтгэгдлийг сонслоо. Энэ үеэр Тасгийн эрхлэгч нар тасгийнхаа үйл ажиллагаа, онцлогийг   танилцуулан дэд сайдын сонирхсон асуултад хариулт өгч, зөвлөгөөг нь сонссон юм.  Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд хийгдэж буй цусны салбар төвийн барилгын засварын ажилтай танилцлаа. Энэ төслийн шугамаар 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгджээ.

Ханиад томуугийн дэгдэлт ихтэй дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллалаа.

Энэ үеэр дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагуудын зүгээс тус эмнэлгүүдээр үйлчлүүлж буй иргэдийн эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалтын тухай цаг үеийн мэдээлэл өгсөн юм.

Энэ сарын 06-ны өдрийн мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байгаа юм. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4 хувь, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2 хувь, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9  хувиар хэтэрчээ. Насанд хүрэгсдийн орны 26 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргажээ.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчин эмгэг, осол гэмтэлд хүргэж буй нийгэм, эдийн засаг, орчны хүчин зүйлээс сэргийлэх, шалтгаан, үр дагаврыг арилгах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхээр ажиллаж ирсэн юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр  тус төвийн хамт олонтой уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан, нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх арга зам болон бодлогын түвшинд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.

НЭМҮТ нь 70 эрдэм шинжилгээний ажилтан, 20 эрдэмтэн доктор, 20 захиргааны нийт 110 ажилчидтайгаар “НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ” ажиллаж байна.

 
Эрүүл мэндийн дэд сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчидтай уулзалт зохион байгууллаа. Тэрээр уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамнаас баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулан, тэдний асуултад хариулт өгч, саналыг нь сонссон юм.

 Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од аймгийнхаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцууллаа. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Уранцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цэцэгмаа нар мэдээлэл өгөв.

БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр шинэ төсөл боловсруулж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр  Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар саналыг сонслоо. Тухайлбал, тус зөвлөлийн гишүүд БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлж буй Глобаль сангийн төслийн хугацаа энэ оноор дуусгавар болж байгаатай холбогдуулан Шилжилтийн үеийн төлөвлөгөө боловсруулж, Глобаль сантай байгуулсан гэрээний заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа хэллээ. Түүнчлэн Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 2018-2020 онд хэрэгжих “ДОХ, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх” төслийг боловсруулахад анхааран ажиллаж буйгаа дуулгасан юм.

 Уулзалтын үеэр сайд “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байгаагаа хэлээд, тус сангийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, бодлогын түвшний ажлуудад зарцуулдаг байхыг хүслээ.

“Алтан донор” 153 удаа цусаа бэлэглэжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэхүү өдрийнхөө хүрээнд санаачлага гаргаж цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг  “Цусны донорын өдөр” болгож буйгаа зарлалаа.  Жил бүрийн  6 дугаар сарын 14-нд “Цусны донорын дэлхийн өдөр” тохиодог бол манай улсын хувьд анх удаа ийм өдөртэй болж байгаа юм.
Энэхүү өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй 3 донорыг “Хүрэл донор”, 100-гаас дээш өгөлттэй 1 донорыг “ Мөнгөн донор”, 150-иас дээш өгөлттэй 1 донорыг  “Алтан донор”-оор тус, тус өргөмжилж алдаршуулав.

 

Он солигдох мөчид улсын хэмжээнд 121 хүүхэд мэндэлжээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд Эрүүл мэндийн яам хариуцлагатай жижүүр ажиллуулж 11-323002 дугаар утсаар 21 аймаг, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас тогтмол мэдээ авч, шаардлагатай үед арга зүйгээр ханган ажиллалаа.

Дээрх 4 хоногийн хугацаанд салбарын хэмжээнд түргэн тусламжийн 22694 дуудлага хүлээн авснаас 1355 нь осол гэмтлийн, 374 нь төрөлттэй холбоотой, 207 нь хоолны болон архины хордлоготой холбоотой дуудлага байв. Нийслэл хот, аймаг орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгаар нийт 19339 хүн үйлчлүүлжээ. Мөн улсын хэмжээнд 867 эх амаржиж үүнээс гэрийн төрөлт 6, эмнэлэгт 859 хүүхэд төрсөн бол 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 121 хүүхэд мэндэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39735
0 эможи
keyboard_arrow_up